Хуулийн дээгүүр гишгэсэн Гачуурын Л.Чинбат Хотын даргад “томорч” байна
“Гачуур” хэмээх гангадсан нэртэй компанийн захирал Л.Чинбат хотын төвийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчсөөр байна.
Тэрбээр зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилгаа үргэлжлүүлэн барьсаар байгаа талаар Сүхбаатар дүүргийн VI хорооны Бага тойруу дахь 47 дугаар байрны оршин суугчид мэдээлсээр байна. Оршин суугчдын хэлж байгаагаар энд баар рестораны зориулалттай 13 давхар төмөр бетон каракасан барилга нь баригдах гэнэ.
Энэ хууль бус явдал Бага тойруугийн орон сууцны долоон байр, 199 өрх, 63 аж ахуйн нэгжийг ус, дулаанаар хангадаг инженерийн байгууламжийг 47 дугаар байрны доод хонгилд хууль бусаар, голлох тоног төхөөрөмжгүй, дутуу угсарч байрлуулснаас анх үүдсэн гэнэ. Ус, дулаан дамжуулах төв (ЦТП)-өөс ялгарах уур, чийг нь хүйтний улиралд 1-2 дугаар давхрын айлуудын гадна талаар цан хүүрэг, мөстлөг бий болгоод зогсохгүй орон сууцны дотор хана, булан, тохойд мөөгөнцөр үүсгэсэн байна.
Иймд тус байрны оршин суугчид ЦТП-г хуучин байранд нь шилжүүлүүлэхээр мэргэжлийн хяналтынханд хандсан төдийгүй уг асуудлаар хоёр ч удаа шүүх хурал болсон аж. Түүнчлэн 2010 онд НИТХ-аар тухайн ЦТП-ын барилга барих хөрөнгийг баталж, барилгын гүйцэтгэгч компани нь ажлаа эхлүүлжээ.
Гэтэл “Гацууртын” гэх хүмүүс барьж байсан барилгыг нь нурааж, өөрийн эзэмшлийн 13 давхар барилгаа зөвшөөрөлгүй, зураггүй эхлүүлээд одоо дуусах дөхөж байгаа аж.
Бичиг баримтаас харахад “Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр 2006 онд газрынх нь зөвшөөрлийг олгожээ. Ингэхдээ Газрын тухай хуулийн 33.1, 33.2 заалт зөрчин ямар нэгэн тендер шалгуур явуулаагүй аж.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд тав зургаан удаа барилгын ажлыг зогсоох захирамжийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүргүүлсэн хэдий ч үүнтэй зэрэгцэн барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг нь өгчихдөг байсан гэнэ.
Хамгийн сүүлд л гэхэд 2011 онд холбогдох мэргэжилтнүүдийн акт гараагүй байхад Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 295 дугаар зөвшөөрлийг олгожээ. Уг нь Хот байгуулалтын тухай хуулиар бол мэргэжилтнүүдийн акт гарсны дараа л зөвшөөрлийг нь өгдөг байна.
Энэ барилгын ажлыг зогсоох шийдвэр нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс хоёр удаа гарсан ч эрх мэдэлтнүүд хуйвалдсаар, тэр шийдвэр хэрэгжилгүй өдий хүрчээ. Тэр ч бүү хэл зөвшөөрөлгүй барьж байгаа барилгын ажлыг зогсоох талаар шинээр сонгогдсон хотын даргын шийдвэр гарснаас хойш энд ажил улам эрчимжиж, хавь ойрын хүмүүсийг шөнө ч амраахаа больсон гэнэ.
Саяхан Нийслэлийн шинэ удирдлагуудын гаргасан хууль бусаар баригдаж буй барилгын жагсаалтад тус барилга орсон хэдий ч энэ сарын 8, 9-ний шөнө цутгалтын ажлаа хийсэн гэнэ.
Зөвшөөрөлгүй баригдаж байгаа тул цахилгааныг нь салгасан хэдий ч дуу чимээ ихтэй том оврын мотор ажиллуулчихсан гэв. Эндхийн оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлэхэд барилгыг бариулж буй инженер Одхүү “Бидэнд хотын даргын тэр шийдвэр хамаагүй. Манайх бүр том дарга нарын зөвшөөрөлтэй” гэсэн байна.
URL: