Би хүүхэддээ вакцин хийлгэмээргүй байна, сайд аа
-“ГАРДАСИЛ” НИЙГМИЙН СЭТГЭХҮЙГ ДАХИН ЧИЛЭЭХ БОЛОВ-
Гардасил гэгч үл мэдэгдэх “оноштой” вакцин нийгмийн сэтгэхүйг дахин чилээх боллоо. Учир нь энэ сарын 10-наас эхлэн уг вакцины гурав дахь тунг хийж эхэлсэн. Уг дархлаажуулалтыг хийж эхлэхээс өнөөг хүртэл сөрөг мэдээлэл олонтаа цацагдан, үүнд нь иргэд төөрөлдөж, вакцинд хамралт эхний тунг бодоход буурсан гэх мэдээллийг холбогдох албанаас гаргаад буй. Тэр ч бүү хэл зарим сургуулиуд энэхүү вакциныг хийлгэхгүй бол хичээлд суулгахгүй гэсэн “тушаал” гаргажээ. Харин эцэг, эхчүүд үнэн худал нь үл мэдэгдэх энэхүү мэдээллүүдэд яахаа мэдэхгүй шаналж сууна.
Ямартай ч өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн хүний хөхөнцөр вирусын эсрэг гурван тунт вакциныг умайн хүзүүний хавдрын өвчлөл өндөр гардаг Баянгол, Багануур дүүрэг, Сэлэнгэ, Өмнөговь аймгийг сонгон 11-15 насны охидод эхний хоёр тунг хийгээд байсан. Мөн ХӨСҮТ-д сайн дураар уг вакцинд хамруулж байв. Харин гурав дахь тунг хийлгэх нь зөв үү гэдэгт Эрүүл мэндийн сайд та албан ёсоор хариулт өгч, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэгтээ эзэн болно уу.
Учир нь энэхүү вакциныг дэлхийн 100 гаруй оронд хэрэглэхийг, 50 орчим улсад сурталчилгаа хийхийг нь хориглосон мэдээлэл дэлхийн олон орны цахим хуудсанд өртөөлж буй юм. Гэтэл ЭМЯ, ХӨСҮТ-өөс гардасилаас болж ямар нэгэн эрсдэл үүсвэл хариуцлагыг нь хүлээнэ гэдгээ мэдэгдсэн нь одоо ч хэвлэлийн шар хуудаснаа архивлагдан үлджээ. Түүгээр үл барам манай эрүүл мэндийн төлөөллүүд уг вакциныг ДЭМБ хүлээн зөвшөөрсөн гэдгийг дуу нэгтэй хэлж байна. Гэтэл бодит байдал дээр энэ бүхэнд эргэлзээгүй нотолгоо нэгийг ч хэлж чадахгүй байгаа нь бас л бодууштай. Учир нь тухайн вакциныг үндэснийхээ аюулгүй байдлын төлөө дотооддоо шинжилж, хянах багаж төхөөрөмж манай улсад байдаггүй аж.
Тэгэхээр энэхүү вакцины үүсэл гарлын талаар дэлхийн цахим хуудсанд төдийгүй манай улсын урдаа барьдаг эл салбарын эмч, мэргэжилтнүүд дараах тайлбарыг өгч буй юм. Тодруулбал, 2006 онд АНУ-д зөвшөөрсний дараа үйлдвэрлэгч “Мерк” компаниас “Охиныхоо амь насыг хамгаалахыг хүсвэл гардасил вакцин хийлгэ” гэсэн уриа, сурталчилгааг хүчтэй явуулж эхэлжээ. Ийнхүү 2007 он гэхэд “Мерк”-ийн мэдээлснээр 80 орон тус вакциныг хийхийг зөвшөөрсөн гэдэг. ”Мерк” бол хувийн компани. Удалгүй энэ вакцинаас гаж нөлөө илэрч охид, бүсгүйчүүд нас барсан тохиолдол гарч янз бүрийн байгууллага, хохирогч эх эцэг, олон нийтийн зүгээс вакцины эсрэг мэдээ баримтуудыг цуглуулсан байна. Харин эдгээр баримт мэдээллийг АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар болон Өвчний хяналтын газраас 2011 оны есдүгээр сарын 15-ны байдлаар Америкт 40 гаруй сая тун гардасил тараасан бөгөөд дээрх бүртгэлийн системд 20096 хүнд гаж нөлөө илэрснийг тэмдэглэжээ. Гэхдээ ихэнх хүнд хөнгөн, дунд ба хүнд хэлбэрийн гаж нөлөө илэрсэн аж. Мөн гардасил хийлгэсэн 71 хүн нас барсан гэж мэдээлсэн байна. Зүй нь нас барсан хүмүүсийн 34 нь уг вакциныг хийлгэсэн байжээ. Гэхдээ тус вакцинаас болж нас барсан гэх нотолгоо одоо ч байдаггүй гэнэ. Юутай ч энэ мэтчилэн үл мэдэгдэх байдлаас үүдэн дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад энэхүү дархлаажуулалтыг хориглох болсон байна.
Ямартай ч хүн бүл цөөтэй манайх шиг бяцхан улс удам залгах үр хүүхэд, үндэстнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавих ёстой. Магадгүй бид баян орнуудын их хэмжээний ашиг орлогын төлөөх үйл ажиллагааны утсан хүүхэлдэй болж байгаа ч юм бил үү, хэн мэдэх вэ. Өөрсдийн гараар энэ вакцины “ид шидийг” бүрэн тогтоож, судлаагүй. Томоохон орнуудын санал болгосноор л цэцэг цэврүү шиг охидоороо итгэлцлийн үндсэн дээр туршлага хийж сууна. Гэтэл өндөр хөгжилтэй орнуудын балагаар дэлхий, байгаль орчин, хүн төрөлхтөнд засч болохооргүй хор хөнөөл учирсаар байгааг цахим ертөнц секунт алсгалахгүй өдөр бүхэн мэдээлсээр байна. Тэгээд ч манайх шиг эдийн засгийн хязгаарлагдмал боломжтой, бяцхан гүрэн дэлхийд хамгийн үнэтэй гэх гардасил вакциныг ийм зөрчилтэй мэдээллийн орчинд охиддоо хийж эхэлсэн нь эртэдсэн хэрэг байж болох шүү дээ.
Зүй нь энэ вакцины хор хөнөөл хожуу илэрдэг нь асуудлын цөм болж байна. Үүнийг эмч, мэргэжилтнүүд ч хэлэх болов. 390 ам.долларын гардасилыг 10 настай охинд хийхэд, ойрын хугацаанд хүндрэл гарахгүй ч хожуу үр дагавар нь илэрч, ялангуяа нөхөн үржихүйн хохирол амсч, үргүй болохыг хэн ч хэлж мэдэхгүй байна. Энэ талаарх мэдээлэл ДЭМБ-т ч бүртгэгдээгүй гэдгийг эрх биш сайд, дарга нар судлаа байлгүй. Ер нь тэгээд эмэгтэй хүүхэд 15 нас хүртлээ бэлгийн харьцаанд орохгүй гэвэл вакцин хийлгэх хэрэг байна уу. Нэгэнт л бүх насаар нь дархлаа тогтоож чадахгүйгээс хойш таван жилийн настай, ач холбогдол нь бүрэн тогтоогдоогүй зүйлээс болж хүүхдээ эрсдэлд оруулахыг хэн хүсэх вэ. Цаашлаад, төр засгийн шахалтгүйгээр төрсөн үрийнхээ хувь заяаг эцэг, эхэд нь даатгаад явдаг нь амьдралын алтан зарчим. Тэгээд ч энэ төрлийн вакциныг сайн дурын үндсэн дээр хийлгэх ёстой. Гэтэл нэр бүхий сургуулиудад “гардасилын дарамт” үүсгэж байгаа нь энэ Засгийн шинэчлэл мөн гэж үү. Нөгөөтэйгүүр, энэхүү дархлаажуулалтаар умайн хүзүүний хавдраар өвдөхгүй гэх баталгаа байхгүй. Ийм эрсдэлтэй хувь зохиолыг өсвөр насны 14 мянга 491 охиндоо хүлээлгэх хэрэг байна уу, сайд аа…
Магадгүй энэ вакциныг хийлгэх ёстой гэвэл дор хаяж, арав орчим жилийн дараа бусад орны үр дүнг ажиглаж байж шийдэх асуудал. Учир нь уг вакциныг бүтээгч “Мерк”-ийн үйлдвэрлэсэн өвчин намдаах “Vioxx” эм зүрх, судасны өвчний эрсдэлийг ихэсгэдэг нь 2004 онд батлагдсан тул зах зээлээс татсан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс баян орны “банк” болохгүйн тулд дэлхийд шинээр гарч буй вакциныг цөөхөн монголчууддаа турших хэрэгтэй юу гэдгийг дахин бодох хэрэгтэй. Тэгээд ч гардасил нь умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин биш. Энэ бол бэлгийн замаар арьснаас арьсанд халдварладаг хүний папилпом вирусын олон төрөл дотроос зөвхөн умайн хүзүүнээс гадна амны хөндий, анусын хорт хавдар зэргийг үүсгэхэд голлон нөлөөлдөг хоёр төрлийн вирусын эсрэг түр зуурын дархлаа тогтоох үйлчилгээтэй вакцин юм. Энэхүү тодотголыг би бус, вакциныг үйлдвэрлэсэн “Мерк” компани болон ДЭМБ-аас онцолсныг дэлхийн томоохон сайтуудад мэдээлжээ. Гэтэл олон нийтийн ойлгож буйгаар энэ тодотгол эсрэгээрээ байдаг.
Иймд сайд аа, үр дагавар нь бүрэн нотлогдоогүй энэхүү вакциныг яагаад Монголын цэцэг цэврүү шиг охидод тарив. Манайдаа тийм ч түгээмэл бус умайн хүзүүний хорт хавдрын эсрэг гэх ийм вакцин оруулж ирэх болсон шалтгаан нь юу байв гэдгийг анхааралдаа авна уу. Магадгүй энэ бүхний цаана хүний эрүүл мэндээр бизнес хийгдэж байгаа ч юм бил үү. Ямартай ч тойроод өнгөрөх асуудал биш юм.
О.МӨРӨН
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: