Д.Тэрбишдагва: МАХН цөөхөн хэдхэн олгиархийн уршгаар хоёр хуваагдсан

Өнөөдөр 12 цагаас МАХН-ын төв байранд МАХН-ын 300 гишүүн гишүүнчлэлээ сэргээх үйл ажиллагаа боллоо. Уг үйл ажиллагаанд МАХН-дэд дарга, УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва, МАХН-ын ЕНБД Г.Шийлэгдамба, МАХН-ын НБД, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан, МАХН-ын НБД, УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Л.Цог, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын 300 гаруй хүн оролцсон юм.

Ёслолын ажиллагааг нээж МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва хэлсэн үгэндээ: Өнөөдөр МАХН-ын хувьд нэгэн чухал үйл явдал болж байна. Энд цуглаад байгаа манай гишүүд ямар нэгэн байдлаар шинээр элссэн зүйл байхгүй ээ. Харин МАХН-ынхаа уугуул үнэмлэхээ гишүүнчлэлээ сэргээж байна. Би гишүүнчлэлээ сэргээсэн хүмүүсийн өргөдлийг харж байхад 60-70 хувь нь залуучууд байсан. Бусад гишүүдийнхээ түүчээ нь болж ирсэн эдгээр хүмүүсийн араас маш олон гишүүд маань ирж гишүүнчлэлээ сэргээнэ гэдэгт би итгэж байна. МАХН болвоос УИХ-д 11 суудалтай, бүлэгтэй, засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан Монголын ард түмнийхээ итгэлийг хүлээсэн улс төрийн том нам. Энэ нам чинь та бүхнийгээ халуун дотноор хүлээн авч байна гэв. Үүний дараа МАХН-ын ЕНБД Г.Шийлэгдамба үг хэллээ. Би МАХН-ын ЕНБД-ын ажлыг хүлээж авсныхаа дараахан ард түмэндээ, улс төрийн намуудад хандсан уриалгыг гаргасан. Уг уриалгын дагуу маш олон хүмүүс бидэнтэй холбогдож, намынхаа үйл ажиллагаанд оролцож дэмжиж ажиллахаа мэдэгдсэн. Өнөөдрийн энэхүү үйл явдал ч бас тэрхүү уриалгын дараа болж буй томоохон давалгаа боллоо. Намынхаа гишүүнчлэлийг сэргээж ирсэн та бүхэндээ баярлалаа. Та бүхний араас манай намын мянга мянган гишүүд гишүүнчлэлээ сэргээх болно гэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: МАХН маань толгойдоо байсан цөөхөн хэдхэн олгиархийн уршгаар хоёр хуваагдсан. 90 жилийн түүхтэй энэ том нам маань энэ байдлаараа удахгүй нэгэн цул болно. МАН-ын толгойд байгаа цөөхөн хэдхэн олгиархиуд гарын хуруунд багтах тэдгээр хүмүүс байхгүй болох үед МАН, МАХН маань МАХН гэсэн нэрийнхээ дор эргэн нэгэн цул том хүчин болно гэлээ.

Өнөөдрийн арга хэмжээд МАН-ын бага хурлын гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн, хуулийн дагуу улс төрийн намын харъяаллаас түдгэлзэн төрийн албан хаагчаар ажиллаж  байсан МАХН-ын гишүүд, Нийслэл, Дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгчид, тухайлбал Усны газрын дарга Батбаяр, МАН-ын Ёсзүйн хорооны гишүүн О.Даваасүрэн, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны гишүүн Дашдорж нарын МАН-ын жирийн гишүүдийн төлөөлөл болсон нийт 300 шахам хүн оролцож, уугуул намынхаа харъяалал бүхий  гишүүнчлэлээ сэргээлээ.

zuun.mn


URL:

Сэтгэгдэл бичих