Таггүй траншей хүний аминд хүрсээр байх уу
Нийслэлийн орчны аюулгүй байдалд хяналт тавьдаг байгууллагууд ажил үүргээ умартсан бололтой. Дулааны худаг буюу траншейны нүхэнд хүн унаж бэртэхээс эхлээд амиа алдсан хэргүүд шил дараалан гарч хэвлэлээр шуугиад л өнгөрөх юм. Саяхан дотнын найз маань “Ардын эрх” сонины ойролцоох нарийн гудамжаар явж байгаад траншейны нүхэнд хальтирч унажээ. Тэр үед үзэгдэх орчин муу, ямар ч гэрэлтүүлэггүй байсан гэнэ. Тухайн үед юун эмнэлгийн тусламж манатай айж балмагдаад, хүзүүний ороолтоор хөлөө боогоод харьсан байна. Гэтэл шөнө нь өндөр халуурч түргэн тусламж дуудаж үзүүлэхэд төмрийн хор орсон, шилбэний яс цууралттай гэсэн эмнэлгийн дүгнэлт гарчээ. Тэрбээр “Азаар халаалт эхлээгүй үе байлаа. Халуун усанд унасан бол өдийд яаж амьд байх вэ дээ. Миний анхааралгүйгээс боллоо” хэмээн өөрийгөө буруутгаж суух юм. Арай ч дээ хэдий хүртэл иргэд өөрсдийгөө буруутгаж, ажилдаа эзний ёсоор ханддаггүй хүмүүсийн хариуцлагагүйн золиос болох учиртай юм бол.
Золиос гэсний учир нь ажил хөдөлмөрөө эрхлээд явж байсан иргэн бусдын хариуцлагагүйгээс гэмтэж бэртэн, хэдэн жил, сараар хөдөлмөрийн бүтээмжээ алдаж, зарим нь алтан амиа ч өгч байна шүү дээ. Гадаадын улс оронд иймэрхүү хэрэг гарахад хариуцсан байгууллагыг нь тогтоож, нөхөн төлбөр авдаг юм билээ. Харин манайд бол тухайн хүний хохь болоод л өнгөрч байна. Өнгөрсөн оны долдугаар сард танил сэтгүүлч ах маань ажлаасаа тарж яваад Чингэлтэй дүүргийн нутаг “Зоос” гоёлын ойролцоох траншейны нүхэнд унаж осолдсон. Энэ нь нийслэлчүүдийн амьдарч буй орчин иргэддээ ямар ч ээлгүйг харуулж буй хэрэг.
Нийслэлийн хэмжээнд инженерийн шугам сүлжээний худаг буюу траншей 50 гаруй мянга байдаг аж. Хотын ерөнхий менежер Ч.Бат “Нийслэлд буй инженерийн шугам сүлжээний худгийн 150 гаруй нь стандартын бус тагтай. Мөн 80 гаруй худаг таггүй. Эдгээрт 700 гаруй гэр оронгүй иргэд амьдардаг. Манай зүгээс худгаа таглаагүй байгууллагын дарга нарт хариуцлага тооцож байгаа” гэжээ. Ердөө нэг удаа хариуцлага тооцоод өнгөрөх биш байнгын хяналт тавих нь чухал байна. Нийслэлд буй таггүй траншейны эздээр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК тодорч байна. Таггүй хэдэн траншей байгаа, энэ чиглэлээр ямар ажил хийж буйг лавлахад “Энэ асуудлыг Хотын сүлжээний газар мэднэ. Манайх мэдэхгүй” гээд халгаасангүй. Эрчим хүчний тухай хуульд зааснаар мэргэжлийн байгууллагуудтай гэрээ хийж үйлчилгээ авч буй хэрэглэгчид тухайн эзэмшлийн траншейны тагны бүрэн бүтэн байдлыг хангаж, хариуцах ёстой аж.
Мөн хэрэглэгчид өөрийн худгаа хэрхэн эзэмшиж буйг хангагч байгууллагууд хянадаг байх учиртай гэнэ. Энэ хяналт сул байдгаас худгийн таг ийнхүү эзэнгүйддэг байна. Нөгөө талаар урт гартнууд траншейны тагийг олзолж хоёр дахь түүхий эдэд тушаадаг аж. Онгорхой траншейг ямар учраас таглахгүй байгаа талаар Дулааны шугам сүлжээ компанийн ажилтнаас тодруулахад “Бид таггүй траншейнуудыг дуудлагаар тагладаг. Шөнө дөлөөр гэр оронгүй иргэд хулгайлж борлуулдаг. Шахмал хуванцар тагийг машин дайраад хагалчихдаг” гэв. Гэтэл жолооч нар таггүй траншейнд машины дугуй орж эд ангиа гэмтээж, ихээхэн хохирол гардаг талаар мөн л гомдоллодог. Ямартай ч траншейны тагны бүрэн бүтэн байдлыг нийслэлийн Дулааны шугам сүлжээний газар, Ус сувгийн удирдах газар, “Цахилгаан холбоо”, “Усны барилга байгууламж” зэрэг байгууллага хариуцан ажилладаг боловч эзний ёсоор ханддаггүйгээс осол, гэмтэл үргэлж гарах шалтгаан болсоор байна.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
URL: