23 настай бүсгүйг хүчиндэж хөнөөсөн хэрэг шийдэгдэлгүй жил тойрчээ

Дөнгөж их сургуулиа төгссөн залуухан бүсгүй Э-г ”Мөнх замбала” компанийн хүргэлтийн жолооч Ж.Нэргүй гэгч хүчиндэж, хэргээ нуун далдлахын тулд цогцсыг нь жорлонд булж, дээрээс нь үртэс асгасан жигшүүрт хэрэг өнгөрсөн оны зургадугаар сард гарсан билээ. Уг хэргийн анхан шатны шүүх хурал одоо хүртэл болоогүй аж.
Учир нь гурван ч шүүх хуралд сэжигтний өмгөөлөгч гадаад явсан, улсын яллагч амарсан зэрэг шалтгаанаар хойшлогдоод байгаа аж. Тиймээс талийгаачийн ар гэрийнхэн шүүх засаглалыг шударга ажиллаж хэргийг шуурхай шийдэж өгөхийг шаардан хэвлэлийн хурал зарласан юм.

Талийгаач Э-ийн аав Б.Молотов “Ж.Нэргүйн хамаатнууд нэр нөлөө бүхий хүмүүс байдаг. Тиймээс шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй. Санаатайгаар хүний амь хөнөөсөн нь тодорхой байхад улсын яллагч н.Алимаа 91.2.2 буюу танхайн сэдлээр хүний амь хөнөөсөн гэх зүйл ангиар яллах тогтоол үйлдсэн.
Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй” гэв. Тэрбээр цааш ярихдаа сэжигтэн Ж.Нэргүй охиныг нь хөнөөчихөөд гар утсыг нь бусдад 20 мянган төгрөгөөр зарж, юу ч болоогүй юм шиг ажлаа хийгээд явж байсан тухай нулимс дуслуулан ярив. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр Э-ээс сэжигтний үрийн шингэн илэрсэн бөгөөд бүх бие нь няцралттай, ховч яс нь хугарсан гэсэн дүгнэлт гарчээ. Энэ хэргийн шүүх хурал энэ сарын 23-нд болох юм байна.

Ц.ТУНГАЛАГ

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих