Алан хядагчдын сүүлчийн бичлэгийг үзүүлжээ
Алан хядах “Аль-Каида” байгууллага 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр Нью-Йоркийн Манхэттен дүүрэгт болсон алан хядлагуудаас өмнө хийгдсэн өөрийн архивын дүрс бичлэгүүдээ ил болгожээ. Лалын интернэт сайтууд дээр тавигдсан дүрс бичлэгүүд дээр амиа золиослогч 19 эрийн хоёрынх нь яриа бичигдсэн аж. 11 жилийн тэртээх тэр өдөр энэ 19 хүн зорчигч тээврийн дөрвөн нисэх онгоцыг эзлэн авч, тэдгээрийг Нью-Йорк болон Вашингтон хотууд руу нисгэсэн билээ.
Нэг бичлэг дээр алан хядагч Халид аль-Мидар гарч байв. Дүрэмт хувцас өмсч толгойдоо цагаан тюрбан угласан энэ эр өөрийн сүүлчийн хүслээ шивнэж байна хэмээн мэдэгдэнэ. “Арабын улс, орнуудын тэргүүнүүд ард түмнээсээ дэндүү урвах болжээ. Тэд ариун дагшин газар болох Мекка, Медина руу Америкийн бусармаг шашинтнуудыг чөлөөтэй нэвтрүүлэв. Тиймээс бид тэдний эсрэг ариун дайн хийхээр шийдвэрлэлээ” гэж алан хядагч эр ярьжээ.
Өөр нэг бичлэг дээр мөн адил хувцасласан Салим аль-Хазми алан хядлагын зорилгыг тайлбарлав. “Бидний энэ үйл хэрэг лалын шашинтнуудыг нэгтгэж, буруу номтнуудыг Аравийн хойгоос хөөж явуулах учиртай юм. Иерусалим дахь “Аль-Акса” сүм хийд маань бузарлагджээ. Аравийн хойг тэр чигтээ Аллахын эсрэг тулалдаж байгаа америкчууд болон британичуудаар дүүрэв” гэж мань хүн мэдэгджээ.
эх сурвалж: викимон.мн
URL: