Англи улс руу үлэг гүрвэлийн ясыг үзэсгэлэн нэрээр гаргаж байжээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Нэмэгтийн хөндийгөөс олдсон байх магадлалтай “Трианнозавр батаар”-ын хэрэг АНУ-ын Нью-Йорк хотын давж заалдах шатны шүүх дээр гацчихаад байгаа билээ. Хэрвээ манай тал “Трианнозавр батаар”-ыг Монголын говиос олдсон олдвор, хилээр гарсан гэдгийг арав хоногийн дотор баталж чадахгүй бол АНУ-д үлдэх магадлалтай болоод байгаа аж.

Энэхүү үлэг гүрвэлийн ясыг Англиас АНУ руу гаргасан Кристопер Мор гэгч шүүхэд мэдүүлэхдээ “Трианнозавр батаар” бол хамтын бүтээл юм. Дэлхийн өнцөг булан бүрээс олдсон араг ясыг эвлүүлж байгаад бүтээснээс гадна зарим нэг тулгуур ясыг хуванцраар хийсэн. Эдгээр үлэг гүрвэлийн яс Япон улсын чөлөөт зах зээл дээр зарагдаж байхад нь худалдаж авсан” хэмээн   мэдүүлсэн гэнэ.

Энэ мэдүүлгээс үүдэн Нью-Йорк хотын шүүх шинэ нотолгоо шаардаж байгаа юм. Манай улсын талд өмгөөлөл хийж байгаа Роберт Пэнтэр болон эрдэмтэд Кристопер МорыгУлаанбаатар хотод хэд хэдэн удаа ирж байсныг нотлоод байгаа аж. Тэгэхдээ Англи улсын шинжлэх ухааны аяллын нийгэмлэгийн санхүүжилтээр Монголын говьд 2005, 2006, 2007, 2011 онд палеонтологийн томоохон малтлага хийж байсан байна. Энэ бүхэн нь баримтаар нотлогдоод байгаа гэнэ.

Дээрх малтлагыг МУИС-ийн доктор, профессор Алтангэрэлийн Пэрлээ удирдан зохион байгуулж байсан байна. Тэгэхдээ А.Пэрлээ нь МУИС-ийн багш оюутнууд бус “Чингис хаан” компанийн ажилчдаар малтлага хийлгэсэн гэх мэдээлэл ч олджээ. Мөн энэ хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хоригдож буй Б.Болортуяа нь Байгалийн түүхийн музейд үзмэр хариуцан ажиллаж байжээ.

Тэрээр Байгалийн түүхийн музейд ажиллаж байхдаа гадныхантай танилцан эрдэмтэн А.Пэрлээтэй холбож өгсөн гэнэ. Үүнээс нэг их удалгүй Англи улсын шинжлэх ухааны аяллын нийгэмлэгийн санхүүжилтээр эрдэмтэн А.Пэрлээ маш олон удаа малтлага хийж байжээ. Тэгэхдээ 49 нэр төрлийн үлэг гүрвэлийн араг яс давхцуулалгүйгээр нээж байсан байна. Тэгээд үлэг гүрвэлийн араг ясыг үзэсгэлэн нэрээр Англи улс руу гарган цааш нь дамлан зардаг байсан гэнэ. Энэхүү эрдэмтэд болоод үлэг гүрвэлийн ясны наймаачид оролцсон сүлжээг УМБГ-аас илрүүлэн шалгаж байна.

Т.ЭРДЭНЭ


”ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих