Н.Алтанхуягт итгэх үү, эргэлзэх үү?
Ерөнхий сайд Н.Алтанхуяг хийсэн ажилдаа, бас гаргасан шийдвэртээ эргэлзэж явдаг гэнэ. Энэ тухайгаа ч чуулганы индер дээрээс хээвнэг хэлж харагдсан. Магадгүй тэрбээр Ерөнхий сайдын суудалд тухалсандаа ч эргэлзэж явдаг байж мэдэх л юм. Юмыг яаж мэдэх билээ.
Ойрын өдрүүдэд Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байгаатай холбоотой МАН-ынхан түүний амыг нь чангааж, хэлийг нь сугалах дөхөөд байгаа. Учир нь мань хүн МАН-ын мөрийн хөтөлбөрийг уриа лоозонгийн шинжтэй “мөрөөдлийн” зүйл гэх байдлаар хэлчихсэн юм. Мэдээж, Засагт хамтарсан улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр болон бие даагчдын амлалтаас дөрвөн жилийн үйл ажиллагаандаа “шигтгэсэн” атлаа ах намынхаас үг, өгүүлбэр ч “хавчуулаагүй” тул гишүүдийнх нь аазгайг хөдөлгөсөн хэрэг. Тиймдээ ч чуулганы танхимд Н.Алтанхуягаас асуулт асуух гишүүд МАН-ынхнаас өөр байсангүй. Харин Ерөнхий сайд асуултад хариулахдаа жаахан тэвдэж, ээрч будлихдаа “Би Тэргүүн шадар сайдын үед хийж байсан ажилдаа одоо ч эргэлзэж явдаг” хэмээн ам алдав.
С.Баярын уламжлуулсан Сү.Батболдын Засгийн газрын МАХН, АН гэсэн хүчний харьцаанд өөрчлөлт гараагүй. Таван залуугийн амиар будагдсан сонгуулийн үр дүнд хоёр нам эвлэлдэн нэгдэж, Засгийн газраа эмхлэн байгуулахаар тохиролцож, гэрээ байгуулж байлаа. Хоёр нам нэг хөнжилд шургахыг эсэргүүцэгчид аль аль намд нь байсан. Гэвч тэд олонхийн шийдвэр гэх үгээр өнгөлөн далдалж, дэр нэгтгэсэн юм. Мэдээж, тэр үед хоёр Ерөнхий сайдтай байлтай биш, АН-ын Н.Алтанхуягт зориулан Тэргүүн шадар сайдын сэнтий бэлдсэн юм даг. Гурван жилийн хугацаанд энэ суудал дээр тухалсан Тэргүүн Шадар сайд 2012 оны хоёрдугаар сард Засгаас гарахдаа “Хамтарснаараа бид тодорхой зүйлүүдийг хийж чадсан. Юу юу хийж чадсан юм бэ гэвэл хамтарснаараа улс төрийн тогтвортой байдлыг сайн хадгалж чадлаа. Хамтарсанаараа дэлхий нийтэд томоохон гамшиг авчирсан эдийн засгийн хямралыг харьцангуй гарз хохирол багатайгаар даван туулж чадсан.
Олон жил дуншиж, чөдөр дэгээ болж байсан уул уурхайн салбар, Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөөнд оруулж улс орны эрчимтэй эдийн засгийн хөгжлийн суурийг тавьж чадлаа. Жижиг, дунд үйлдвэр,болон үйлдвэрлэлийн асуудлаар томоохон ажлууд эхлүүлж чадлаа” хэмээн бардам мэдэгдэж байсан үе хэвлэлийн хуудснаа шарлаж ч амжаагүй байна.Үнэхээр ч өмнөх парламент өнгөрсөн дөрвөн жил түүхэнд үлдэхээр олон ажил хийсэн хэмээн эрдэмтэд, судлаачид, дэлхий нийт дүгнэдэг. Хэдийгээр алдаа, оноотой ч Оюутолгойн гэрээг үзэглэж, Тавантолгойн ажлын суурийг нь тавьсан. Үүнээс гадна Тэргүүн Шадар сайдын мэдэлд байсан олон газруудын талаар ч энд дурьдах нь зүйтэй биз.
Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 2011 онд зээлийн эргэн төлөлтөөс 25.3 тэрбум, Засгийн газрын бондын эх үүсвэрээс 150 тэрбум, “Сум хөгжүүлэх сан”-ийн 24 тэрбум төгрөг, нийт 288.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдүүлж зээл олгосон. Энэ ажлыг голлон хариуцсан хүн нь Н.Алтанхуяг. Мөн импортоор авах жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалттай тоног, төхөөрөмжийг гурван жилийн хугацаатай гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх шийдвэрлэн 16.2 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтийг үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлсэн.Мөн “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаар бэлтгэх мэргэжлийн нэр, индекс”-ийг шинэчлэн 16 салбар, 614 мэргэжлээр тогтоож 2011-2012 оны хичээлийн жилээс эхлэн нийт мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудад мөрдүүлсэн. Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтаар таван мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх тэтгэлэгт хөтөлбөрийн дагуу олон мянган залуус суралцаж буй.
Тэд хүнд машин механизмын оператор, машин механизмын засвар, барилгын сантехник, барилгын цахилгаан, цахилгаан ба хийн гагнуур мэргэжлээр 9-10 сарын хугацаанд 1440 цагийн сургалтад хамрагддаг. Сардаа 108 мянган төгрөгийн тэтгэлэг авах бөгөөд 50 мянган төгрөгийн хоолны зардлыг Оюутолгой ХХК-аас олгож буй.Түүнчлэн хувиараа хөдөлмөр эрхлэгчид таван сая хүртэл, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд 10 сая хүртэл төгрөгийн зээлийг хоёр хүртэл жилийн хугацаагаар олгож эхэлсэн. Дорнод аймгийн Чойбалсан хотод газрын тос боловсруулах “Дорнод газрын тос” төрийн өмчийн оролцоотой үйлдвэр байгуулах, “Дархан-Уул аймагт жилд хоёр сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үндэсний үйлдвэр төслийг хэрэгжүүлэх зорилго бүхий төрийн өмчийн оролцоотой үйлдвэр байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ мэтчилэн тоочоод байвал уртхан жагсаалт гарна. Гол нь энэ бүх ажлын автор нь тухайн үеийн Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг байлаа. Гэхдээ энэ бүхэнд итгэх үү, эсвэл эргэлзэх ёстой юу. Хариуцаж хийсэн хүн нь энэ бүхнийг үгүйсгэж, эргэлзэж байхад.АН гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 2012 оны хоёрдугаар сард Засгийн газраас гарсан ч Н.Алтанхуяг “АН хамтарсан Засгийн газарт орж ажилласнаараа өөртөө оногдсон түүхэн үүргийг хариуцлагатай, нэр төртэй хийж чадсан гэж би АН-ын даргын хувьд үзэж байгаа юм” хэмээн тодотгож байлаа. Энэ үгэнд ч гэсэн итгэх, эсвэл эргэлзэх үү. Үнэхээр түүхэн үүргээ биелүүлсэн үү. Хамтарсан Засгийн газрын үр дүнгээр 2011 онд л гэхэд 73234 ажлын шинэ байр бий болж өмнөх оноос 26.8 хувиар өссөн гэхэд итгэх үү. Улмаар тэрхүү гурван жилийн хугацаанд нийт 174.6 мянга, жилд дундажаар 58.2 мянган ажлын шинэ байр бий болсонд ч гэсэн эргэлзэх ёстой юу.Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс-Тавантолгой” ХХК-ийн 1072 ширхэг хувьцааг үнэгүй олгосон тэр шийдвэрт ч гэсэн итгэх үү, эргэлзэх үү. Хүн бүрийн нэрийн дансанд энэ хувьцаа бий юу.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэтгэвэрийнхэн, оюутнуудад лав байхгүй. Тэгэхээр эргэлзэх ёстой ч юм уу. Түүнчлэн Засгийн газрын 2010 оны 60 дугаар тогтоолоор “Чацаргана” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж, 2011 онд улсын хэмжээнд 4000 га-д чацаргана тариалж, 1000 тн чацаргана хураан авсныг 2008 онтой харьцуулахад тариалсан талбай 4.5, хураан авсан ургац гурван дахин нэмэгдсэн гэх үр дүнд эргэлзэж, сурагчдыг витаминжуулах болохоор “Хаан жимс” компанийнхнаа чацарганыг шахчихдаг гэх үгэнд итгэх ёстой юм уу.Магадгүй Тэргүүн Шадар сайдын эхлүүлсэн цахим үнэмлэхий асуудал өнөөдрийг болтол дуусгавар болоогүйг бодоход эргэлзэх ёстой ч юм шиг. Түүнийг Тэргүүн Шадар сайд байх үед буюу 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг төрөөс бүрэн хариуцах болсон нь сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхэд хамгийн их нөлөөлсөн гэдэгт эргэлзэх учиртай болов уу. Учир нь өнөөдөр түүний намын нөхөд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эхчүүдээс гаргах санал гаргаж байхыг бодоход. Мөн АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны Т.Хасбаатарын хэлсэн “Н.Энхбаярын араас дуудагдах хүн Н.Алтанхуяг гэж харж байгаа” гэж хэлсэн үгэнд л итгэж суух ёстой бололтой.
Л.НИНЖСЭМЖИД
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: