АРСЛАН ЗААН “АМЬД” БАЙНА

Орос, БНСУ, АНУ, Канад, Швед, Британийн эрдэмтдээс бүрдсэн олон улсын “Яна-2012” багийнхан ОХУ-ын Саха улсын нутгаас өнгөрсөн жил арслан зааны яс олсон байна. Эл олдвороос амьд эс илрүүлсэн тухай мэдээ багагүй шуугиан тариад байна.

Тухайн амьд амьтан үхсэн тохиолдолд түүний эд, эс бүгд үхдэг байтал олон сая жилийн тэртээд хорвоог орхиж, хувхай яс болсон амьтны үлдэгдлээс амьд эс олдоно гэж байж болшгүй зүйл гэж зарим судлаач үүнийг үгүйсгэж байгаа гэнэ. Дээр дурсан арслан зааны яснаас гадна тэр үед зэрлэг сарлаг буюу бизон болон эртний морины бүхэл яс олсон юм байна.

Эртний амьтдыг хувилан, амилуулахад эрдэмтдэд амьд эд эс зайлшгүй хэрэгтэй байдаг бөгөөд тэдний хүсэл биеллээ олж, арслан заантай “уулзах” боломж бүрдэж байгаа аж. Энэ талаар Сахагийн Арслан зааны музейн захирал Семен Григорьев мэдээлсэн байна. Тэрбээр “Бид газрын гүнээс олсон арслан зааны чулуужсан өөх, нугас, үсийг дэвшилт техник, дурангийн тусламжтайгаар шинжилсний эцэст олон эд эсийн цөм нь бүтэн байгааг илрүүлсэн. Энэ нь тэр амьтныг эргүүлэн авчрах боломжийг нээж байгаа юм” хэмээжээ. Японы Киотогийн их сургуулийн профессор Акира Иритани арслан зааныг хувилах боломжийн тухай анх санал дэвшүүлсэн аж.

Хулганын эсийг хөлдөөж, 16 жил болсны эцэст эргүүлэн амилуулж, хувилсан эрдэмтэн Тэрүхико Вакаямагийн туршлагад тулгуурлан тэрбээр арслан зааныг хувилах бодолтой байгаа гэнэ. Гэхдээ түүний бодож байгаа шиг хувилах ажил үр дүнтэй болох, эсэхэд эргэлзэж буй эрдэмтэн олон байгаа. Түүнчлэн хэрэв туршилт амжилттай болж, арслан заан эргээд ирлээ гэж бодоход түүнийг дагаж, эртний бичил биетүүд сэргэж, тооцоолоогүй сөрөг үр дагавар авчрахаас болгоомжилж байгаа эрдэмтэд ч бий.

Дашрамд дурдахад, эрдэмтдийн тооцолсноор дунджаар 5.5 м өндөр, 10-12 тонн жинтэй байсан арслан заан хэмээх сүүн тэжээлтэн тав орчим сая жилийн тэртээх Плиоцений үед бий болж, Мөстлөгийн үе буюу 10.000-20.000 жилийн тэртээд устаж үгүй болсон гэдэг. Аварга том арслан заанаас гадна энэ төрлийн одой амьтан ч тэр үед амьдарч байсан нь олдворуудаар нотлогддог. Тухайлбал, 1993 онд “Nature” сэтгүүлд Врангелийн арлаас Оросын эрдэмтэн Сергей Вартанян одой арслан зааны олдвор олсон тухай нийтэлсэн байдаг аж. Энэ нь арслан зааны олдворын тухай олон нийтэд зарласан анхны мэдээлэл байснаараа онцлог юм байна

Э.ХАНА


URL:

Сэтгэгдэл бичих