“Эзэнгүйдсэн” 21 мянгаа хэнээс нэхэмжлэх вэ
Сүхбаатар дүүргийн зарим иргэдээс 21 мянгаа нөхөж авч чадахгүй байна гэсэн гомдол ирсэн юм. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хүний хөгжил сангийн нягтлан Б.Батжаргалаас тодрууллаа.
-Иргэдээс хүний хөгжил сангийн мөнгөө аваагүй гэсэн гомдол их байна?
-Зургаан сараас хойш төрсөн хүүхэд болон тухайн үед нь дугаарлаж мөнгөө авч чадаагүй хүмүүс бий. Тэд санхүүжилт орж ирэхээр мөнгөө авна.
-Санхүүжилт хэзээ орж ирэх вэ?
-Тодорхойгүй байна.
-Одоогийн байдлаар танай дүүргээс хэчнээн хүн хүний хөгжил сангийнхаа мөнгийг аваад байна?
-Бараг 80-аад хувь нь мөнгөө авчихсан.
-Танай дүүрэг мөнгөө ямар банкаар өгдөг вэ?
-Эхлээд “Капитал” банкаар өгдөг байсан. Сүүлд нь “Хадгаламж”, “ХААН” банкаар өгөх болсон. Гэхдээ ихэнх иргэд маань Капитал банкаар дамжуулан авдаг учраас орж ирсэн санхүүжилт нь хүрэхгүй дуусчих тохиолдол бий. Бид манай төвд ирсэн хүний хөгжил сангийн мөнгийг гурван банкдаа ижил хуваан, тараадаг.
“Капитал” банкнаас энэ талаар тодруулахад “Санхүүжилт орж ирээгүй, хэзээ орж ирэх нь тодорхойгүй” гэсэн хариуг өгсөн юм. Харин хаалган дээрээ “Халамжийн газар тарсан тул бүх төрлийн халамжийн санхүүжилт хэзээ орж ирэх нь тодорхойгүй байна” гэсэн бичгийг өчигдрөөс эхэлж наасан байна. Тус банкаар дамжуулан Сүхбаатар дүүргийн IX, X, XIII, XV, XVIII, XIX, XX хорооны иргэд 21 мянгаа авдаг аж. Банкаар үйлчлүүлэх иргэд бухимдалтай, мөнгөө авч чадахгүй нь гэж уурлацгаав. Сүхбаатар дүүргийн X хорооны иргэн Ц.Цогтбаяр “Мөнгө авахгүй хулхидуулсан юм байна.Тухайн үед хэдэн хоногоор ч хамаагүй дугаарлаад мөнгөө авдаг байж. Дараа нь нөхөж олгоно гээд байхаар нь итгэсэн юм. Гэтэл энэ нь худлаа байж” хэмээн ундуйцав. Энэ мэт хүний хөгжил сангийнхаа мөнгийг авч чадаагүй иргэд олон.
Иргэд cap бүрийн 15-нд банкны гадаа “жагсч”, бухимддаг байсан цаг өнгөрөгч зургадугаар сараар дуусгавар болсон. Cap бүрийн 15-наас хойш дүүрэг, хороо бүрийн банкны гадна дуусашгүй их дараалал үүсч, зарим нь өглөө эртлэн, шөнийн дөрвөн цагт ирж, банк нээгдэхийг хүлээдэг жишиг тогтчихсон байлаа. 21-дээ оочерлосон хөгшдийн бие муудаж, даралт нь ихсэх нь энүүхэнд. Өөрөөр хэлбэл, монголчууд 21 мянган төгрөгтөө хэтэрхий уусан шингэж, cap бүр хэдхэн цаасны төлөө үхэн хатан дараалал үүсгэдэг байсан. Харин эрүүл мэнд, цаг хугацаа, нойроо хугаслан мөнгөний “жагсаал”-д ороогүй иргэд хэзээ мөнгөө авах нь “таавар” болжээ. Ээлжит сонгууль ирж, өмнөх сонгуулиар амласан 21 мянган төгрөгийн хугацаа дуусгавар болж, мөнгөө авч чадаагүй хүмүүсийн мөнгө сураггүй болсон гэлтэй. Үүний нэг жишээ нь банкны хаалган дээр наасан бичиг. Дахин сануулбал, “Халамжийн газар тарсан тул бүх төрлийн халамжийн санхүүжилт хэзээ орж ирэх нь тодорхойгүй байна”.
“Хувь хишгээ цаг тухайд нь авч чадаагүй иргэдийн мөнгийг яагаад бүрэн олгохгүй байгаа талаар тухайн үед Сангийн яамны “Хүний хөгжил сан”-гийн ажлын албаны дарга О.Хуягцогтоос тодруулахад “Ер нь иргэдэд олгох мөнгө бүрэн очсон байх ёстой. Яагаад гэхээр cap бүр 2.8 сая хүнээр тооцож санхүүжилтийг хийдэг байсан” гэж ярьж байсан. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас мөнгийг ирсэн хэмжээгээр нь хувиарласан гэнэ. Харин сангийн яам нь 2.8 сая хүнээр бодож, санхүүжилт хийсэн гэнэ. Гэтэл өнөөдөр хүний хөгжил сангийн мөнгөө аваагүй иргэд гомдол гаргасаар байгаа юм.
Э.ЭНХЦОЛМОН
Эх сурвалж:”Нийгмийн толь”
URL: