Ичих нүүрэндээ илэг бүү наа

Нэлээд олон жилийн өмнө болсон явдал. Нэгэн дээд сургуулийн захирал багш нартайгаа юм үзэж, нүд тайлахаар барууны нэгэн оронд очжээ. Тэдний дотор тухайн ард түмний хэлээр байтугай түгээмэл гадаад хэлээр ярьдаг хүн байсангүй. Онгоцноос буунгуут хэл мэдэхгүйн зовлонг амсч, ичиж улайж эхлэв. Хүлээн авагч тал нь орчуулагч гарган өгснөөр эвгүй байдал, ичгүүрийн зовлонгоос түр ч болов ангижирчээ. Тэдэнд үйлчилж байсан хүн гэртээ хоолонд урив. Хоол идчихээд явах болсон чинь жолооч нь байдаггүй, харин машиных нь түлхүүр нь байж. Хэн нэг нь машинаа бариад явчих, жолоочийг ирэхээр машиныг нь авахуулчихъя гэж гэрийн эзэн хэлэв. Тэдний дунд машин жолооддог хүн байсангүй, зочилсон айлын арав гаруй настай охин би хүргээд өгье гээд машиныг жолоодон явжээ. Энэ үед бид ичиж зовох нь байтугай бүр нүдний булай болсон. Эх орондоо буцаж ирэнгүүт хүн бүрт түгээмэл гадаад хэл үзэх, машин барьж сурах үүргийг захирал бидэнд өгч билээ гэж миний танил хуучиллаа.

Мэдэхгүй, чадахгүйгээсээ ичиж зовно гэдэг улаан нүүрээ хийх газаргүй болдог муу муухай явдал мөн боловч, ичиж зовох мэдрэмж нь алга болчихоогүй байнаа гэдэг нь сайн сайхан хэрэг мөн билээ. «Ухаалаг хүмүүсийн мөн чанарт өөрийн төгөлдөр бусыг мэдрэх авьяас билиг суусан байдаг. Ийм учраас байгаль бидэнд ичимхий занг, өөрөөр хэлбэл төгөлдөр бусынхаа өмнөөс ичих мэдрэмжийг заяажээ» гэж ухаантан хэлсэн байна.

Өмсөж яваа нөхөөстэй дээл, маажгий гуталнаасаа ичих хэрэггүй. Харин эрдэм боловсролоос дөлсөн тэнэгдүү царай, эрхэлсэн ажилгүй тэнэмэл амьдралаас бол ичих хэрэгтэй. Боломж бололцоогүйгээсээ ноорхой хувцас эгэлдэргэлж, цоорхой гутал чирж яваа нь ичингүйрэх шалтгаан биш, бололцоо байсаар байтал эрдэм номд шимтээгүй, ажил хөдөлмөрт шамдаагүй чинь л нүүрээ хийх газаргүй ичих шалтгаан. Японд нэг содон хүнтэй уулзаж билээ. Ядуу гэр бүлд өлсөж өссөн, өөрийн хүчээр өөрийн ертөнцийг цогцлоосон нэгэн. Хээ шаагүй хувцасласан, хээ шаагүй яриатай эр. Хөлөө жийн буйдан дээр суусан түүний гутлын ханзархайн завсраар хөлийн эрхий хуруу нь үе үе булталзана. Японы тэргүүн зэргийн зуу гаруй эмнэлгийн сүлжээний эзэн тэр хүн уранхай гутлаасаа ичиж буй шинж алга. Харин ямар их зовлон бэрхшээл туулж боловсрол эзэмшин, удирдах зохион байгуулах аргад өөрөө хичээн суралцаж амжилт олсон тухайгаа бахархалтай ярина. Түүнийг харж, сонсонгоо Японы гайхамшгийг бүтээгчдийн нэг, тэргүүлэх баячуулын толгой хэрд жагсагч нэгэн эрхэм ханзарч урагдсан улавчаа цавуутай гялгар цаасаар наачихаад хэнэг ч үгүй алхдаг байсан тухай уншиж байснаа саналаа. Тэдний хувьд цоорхой, ханзархай гутал ичих шалтгаан огтоос биш ажээ. Тэд өлөн зэлмүүн амьдралтай, уранхай цоорхой гуталтай байхдаа мэдэж чадахын төлөө тов тодорхой зорилго өмнөө тавин хичээн зүтгэж, хийж бүтээхийн оргил өөд итгэл төгс тэмүүлэн санасандаа хүрч, хэний ч өмнө ичиж улайхгүй нүүр бардам байх алдрын тавцанд өөрсдийн хүч хөдөлмөрөөр мацан гарч чаджээ. Монголын залууст эдэнтэй эгнэх хэмжээнд очдоггүй юмаа гэхэд амьдралаа хангалуун сайхан аваад явчих боломж үргэлж нээлттэй. Гагцхүү эзэн хичээвэл заяа хичээдэг хувь тавилан л та нарыг тосон хүлээж байгааг битгий мартаарай.

Хүмүүс дутуу гуцуугаасаа ичдэг. Дутуу гуцуугаасаа ичиж сууснаас дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэхийг л хичээх хэрэгтэй. Ичимхий зан зохихгүй хүн байхгүй, бүхэнд зохино. Хэзээ ч, ямар ч нөхцөлд ичимхий зангаа хаяж гээж, алдаж үрэгдүүлж болохгүй. Яагаад гэвэл «алдагдсан ичгүүр эргэж ирдэггүй» юм. Ичих нүүргүй бол хэчнээн ухаантай боловсролтой, хэдийчинээ их бэл бэнчинтэй байгаад хол явахгүй, бусдын хүндлэл хүлээхгүй. «Ичгүүрээ алдсан хүнийг үхсэнд тооцох хэрэгтэй» гэж мэргэн хүний хэлсэн хатуу үг ч байна. Өөрөө үйлдсэн буруу бусармаг үйлдэл, нүгэл хилэнц бүхнээсээ ичих ёстой боловч үйлдэхээсээ өмнө ичиж зовон нүгэл хилэнц, буруу хазгайг тэвчиж, сэтгэл цэвэр үлдэх нь хавьгүй дээр. Өөрийн нүглийг хэрхэвч мартаж болохгүй. «Өөрийн нүглийг мартах нь ичгүүр сонжуургүй байдлыг төрүүлдэг». Өнгөн дээрээ хуурамчаар инээх мөртлөө өрцөн дороо өс санаж муу муухайг бодон шазуур зууж явдаг хүн сэтгэлээр үйлдэх нүглээсээ бүр их ичих ёстой. Гаднаа гяланцаг мөртлөө дотроо паланцаг байдлаасаа илүү их ич. Өмдгүй байж өвдөг цоорхойг шоолов гэдэг шиг өөрөө ичгүүрт үйлийн тулам болсон байж өрөөл бусдыг ичиглэн шоолох нь илүүц. «Хүн хэдийчинээ ичимтгий байна, төдийчинээ хүндэтгэл хүлээдэг» юм.

Ичих нүүрэндээ илэг бүү наа. Ичих нүүрэндээ илэг наагчид нэг бол шулуундаа гарсан луйварчин, аль эсвэл жигшүүрт явдлыг үйлдэгч, үгүй бол гэмт хэрэгтэн болоход тун ойрхон очсон байгаагаа хожимдоогүй дээрээ ухаарах хэрэгтэй. «Ичих нүүрэндээ илэг наасан хүмүүс рүү харах нь зодуулж нүдүүлсэн хүмүүс рүү харахаас илүү аймшигтай». Нэгийг хэлээд нөгөөг хийдэг, ам ажил хоёр нь алд дэлэм зөрдөг хүний ичих нүүр нь сайртсан байдаг. Бурханы дүртэй амирлах хэрнээ бузрыг үйлдэн зовлон таригчид ичих нүүрээ ширлэсэн мэт аашилна. Худалч хүмүүсийн ичих булчирхай нь хатсан мэт, улаан нүүр рүү харж байгаад улайм цайм худал хэлнэ, хуурч мэхлэнэ. Худал үг, хуурмаг дүртний илбийн үг, элдэвтэй үйлдэлд хууртан мэхлүүлж, алдсан хойноо амаа барихгүйн тулд тэдэнтэй ойртож орооцолдох хэрэггүй.

Өөрийн буруу бүхнээс ичих мэдрэмжээ өчүүхэн ч болов сулруулахгүй байж чадвал хэзээд бусдын өмнөөс эгц харах эрхтэй хэвээр үлдэнэ. Буруугаа мэдрэн ичих нь хүнээрээ байгаагийн шинж, буруугаа хүлээхгүй бух шиг зүтгэх нь буруу замаар будаа тээж яваагийн шинж. «Өөрийнхөө буруу хэргээс ичдэггүй хүн хоёр дахин буруутай». Ийм хүн бусдын өмнөөс эгцлэн харж чадахгүй гөлөлзөнө. Ичих нүүрэндээ илэг наасан хүний буруугаасаа ичих мэдрэмж нь хатаж ширгэсэн байна. Буруу үйлдэл хийжээ, хэлэхгүй үг хэлжээ гэдгээ мэдэрч, түүнээсээ ичиж байгаа хүн хир толбогүй ёс суртахуун, хэний ч өмнө нүүр бардам журамт байдал руу тэмүүлэх хүсэл тэмүүллээ хадгалж байгаа сайн хүн. «Ичиж улайх чадвар бол хүний бүх шинжүүдээс хамгийн өвөрмөц бөгөөд хамгийн хүмүүнлэг шинж байдаг». Хүн бүхэнд зуршил болсон зүйлс бий. Тэдэн дотор муу зуршил цөөнгүй. Тэрхүү зуршлууд нь амаа ангайж хоол идэх, хөлөө зөөж алхахтай адил цаг тутам давтагдаж, өөрөө түүнийгээ үл анзааран, хэвийн зүйл мэтээр дадал болсон байдаг. Үг яриагаа хараалын болон бусад бузар үгсээр хачирлан тодотгож ярьдаг, яг л олны нүдэн дээр хамраа ухаж суугаа хүн шиг буруу зуршилтай хүмүүс бий. Хүмүүс муухай үйлдлээсээ ичдэг хэрнээ муухан зуршлаасаа ичдэггүй нь сонин. Муу үйлдэл хийчихээд дотроо шаналан зовдог бол зуршил болсон муухан үйлдлээсээ хэзээ ч дотроо гэмшдэггүй. Муу зуршил өөрт мэдэгдэж анзаарагдахгүй хэрнээ хөндлөнгийн хүнд тун содон анзаарагдаж, ичгэвтэр үйл үйлдэгдэж байгаа нь ив ил, тов тод харагдана. Чамд хоногшин хэвшсэн муухан зуршлыг сэтгэл гарган, санаа тавин хэлж өгч байгаа ойрын хүмүүсийнхээ чин сэтгэлийн үнэн үгийг нэн анхааралтай сонс, бусдад ичгэвтэр харагдаж байгаа зуршлаасаа салахад чинь тустай.

Ичгүүр нь хүний ёс суртахууны бичигдээгүй хууль билээ. Ичгүүр хэмээх энэ хүчирхэг хууль өөрийгөө хүндэтгэдэг, бохирлогдоогүй тунгалаг ёс суртахуунтай бүх хүнд түгээмэл, хэний ч албадлагагүй, зөнгөөрөө үйлчилнэ. «Ичгүүр нь хуулиар хориглоогүй зүйлийг хориглодог». Өөрийн өмнөөс ичихээс гадна хүний өмнөөс ичих учрал бишгүйдээ тохионо. Ялангуяа итгэж найдаж явсан дотно хүмүүсийн үйлдсэн бүтэлгүй үйлдэл, буруу зуршлын өмнөөс ичиж, өөрөө хийчихсэн мэт нүүр хийх газаргүй болох хэцүү. Тэр ч бүү хэл зөв хүмүүс таагүй үйл явдлын гэрч болох үедээ ичгүүрийн сэрэлтэй төсөөтэй сэрлийг мэдрэх нь сонин. Хүн өөрийнхөө дотоод сэтгэлийн өмнө зөв буруугаа шүүлгэх нь өөр хүний өмнө тайлагнахаас харьцуулашгүй хэцүү. Хэрэв хэн нэгэн орь ганцаар байхдаа ямар нэг муу юм нууцаар хийж, энэ тухай талын салхинаас өөр хэн ч мэдэхгүй гэж бодож байгаа бол том алдаж байна гэсэн үг. Хүмүүсээс нуугдан муу зүйл үйлдэх нь бузар булай, ичгүүртэй хэрэг, өөрөөсөө нуугдах нь шившиг, илүү бузар булай, бүр ичгүүртэй хэрэг. «Хүмүүсийн өмнө ичингүйрэх нь сайн мэдрэмж, гэхдээ өөрөө өөрийнхөө өмнө ичих нь илүү сайн хэрэг». Залуус та нар өөрөөсөө ичих сэрэл мэдрэмжээ үргэлж тордож, өөрийгөө голж, өөрөөсөө шаардаж, үргэлж ахиж дэвжих эрмэлзэл тэмүүллээр цуцалтгүй урагшил!


URL:

Сэтгэгдэл бичих