“Помогите нам-3” үзэгчдийн урмыг хугалав
Зурагтаа асаах бүрт л “Помогите нам-3” уран сайхны кино 3D-гээр гарч эхэллээ” гэсэн реклам гарч, “хорхой хөдөлгөөд” болдоггүй. Хөвсгөл нууранд хийгдсэн болоод ч тэр үү, үзэх хүсэл оргилж байв. Монголын хоёр дахь 3D киног Хөвсгөл нууранд хийж байна гэдэг мэдээг бүр зун сонсоод л байж ядаад байсан юм.
Ёстой л занаж байгаад өнгөрсөн амралтын өдөр үзэв. Харамсалтай нь хүсэн хүлээсэн зүйлээ арай гэж үзсэн миний урам хугарлаа. “Арай ч дээ, Монголд кино урлаг хөгжиж байгаа гэж үү” гэсэн бодол өөрийн эрхгүй төрөв. Өмнө нь кино шүүмжлэгчид монгол киног шүүмжилж байхыг зөндөө сонссон ч “Сайн, муу байлгүй л яах вэ” гэсэн сэтгэлээр ханддаг байлаа. Харин “Помогите нам-3”-ыг үзсэнээр огт өөр бодол тээх болов.
Уг нь хошин шогийн мастер МУГЖ Б.Батзаяа, “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдлийн захирал С.Лхагвасүрэн болон жүжигчин Б.Нямхүү, Б.Навчаа, М.Саранцэцэг, Р.Адъяа, Чапи, DZ-Man буюу Б.Дашзэвэг нарын олон түмэнд нэртэй, авьяастай, аагтай жүжигчид тус кинонд дүр бүтээжээ.
Кинонд үйл явдал гэхээр зүйл байхгүй, хэн ямар үйл явдалд тоглож, ямар дүр бүтээх гээд байгаа нь ч ойлгогдсонгүй. Өмнөх хоёр ангид нь галт тэрэгнээс хаягдаж, онгоцтойгоо цөлд унадаг бол энэ удаа Хөвсгөл нууранд усан онгоц живж, амь гарсан хүмүүс эзгүй арал дээр хаягдаж байгаа юм гэнэ.
Гэтэл киноны зураг авалтыг арал дээр биш, эргээс тасарсан хэсэгхэн сайран дээр хийсэн байлаа. Хөвсгөл нууранд арал мундсан биш дээ. Ядаж л УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн төөрч будилдаг, Модон хүй арал дээр зураг авалт хийхгүй дээ. Тэгсэн бол арай л үнэмшилтэй болох байсан юм.
“Zaya’sh” студийн найруулагч Ш.Даваадорж ерөнхий найруулагчаар нь ажиллаж, МУГЖ дуучин Т.Баясгалан продюсерлэсэн байх юм. Гэтэл найруулагчийн сэтгэл дутсан уу, ивээн тэтгэгчийн бэл бэнчин хүрэлцсэнгүй юу, кино гэж хэлэхэд хэцүү зүйл хийжээ.
Уран сайхны кино уран сэтгэмжид тулгуурлаж бүтээгдэх ёстой гэж би ойлгодог. Харин энэ кинонд тийм зүйл нэгээхэн ч ажиглагдсангүй. Зүгээр л “Помогите нам” киноныхоо үргэлжлэл болгож, хэдэн жүжигчнээ хаана төөрүүлэх вэ л гэсэн өчүүхэн бодолдоо “баригдаж” хийсэн мэт.
Эхний анги дээр нь галт тэрэг тасарсан бол хоёрдугаар ангид онгоц сүйрдэг. Үүний үргэлжлэл болгож нууранд живүүлсэн нь энэ аж. Энэ киноны анхны анги нь сайхан болсон ч хоёр дахь нь жаахан тиймэрхүү хийгдсэн. Харин гурав дахь нь ёстой “хөгийн” санагдлаа. Тэр тусмаа 3D кино гэдэг утгаараа дүрс, үйл хөдлөл нь энгийн киноноос арай өндөр чанартай байх ёстой болов уу. Гэтэл үзэгч надад 3D кино үзэж байгаа ямар ч мэдрэмж төрөөгүй.
Ямартай ч хүсэн хүлээсэн киногоо үзээд найруулагч Ш.Даваадоржид гомдох ч шиг, уур ч хүрэх шиг болов. 3D учраас нэг хүн 7000 төгрөг төлж үзнэ. Харин миний хувьд хоёр найзыгаа уруу татаж үзсэн болохоор 21000 төгрөг төлсөн. Гэтэл ийм зүйл үзүүлсэнд үнэхээр бухимдаж, гоморхож билээ. Найруулагч Ш.Даваадоржоос үзвэрийнхээ мөнгийг нэхмээр санагдсан шүү.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: