Вокзал дээр тамхи татвал торгуулна
“Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хууль”-ийг олны хөл ихтэй үйлчилгээний зарим газарт журам гаргаж хэрэгжүүлж байгаа юм. Уг журам хэрхэн хэрэгжиж буйг сурвалжлахаар “Улаанбаатар” Зорчигч үйлчилгээний төв буудал буюу Төмөр замын авто вокзалыг зорилоо. Биднийг 13.00 цагийн үед очиход хөл хөдөлгөөн харьцангуй бага байв. Орон нутгийн галт тэрэгний тасалбар бичих хэсэгт л цөөн хүн дугаарлан зогсч харагдлаа. Тус газрын үйлчилгээний хэсэг болон захиргааны байрны өнцөг булан бүрт “No smoking” буюу “Тамхи татахыг хориглоно” гэсэн сурталчилгааны хуудас, зурагт хуудас наасан харагдсан. Ойр орчимд ч тамхи татаж байгаа хүн олж харсангүй. Төд удалгүй Улаанбаатар -Замын-Үүд-Эрээн чиглэлийн суудлын галт тэрэг ирж, ачаа тээш чирсэн хүмүүс холхилдож эхлэв. Тэр дунд эргүүлийн цагдаагийнхан ойр орчмоор явж хяналт тавьж байв. Олон хүн бужигнаж байгаа болохоор хаана , юу болж байгааг олж харахад бэрх санагдавч албан хаагчид ажилдаа сурамгай юм. Том цүнх чирч, үүргэвч үүрсэн хятад гурван залуу хоорондоо юм ярьж, буудлын чулуун сандал дээр суунгаа халааснаасаа тамхи гаргаж ирээд асаачихав. Гэтэл хаанаас ч юм нэг цагдаа гарч ирээд энд тэндгүй наасан зураг руу зааж тамхи татаж болохгүй гэдгийг ойлгуулж байгаа бололтой. Тэд ч толгой дохицгоож тамхиа ойролцоох хогийн саванд унтрааж хийчихээд яваад өглөө. Ер нь тэр хавиар тамхины иш ч харагдсангүй. Шар хантааз өмссөн тохижилт үйлчилгээний ажилтан олны хөл тасрах үеэр тэргээ чирч түүгээр ганц нэг хийсэх чихрийн цаас, самрын ясыг шүүрдэж явлаа. Үйлчилгээний хэсэгт байрлуулсан хогийн савнуудад ч тамхины иш харагдсангүй. Тус газрын Зорчигч, үйлчилгээний орлогч дарга О.Батчимэг “Манайхаар үйлчлүүлж буй гадна, дотны иргэд тамхи татахыг хориглосон журмыг маш сайн хүлээж авч байна. Тамхи татсан тохиолдолд Төмөр замын цагдаагийн албаныхан маань хяналт тавьж, хариуцлага тооцож байгаа. Гэхдээ заавал торгох нь чухал биш.
Иргэдэд зөв ойлгуулах хэрэгтэй. Хүмүүсийн нүдэнд ил тод харагдахуйц бүхий л газар таних тэмдэг наасан учраас мэдээгүй ганц нэг хүн тамхи татах явдал мэр сэр гарч байгаа” гэв. Үнэхээр тамхи татахыг хүссэн зорчигчид болон албан хаагчид тасалбар бичих хэсгийн үүдэнд зөвшөөрөгдсөн талбайд татаж болох гэнэ. Мөн нийтийн бие засах газарт орж татаж болох юм байна.
Энэ талаар Төмөр замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах байцаагч, хошууч Ш.Туяагаас тодрууллаа.
-Вокзалын орчимд тамхи татахыг хориглосон шийдвэр гаргахад иргэд хэрхэн хүлээж авч байна?
-Анх иргэд нэлээд хэл ам гаргаж байсан л даа. Тиймээс сануулга бүхий зурагт хуудсуудыг ил харагдах газруудад хангалттай нааж өгсөн. Удаа ч үгүй иргэд хэвшээд, орчинтойгоо зохицоод ирсэн. Мэдээж төмөр зам нь дотоодын болон олон улсын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг учраас зорчигчдынхоо эрүүл мэндэд анхаарч соёлч боловсон байдлыг хангах нь чухал юм. Манайхан харьцангуй соёлтой болсон шүү дээ. Мэдэхгуй зарим нэг хүмүүст анхааруулга өгөхөд иргэд тавьсан шаардлагыг их уриалгахан хүлээж авдаг. “Өө мэдсэнгүй уучлаарай”, “Хаана татаж болох бол” гэцгээдэг. Тэгээд ч иргэд “Тамхи татахыг хориглоно” гэсэн зурагт хуудас дээр татвал 5000-10000 төгрөгөөр торгоно гэж сэрэмжлүүлсэн байгаа учраас зөрчил гаргах нь ховор доо.
-Мөн суудлын вагонд тамхи татаж болохгүй гэсэн.
-Тийм. Суудлын вагонд зорчигчдыг тамхи татахыг хориглосон байгаа. Үнэхээр татахыг хүсвэл үүдний тамбур хэсэгт татаж болно.
-Хөдөө, орон нутгийн өртөөнүүдэд тус журам мөн адил үйлчлэх үү?
-Тэгэлгүй яахав. Зүүнхараа, Дархан, Сүхбаатар, Эрдэнэтийн өртөөнүүдэд тамхи татахыг хориглож байгаа. Цаашид энэ чиглэлийн үйл, ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөөд байгаа гэлээ.
Төмөр замын вокзалд байрлах үйлчилгээний төвүүд, хүнсний дэлгүүр, “ТҮЦ” бүгд цонхон дээрээ “18 наснаас доош насныханд тамхи худалдахыг хориглоно”, “Ширхгээр зарахгүй” гэсэн бичгүүдийг наажээ. “ТҮЦ”-ийн худалдагчийн ярьснаар бол тамхиа дандаа хайрцгаар нь борлуулдаг бөгөөд ойр хавиар нь хүмүүс тамхи татаж харагддаггүй аж. Хайрцгаар нь худалдлаа гээд орлого багасаагүйг ч дурдлаа. Харин тамхи татахыг хориглосон бүсээс гарангуут ширхгийн тамхи зардаг хүмүүс хаяа хаяагаа дэрлэн сууж харагдсан. Тэднийг цагдаа нар ирж хэдэн төгрөгөөр торгоод л өнгөрдөг гэнэ.
Д.ДАВААСҮРЭН Э.ЭНХЦЭЦЭГ Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН
URL: