Унааны түгжрэл ч яамай, улстөрийн түгжрэл л хэцүү
УИХ-ын болон нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болж, төрийн болон нийслэлийн эрх мэдэл Ардчилсан нам талдаа шилжсэн. УИХ-д хамгийн олон суудал авсан АН омогшин гайхуулж, хүчтэй сөрөг хүчнээ хүлээн зөвшөөрөхгүй, бүлэг байгуулах эрхийг нь хязгаарлан, гишүүдийнх нь саналыг төрийн бодлогод тусгахгүйгээр асуудлыг шийдвэрлэх гэж мугуйдлан зүтгэж байгаад олон нийт илт дургүйцэх боллоо.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хувьд АН үнэмлэхүй олон суудалтай учраас УИХ-аас урьтаад эмх цэгцэндээ орж, ажил үйлсээ хэвийн явуулаад эхэлжээ. Нийслэлийн замын хөдөлгөөнийг цэгцлэх цогц ажлыг өрнүүлсний үр дүнд замын түгжрэл арай багасч, нийтийн тээврийн хэрэгслийн хурд нэмэгдлээ.
Харамсалтай нь, улстөр түгжирч, зөрүүд хүүхдүүд шиг улстөрийн хоёр гол нам буруу харж сууснаас улс орны хэмжээнд шийдвэрлэх олон асуудал мухардалд орж болзошгүй байна. Олонх байх сайхан. Гэхдээ цөөнхөө хүндэтгэдэг байвал бүр сайхан.
Харамсалтай нь, улстөрийн соёлгүй, атаа хорсолдоо хэт автсан олонх цөөнхөө улстөрийн тавцангаас бүр мөсөн арчих гэж улайран зүтгэж эхэллээ. АН-ынхан өөрсдийн хяналтад байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан МАН-ыг янз бүрээр гүтгэн доромжилж байгааг 250 гаруй мянган гишүүн, дэмжигчид нь зүгээр хараад суухгүй гэдгийг тэд мэдмээр л юм.
АН-ынхан жагсаал цуглаан хийхээр шударга ардчилалтай болдог, МАН-ынхан жагсаал цуглаан хийхээр хууль бус, төрийн эрхийг авах гэж санаархсан болдог өнөөх л улиг болсон цуу дуулианы аргаар хүчийг нь сарниулна гэвэл бүтэхгүй биз ээ.
“Хэрэв болохгүй бол УИХ дахь МАН-ын гишүүд бүрэн эрхээсээ татгалзаж, гудамжинд гарч тэмцэл өрнүүлэхээс өөр аргагүй боллоо” гэж МАН-ын удирдлагын зүгээс мэдэгдэл гаргаад байна. Үүнд АН-ынхан хууль эрх зүйн хувьд хялбархан гарц олоод, ор гарсан суудлыг хэрхэн яаж нөхөн бүрдүүлэх талаар Сонгуулийн Ерөнхий хорооныхонтой сэм хэлэлцээд эхэлсэн сурагтай. Ингэж төр засгийг бүрдүүлэх ажлыг сонгуулийн үр дүнгээр биш сэм хуйвалдаанаар дахин хийх гэж оролдвол МАН-ынхан зүгээр суухгүй нь ойлгомжтой.
Ямар ч гэсэн эхний ээлжинд тавьсан шаардлагыг биелүүлтэл УИХ-ын чуулганд оролцохгүй байх чиглэлийг МАН-ынхан баримталж байна. Цаашилбал улстөрийн шат дараалсан арга хэмжээ авахаар ярилцаж байгаа сурагтай.
Энэ янзаараа улстөрийн түгжрэл улам нэмэгдэж магадгүй. Тэр хооронд юмны үнэ тэнгэрт хадаж, засаг төргүй юм шиг замбараагүй үйлдэл газар авч эхэллээ.
Унааны түгжрэл ч яамай, улстөрийн түгжрэлийг л арилгахгүй бол хоосон ходоод, дүүрэн бухимдалтайгаар хотын төвөөр шулуун давхиад ч яах юм билээ.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: