Б.Чойжилсүрэн гишүүн ээ, орлого нь танд ордог бол осол нь бас хамаатай бус уу

Монголын толгой баячуудын нэг, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн 100 хувь эзэмшдэг “Хурд групп”-ийн захиалгаар барьж буй “Рапид харш” орон сууцны хорооллын 26 дугаар байрны арваннэгдүгээр давхарт ажиллаж байсан краны цамхаг нурснаар уг краныг жолоодож байсан 26-хан настай идэр залуу хорвоог орхисон билээ. Барилга дээр нь хүн амиа алдсаныг мэдээгүй, сураг л сонссон гэж Б.Чойжилсүрэн гишүүн жишим ч үгүй хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлжээ. Монгол даяараа шуугьж байхад Б.Чойжилсүрэн мэдээгүй байна гэдэг гайхалтай. Мэдээж тэр мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Хариуцлага хүлээж сураагүй, тийм чадвар ч байхгүй түшмэдүүдийн амнаас л ийм үг гардаг.

“Мэдээгүй” гэж хэлчихээд нүдэн балай, чихэн дүлий өнгөрнө гэж эрхэм түшээ тооцоолж байвал харамсалтай л байна. Эрхэм гишүүн таныг парламентад барилгын ажлынхаа чөлөө заваар суудаг. Барилгын талбай дээр байнга эргэлдэж байдгийг мэдэх хүмүүс нь мэддэг л юм. Барилга бариулаад олсон орлого нь танд очдог бол гарсан осол нь ч гэсэн хамаатай байх бус уу. Ослын газар ажилласан холбогдох байгууллагуудын дүгнэлтээр осол гарахад хяналтын инженер, оосорлогч, дохиочин зэрэг хүмүүсийг өнгөрсөн долдугаар сард ажлаас халсан нь нөлөөлсөн гэсэн байна билээ. Хэрвээ хяналтын инженер, оосорлогч, дохиочин гэдэг ажлын байр хэвээрээ байсан бол кранчин залуу амьд гарах ч байсан байж мэднэ. Орон тоо хэмнэж, олох ашгаа нэмэгдүүлэх гэсэн явуургүй арга эцэстээ хүний аминд хүрчээ. Кранчин залуу цамхаг нурахад эхний цохилтоор кранаасаа зүүгдэж байсан ч хоёрдох цохилтод гараа алдаж унасан гэдэг. Үнэхээр харамсалтай. Хэн нэгний мөнгөний төлөө үхэн хатан зүтгэсэн шуналын гайг мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан нөгөө нэг нь үүрнэ гэдэг байж боломгүй. Гэвч манайд ийм юм нүүрлэчихэж.

“Рапид харш” хорооллын нэг метр квадратын үнэ нь хоёр мянган ам.доллар. Ийм их мөнгө олж байж орон тоогоо хэмнэж, ажилчдаа халаад байдаг нь хачирхмаар. Зарим туслах ажилчидтай гэрээ хийлгүй, цагийн 1800 төгрөгөөр тооцон цалин өгч, хоол ундгүй ажиллуулдаг гэнэ билээ. Нарийлж болно. Гэхдээ хэмжээ хязгаар, хяналт гэж байх ёстой биш үү, эрхэм гишүүн ээ. Цаашдаа “Мэдээгүй, мэдэхгүй” гээд дахиад хүний амиар наадах гээгүй л юм бол эзэн хүний ёсоор анхаарлаа хандуулж, хариуцлагатай байна уу. Дахиад хэлье. Олсон орлогыг нь авдаг юм бол гарсан осол ч гэсэн танд хамаатай шүү. “Хурд групп” өөрсдийгөө орон сууц, худалдаа, үйлчилгээ, оффисын барилга угсралт болон хөрөнгө оруулалтын чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй Монгол Улсын томоохон компанийн нэг гэж тодорхойлдог юм билээ. Том юм бол том л бай л даа. Хүний амиар мөнгө олохоо больж үз.

Ц.Эрдэнэцэцэг

”Өдрийн шуудан”


URL:

Сэтгэгдэл бичих