“Цагдаагийн байгууллагын албан хаагчдын харьцааны соёл” аян өрнөж байна

Нийслэлийн цагдаагийн газраас “Цагдаагийн байгууллагын алба хаагчдын харьцааны соёл” нэг сарын аяныг энэ сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд  зохион байгуулан ажиллаж байна.

Энэ аян нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны стандартын хэрэгжилтийг эрчимжүүлж алба хаагчдын мэдлэг мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харьцааны соёлын түвшинг шинэ шатанд гаргаж тэдний ёс зүйг өндөржүүлэх ажлыг шинэлэг арга хэлбэрээр үр дүнтэй зохион байгуулах зорилготой юм.

Өнгөрсөн бямба гарагт Нийслэлийн цагдаагийн газраас харъяа дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн дэд дарга нар болон Эрүүгийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Хэрэг бүртгэх тасаг, Хэв журмын тасгийн дарга нарт “Харьцааны соёл, сэтгэлгээний эерэг хандлагыг төлөвшүүлэх нь” сэдэвт  сургалтыг Леди төвийн багш нартай хамтран зохион байгууллаа.

Сарын аяны хүрээнд  2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн газрын харъяа цагдаагийн газар, хэлтсийн дарга нарт, 2012 оны 9 дүгээр сар 20-ны өдөр дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн шуурхай алба, эрүүлжүүлэх байрны алба хаагчдын дунд гэх мэтээр цаашид сургалтууд үргэлжлэн зохион байгуулагдах юм байна.

Сургалтыг шинэлэг, илүү иргэнлэг хэлбэрээр энгийн байгууллага дээр энгийн хувцастай, ажлын онцлог мэргэжлийн чиглэлээр нь хэсэгчилэн, харилцааны соёлын талаар олон жил сургалт явуулж дадлага туршлагатай болсон багш нар лекц унших юм байна.

Мөн дан ганц сургалт явуулаад өнгөрөх бус сургалтаар олж авсан харьцааны соёлын  мэдлэгээ цаашдын өдөр тутмын ажил, үйл ажиллагаандаа мөрдлөг, хэвшил дадал болгох үүрэг чиглэл өгч Нийслэлийн цагдаагийн газраас явуулсан сургалт, өгсөн үүрэг чиглэлийнхээ хэрэгжилтийн явц байдалд хяналт тавьж ажиллах юм Нийслэлийн цагдаагийн газрын ОНХГ-аас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих