Ш.Алтанцэцэг: Нууц амраг гэж үг бий учраас амьдралд байдаг

Монголын отгон театр болох “Мөрөөдлийн театр”-ынхан энэ сарын 20-ноос эхлэн “Амьдрал өөрөө бэлэг” хошин шогийн тоглолтоо толилуулах гэж байна. Тэд шинэхэн тоглолтдоо зориулан  сүүлийн үед залуусын дунд хит болоод байгаа “Gangnam Style” дууны монгол хувилбар “Агаа нь ганган стиль” дууг цацсан. Түүгээр ч зогсохгүй “Мөрөөдлийн театр”-ынхан үзэгчдэдээ нэгэн гэнэтийн бэлэг барьж байгаа гэнэ.  Энэхүү гэнэтийн бэлэг нь олноо “Ааяа” хэмээн нэрлэгдсэн “Азтай бадарчин” наадмын шагналт, СТА жүжигчин Ш.Алтанцэцэгийг шинэ уран бүтээлдээ урьж, тоглуулахаар болжээ.

Ийнхүү хошин урлагийн мастеруудын нэг Ааяа буюу Ш.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-Монголын хошин урлагийн тайзнаа жил таныг харсангүй. Сураг сонсох нээ гадаадад амьдарч байгаад ирсэн гэх юм. Эх орондоо хэзээ ирэв?

-Гадаадад амьдраагүй шүү дээ. Герман, Орос, Америк руу ганц, хоёр удаа л хувийн ажлаар явсан. Харин өнгөрсөн найман жилийн хугацаанд Монголын 21 аймгийн хоёр удаа бүтэн тойрлоо. Эхний ээлжид “Маск”-ийн Ц.Ганзориг, залуу жүжигчин н.Пүрэвжаргал нартай явсан бол хоёр дахь удаагаа залуу жүжигчин н.Золжаргал, н.Нямдаваа нартай эх орноо тойрлоо. Мөн гурван CD гаргаж, олны хүртээл болгосон.

-Орон нутаг руу хошин урлагийн тоглолт бараг яваад байдаггүй. Үзэгчдийн хүлээлт их байсан байх даа?

-Тэгэлгүй яахав. Манай орон нутгийн үзэгчид биднийг их сайхан хүлээж авсан. Алслагдсан зарим сумдад сүүлийн 15 жил Улаанбаатараас тоглолт очоогүй газар ч байсан. Тэдэнтэй уулзаж, уран бүтээлээ тайлагнахад бидэнд ч бас сонирхолтой, сайхан байлаа.  Ер нь эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист хүлгийн жолоо залахад монголоороо бахархах сэтгэгдэл төрж байсан шүү. Эх орноо илүү ихээр хайрлах болсон.

-Таныг удган, бөө болсон гэх мэдээлэл нэг хэсэг гарч байсан. Тэнгэрийн үйл хэр арвин байна даа?

-Тийм үү /инээв/. Уг нь би бөө, удган болоогүй шүү дээ. Харин манай хамаатан садан дундаас болсон хүн бий. Тэднийг нааш нь, цааш нь хүмүүстэй холбож байхыг харсан хүмүүс намайг бөө болсон гэж ойлгосон юм шиг байна лээ. Би өөрөө бурхан багшийн сургаал, буддын философи их сонирхдог. Тиймдээ ч өнгөрсөн найман жилийн хугацаанд “Бурхан багшийн сургаал”, “Ухаарал, гэгээрэл, бясалгал” зэрэг гурван CD гаргасан. Тун удахгүй “Бодь мөрийн зэрэг” судраар гаргаж буй CD-гээ худалдаанд  гаргана.

-Тэгэхээр шашин судлаач болж байгаа гэсэн үг үү?

-Яг ч шашин судлаач биш. Мэргэжлийн хүмүүсийн хажууд миний уншсан, судалсан юм хомс. Зүгээр сонирхолдоо хөтлөгдөөд судлах болсон. Ер нь хүн гэдэг амьтан энэ амьдралдаа яаж амар амгалан амьдрахыг буддын сургаалд зааж өгсөн байдаг. Түүнчлэн, Манай нийгмийн бухимдалтай хэцүү байгаа энэ үед өрх толгойлсон эхчүүд олон болж байна. Тэдэнд энэ CD-нүүдийг сонсгож, тэдний сэтгэлзүйг бага ч болов эмчилье гэж бодсон. Мөн хүмүүст тайвшрал, тайтгарал, ухаарал өгий гэж энэ ажлыг өөрийн зорилго болгон хийж эхэлсэн.

-Таныг хошин урлагийн “алтан үе” гэгдэх Дашхүү агсан, Жанчив агсан нартай хамт тоглож байсныг мэдэх юм байна. Хошин урлагийн салбарт хэд дэх жил дээ зүтгэж байна даа?

-Би чинь “эртний хүн” шүү дээ. Монголын сор болсон сайхан сайхан жүжигчидтэй хамтран зүтгэж байсан даа бахархдаг. “Хүүхэд залуучуудын театр” гэж байхад Жанчив, Дашхүү нартай хамт тоглож байлаа. Одоогоос бараг 28 жилийн өмнө юм байна. Түүнээс сүүлийн 15 жил хошин урлагт тоглож байна.

-Инээд гэж чухам юу вэ?

-Инээд гэдэг нь өөрөө хэзээ ч ифиляацид ордоггүй капитал зүйл. Тэр утгаараа буянтай сайхан ажил байдаг. Би өөрийнхөө жүжигчин мэргэжлийг мэс заслын эмчийн хэмжээнд бодож явдаг. Учир нь хүний зүрх, тархи хоёрыг булингатахаар цэвэрлэдэг, сэтгэл санаа, сэтгэл зүйг эмчилдэг хүмүүс нь театр байдаг. Инээдмийн жанрын жүжгийн нэг онцлог нь жүжигчин өөрийн үзэл бодлоо сайн дураараа илэрхийлж болдог. Тиймээс би нийгмийн сэтгэлзүй болон хүүхдүүдийн оюунд шинэ үрийг суулгах юмсан зүтгэж байна.

-Та яагаад “Х-түц”-ээс гарсан юм бэ. Ямар нэгэн үл ойлголцол байв уу?

- Ямар ч үл ойлголцол байгаагүй. Би хэсэг хугацаанд хувийн амьдралдаа анхаарлаа хандуулж, өөрийгөө хөгжүүлэх үүднээс урлагаас бага зэрэг хөндийрсөн тал бий. Гэхдээ энэ хугацаанд хошин урлагийн хэдтэйгээ байнга холбоотой байсан. Тэдэнтэйгээ уулзаж, шинэ санаа оноогоо ярилцдаг байлаа. Тэрнээс биш ор тас хошин урлагаас “яваагүй”. Өнгөрсөн хугацаанд хошин урлагийн ихэнх хамтлагуудаас нэг биш удаа хамтран ажиллах санал надад ирдэг байсан. Тэгээд өнгөрсөн дөрөвдүгээр сард хуучин хамтлагийнхантайгаа хамтран нэг тоглолтод орсон. Харин Мөрөөдлийн теартын хувьд наадмийн өмнөх нь Алтайшагай, Эрхэмбаяр хоёр хүрч ирээд “Бид нэг инээдмийн драмын жүжиг хийх гэж байгаа юм. Та оролцооч” зохиолыг нь өгсөн. Ингээд би саналыг нь хүлээн авсан.

- Тэгэхээр “Мөрөөдлийн теарт”-т урилгаар тоглож байгаа гэсэн үг үү?

-Тиймээ. СТА Ж.Оюундарь бид хоёрын  “Амьдрал өөрөө бэлэг” жүжигтээ урьж тоглуулж байгаа. Манай жүжгийн нээлт энэ сарын 20-нд болно. Жүжгийн зохиол Владимир Ирмижановийн “Валинтины захидал” зохиолоос сэдэвлэсэн тун сонирхолтой жүжиг. Манай “Мөрөөдлийн теарт”-ийнхан маш хөдөлмөрч авъяаслаг залуус байна лээ. Заримдаа намайг байгаагаас минь дээгүүр үнэлээд байна уу гэж бодогдоод жаахан санаа зовж л сууна /инээв/.

-Таныг энэ жүжгийн нэр болох “Амьдрал өөрөө бэлэг” нэрийг өгсөн гэж дуулсан?

-Хүний амьдрал өөрөө бэлэг байдаг гэдгийг хүмүүс ойлгуулах юмсан гэж нэлээд хэдэн жилийн өмнөөс бодож явлаа. Хүний амьдралд тохиолдож буй үйл явдал, учрал бүхэн бэлэг байдаг. Хүн амьдралынхаа цаг үе бүхэнд ухаарал, ойлголтыг авч энэ ертөнц энэ амьдралыг танин мэдэж явдаг шүү дээ. Энэ утгаараа энэ нэрийг манайхан дэмжсэн. Жүжиг маань хоёр хэсэгтэй. Эгч нь хүүгээ хүнтэй суулгахгүй гэж улайрсан эх, нууц амрагтай эхнэрийг дүрүүдийг бүтээж байгаа. Үзэгчдэд манай жүжиг их ухаарал хайрлах байх гэж бодож байна.

-“Жүжиг бол амьдралын толь” гэж үг байдаг. Ш. Алтанцэцэг гэж хүн нууц амрагийг юу гэж боддог вэ?

-Ид шид гэж юу вэ? гэж асуулттай адилхан сонсогдож байна. Энэ асуултанд бурхан хүртэл хариулдаггүй, буруу хардаг гэдэг /инээв/. Гэхдээ ийм үг байгааг бодоход амьдралд байдаг л байх даа.

-Манай уншигчдад таны хувийн амьдралын талаар ямар нэг мэдээлэл бараг байдаггүй. Та хэдүүлээ амьдардаг вэ?

-Би их нам жим амьдрах дуртай. Эргэн тойрны орчиноо ч тэр аядуу, намдуу байлгах дуртай. Гэвч миний эзэмшсэн мэргэжил олны өмнө гарч, хэвлэл мэдээллээр бичигдэж байх онцлогтой.  Энэ нь бусдаараа бол сайхан. Би нөхөр, хүү, охинтойгоо дөрвүүлээ амьдардаг. Миний хань СУИС-д багшилдаг. Харин хүү маань MCS-д ажилдаг, охин маань МУИС-д суралцдаг.

-Эмээ болж амжсан уу?

-Амжаагүй л байна. Гэхдээ хорвоогийн жамаар нэг л өдөр эмээ болох байх даа.

-Та хувийн бизнестэй юу?

-Хувийн бизнэс байхгүй. Цаашид  ч хувийн бизнесс, тв шоу зэрэг кареарийн юм хийхгүй. Харин Монгол улсын иргэний хувьд бусдын төлөө хийж чадах зүйлээ хийнэ. Би нэг хэсэг байр, машинаа томруулах, хүүхдүүдээ сайн сургуульд суралцуулах гэж дандаа өөрийнхөө төлөө явсан. Одоо хүний сайн сайхны төлөө амьдрана гэж бодож байгаа. Ер нь хүний амьдралын утга учир нь бусадын төлөө л амьдрах явдал юм.

-Баярлалаа

Б.Дэжид


URL:

Сэтгэгдэл бичих