Хууль зүйн сайд асан Л. Цог: Н. Энхбаяр алдаагаа ухамсарлаж байгаа нь итгэл төрүүлж байна

Хууль зүйн сайд байхдаа казиногийн хэргээр журмын нөхдөө “аавынд” илгээж нийгмийг доргиож байсан Л.Цог МАХН-д элсч цочир сонин барив. Ардчилсан хүчний нэрийн өмнөөс хууль сахиулж байсан тэрбээр Монголд шударга үнэний салхи хаанаас сэвэлзэхийг хүлээж байсаар ийнхүү шинэ сонголтоо хийв. Нийгмийг өндөрлөгөөс харж байсан хүн алдаагаа ухамсарлаж “засарсан” нь Л.Цогт гүнээ итгэл төрүүлсэн аж.

-Та бүхэн улс төрийн гуравдагч хүчний орон зайг эзлэхээр сэтгэл шулуудсанаа ярьж байгаа. Асуудал юунд байна?

-Бид гуравдахь хүчин гэж огт ярихгүй байгаа. Шинэ хүчин л гэж байгаа. Өөрөөр хэлбэл юмыг шинээр харья гэж байгаа юм. Монголчууд шинэ нийгэмд шилжсэний 20 жилийн түүхэнд оносноосоо алдсан нь илүү. Тиймээс одоо шинэ зарчмын үүднээс хандах цаг болсон. Нийгмийг бүхэлд нь засварлах цаг болсон байна. Монголчуудын амьдрал сайн сайхан, эрх мэдэлтэнүүд нь хууль сахидаг, төрийн түшээд нь үндсэн хуулийнхаа дагуу ард түмний элч болж язгуур эрх ашгийн төлөө тэмцээд, газрын баялгаа ард түмэндээ шударгаар хүртээдэг бол бидэнд ингэж явах ямар ч шаардлага байхгүй.

Өнөөдөр хамгийн аймшигтай нь Монголд шудрага ёс алдагдсан явдал. Шудрага ёсыг сэргээх зайлшгүй шаардлага байна. Хойч үедээ ийм нийгмийг хүлээлгэж өгөх юм уу үгүй юмуу гэсэн асуудал байгаа учраас бид ингэж яваад байгаа юм. Сүүлийн 20 жилийн дотор Монголд ардчилсан бус харгис дэглэм тогтоосон. Үүнийг бид өөрчлөх ёстой. Хар л даа. Өнеөдөр Монголд хүний эрхийн асуудал ямархуу түвшинд байгаа билээ. Эрх баригчид яаж авирлаж байна. Ингээд яриад байвал дуусахгүй. Сүүлийн 20 жилийн дотор Монголд эдийн засаг улс төрийн хоёр том бүлэглэл бий болсон байснаа одоо ганц болж хувирсан.

Энэ нь нөгөө талдаа шударга ёсыг эрэлхийлсэн, .Монголоо гэсэн сэтгэл зүрхтэй хүчин бий болгох хүчин зүйл болж байна. Хэрвээ Монгол гэдэг улс оршин тогтнох естой л юм бол энэ тогтолцоог задлахгүй бол цааш явахгүй. Цаашдаа бид ийм янзаар оршин тогтнохгүй. “МАНАН” гэж өөрсдийгөө нэрлээд байгаа улс төрийн хүчинд эрх мэдэл байгаа нөхцөлд бидний энә яриа хоосон үг л болж хувирна. Энэ бүлэглэлээс энэ төр засгийг салгах ёстой. Ямар араншинтай хүмүүс төр засгийн эрхийг барьчихаад байгаа нь хүн болгоны нүдэн дээр ил байгаа. Тэрийг дахин дахин давтаж улиглаад байх хэрэггүй байх. Тиймээс тэднээс төр засгийн эрх мэдлийг үтэр түргэн салгаж авах л тухай асуудал байна.

-Та МАХН-д шинээр элсэж улс төрийн сонголтоо хийлээ. Уг нь АН-ын данстай биш билүү?

-Би 31 жилийн өмнө МАХН-д элсч байсан хүн. Тэгээд МАХН-ын онц Их хурал дээр намдаа дахиж орсноо илэрхийлж одоо МАХН-д данстай. Би 1996 онд Ардчилсан холбоо эвсэл УИХ-д олонхи болоход Тамгын газрын дарга хийж байсан. УИХ-ын Тамгын газрын дарга аль ч намын гишүүн байх ёсгүй гэсэн хуулийн дагуу би Ардчилсан намаас гарсан. Тэрнээс хойш буцаж ороогүй. Хууль зүйн сайд байхдаа би нам бус байсан л хүн.

Энэ хугацаанд би улс төрийн ямар хүчинд Монголын ард түмэн итгэх ёстой юм гэдэгт эрэл хайгуул хийж явсан хүн л дээ. МАХН-ын толгойн талд нь сандайлж сууж байсан гэмт бүлэглэлийнхэн бүхэлдээ салаад явж цаана нь жинхэнэ чин бодолтой хүмүүс үлдсэн гэж ойлгож байгаа. Энэ хүчин Монголын нийгмийг зөв залаад явна гэж найдаж байгаа. Хэрвээ МАН-ынхан байсан бол би МАХН-д орохгүй.

-Нийгмийг бохирт хутгасан улс одоо цэвэрлэж чадах уу?

-Би бол өөрийнхөө нэрийн өмнөөс л тайлбар өгч чадна. Бусдын өмнөөс тайлбар тавьж чадахгүй. Миний мэргэжил бол хуульч. Үнэн худлыг хар цагааны дэнсэн дээр тавьдаг мэргэжил. Үнэн ялна, үнэн оршин тогтнодог гэдэгт чин сэтгэлээсэ итгэдэг хүн би. Тиймээс би өөрийнхөө үзэл бодолд үнэнч өдийг хүрсэн. Би энэ нийгмийн болох бүтэхгүйн төлөө бишгүйдээ их дуугарч байсан даа. Хэрвээ санаж байгаа бол. УИХ-ын буруу зөрүү гаргасан маш олон шийдвэрийг эргэж харж цэцэд  маргаан дэгдээж байсан. Оюутолгойн гэрээ, Үндсэн хуулийн нэмэлт гээд өөрийнхөө байр суурийг маш идэвхтэй илэрхийлээд явж байгаа. Үүнийг маань ч олон түмэн ойлгож байгаа байхаа. Монголын анхны хээл хахуулийн том хэргийг хуульч хүнийхээ үүднээс сехөж тавьж байсан. Үүнийхээ төлөө элдвээр хэлэгдэж болох бүтэхгүй үг олныг сонслоо.

-Та Н.Энхбаярын юунд найдаж байна вэ?

-Н.Энхбаяр ерөнхийлөгчийг Монголчууд надаар хэлүүлэлтгүй сайн мэднэ дээ. Хамгийн гол нь тэр хүн алдаа оноогоо өөрөө хүлээж байгаа нь чухал.Тэр хүн буруу зүйл хийсэн байснаа өөрөө ойлгоод буруу замаар будаа тээсэн байна, одоо больё үүнийгээ засья гэж байна шүү дээ. Хүнд алдаагаа засах боломжийг нь олгохгүй байж болохгүй биз дээ. Бусад нь Энхбаяр ерөнхийлөгчөөс юугаараа дээр байгаа юм. Тэд болохгүй бүтэхгүй юмтайгаа эвлэрээд л явж байна. Гэтэл болохгүй бүтэхгүйтэйгээ эвлэрэхгүй гээд байгаа хүнийг яахаараа буруутгаад байгаа юм. Н.Энхбаярын хувьд гэвэл улс төрийн том туршлагатай, өндөрлөгөөс нийгмийн бүх л амьдралыг харж байсан хүн.

Тийм хүн алдаагаа засна гэж ярьж байгаа нь зөв юманд хүргэнэ гэж бодож байна. Энэ хүний туршлага алдаагаа ойлгосон чанар үнэхээр хэрэгтэй. Бусад нь ч гэсэн би алджээ гэвэл хүлээж авахад бэлэн байна шүү дээ. Жишээлбэл С.Баяр Оюутолгойн гэрээг буруу хийжээ, 7 сарын нэгэнд 5 хүний амь хохирдог нь бидний л сонгуулиа будлиантуулаад хамгаалаад суусны гай гэвэл нийгэм хүлээгээд л авна.Тэгэхгүй Оюутолгойн гэрээ болчихсон юм шиг, 7 сарын нэгэнд өөрсдөө буруугүй юм шиг авирлаж байгааг харж байгаа биз дээ. Хамгийн шившигтэй нь  болж  байна, бүтэж байна гээд цаашаа гүрийгээд л явах нь л дээ. Харамсалтай нь амьдрал болохгүй байгааг харуулж байна шүү дээ.

Бүгдээрээ ингээд л буруу зөрүүтэйгээ эвлэрээд салганаад яваад байж болохгүй биз дээ. Ерөөсөө хууль мөрдөхгүй тер засаг бол бүлэг дээрэмчинтэй л адил. Үндсэн хуулиа өөрсдөө зориудаар нурааж хаячихаад үндсэн хууль болохгүй байна гэдэг. Байгалийн баялагаа хүнд бэлэглэчихээд баяжина гэдэг чинь огт утгагүй яриа. Монголчууд ном бол мэддэг хүнд мэргэн цоохор, мэддэггүй хүнд эрээн цоохор гэдэг. Харин одоогийн төр засаг бол эсэргээрээ мэддэг хүндээ эрээн цоохор, мэддэггүй хүндээ мэргэн цоохор болчихсон. Би 20 жил их бага хэмжээгээр төрийн тогоонд чанагдаж байгаа хүний хувьд үүнийг сайн мэдэжбайна. Өнөөгийн улс төрчдийн араншинг сайн мэдэх хүний хувьд бурууг нь хэлэх ёс суртахууны эрхтэй. Парламентын спикер нь хуулиа гэртээ засаад сууж байдаг түүх ганц Монголд л гарсан өөр хаана ч гараагүй цаашид ч гарахгүй байх.

Энэ бол хамгийн хөгийн гэмт үйлдэл. Бүх хүн хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй гэж заачихсан атлаа байж байгаа нь энэ. Шудрага ёсны үүднээс аливаа нэгэн гэм хийсэн хүн заавал тохирох зэм хүлээх ёстой. ёс суртахууны хувьд ч тэр.

-Монголд улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ойг та бол МАХН-ын гэж өмчилнө биз дээ?

-Энэ бол МАХН-ын л ой юм л даа. Үүнтэй хэн ч маргахгүй. Намаа голоод орхиод явсан улсууд буцаад үүх түүхийг өөрийн гэж ярьж байгаа нь шудрага биш явдал. Түүхийн үнэн бол нэг л бий. 90 оноос өмнөх намуудын түүх бол Монголын төрийн түүх. Тухайн үед МАХН-аас өөр нам байгаагүй юм чинь намын түүх гэж ярих нь утгагүй. Яахав хүн хүн өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа л даа. За яахав МАХН-ын 90 жилийн түүхийг аваад үзье гэхэд МАН гэдэг нэрээр 3 жил л байсан юм билээ. Үүх түүх баримт бичигт хар дээр цагаанаар тэгж бичээстэй байгаа.

Тэгэхээр МАХН-ын түүх бол МАН-ын түүх биш. МАХН-ын түүх бол МАХН-ын л түүх. Үүнтэй хэн ч маргахгүй байх. Хүчээр л худлаа ярьж тархи угааж байгааг ард түмэн ойлгож байгаа. Нөгөө талаасаа бид нийгмийн тогтолцоогоо өөрчлөөд 20 жил л болж байна. 90 оноос өмнө Монголд улс төрийн олон намын тогтолцоо байгаагүй шүү дээ. Тэгэхээр 90 оноос хойш дээд шүүхэд бүртгэлтэй намууд гэвэл бас түүх өөр болж ирнэ.

-Намын нэр авах асуудал ямар хэмжээнд байгаа вэ?

-Хууль зүйн утгаараа МАХН-ыг бүртгэхгүй байх үндэслэл байхгүй. Яагаад гэвэл намын тухай хуулийн 15.6 заалт нь үндсэн хууль зөрчсөн нь тодорхой болсон шүү дээ. МАН-ынхан хуучин МАХН гэдэг нэрээ голж хаячихаад одоо болохоор хоёр нэртэй байх юм шиг өмчлөөд байж болохгүй л дээ. Намын тухай хуулинд ч нэг нам нэг л нэртэй байна гэж бий. Тэгэхээр МАН-ынхан голсон нэртэйгээ зууралдах ч хэрэг байхгүй. Мөн гишүүнчлэлийг өмчилж болохгүй. Хүнийг өмчилнө гэдэг чинь үндсэн хуулийн агуулга зөрчиж байгаа биз дээ. Хүн сайн дураараа эвлэлдэн нэгдэх том зарчим байгаа. Түүнтэй адил намаас гарах нь бассайн дураараа л байна. Үзэл бодолтой, итгэл үнэмшилтэй байх нь хүний хамгийн том эрх шүү дээ.

Үүнийг эвдэх практикыг шүүх хэрэглэхгүй байх гэдэгт би хуульчийн хувьд итгэж байгаа. Нэр өөрөө өмч биш. Нам гэдэг хэн нэгэн хүний хувийн компани биш. Ашгийн төлөө байгууллага ч биш. Намын нэрийг хувь хүний оюуны өмч мэтээр эндүүрч болохгүй. Хөгжмийн зохиолч хүн нэг ая зохиолоо гэхэд тэр нь тухайн хүний оюуны өмч. Намд бол тийм асуудал байж таарахгүй. Намын тухай хуулийн хүчингүй болсон заалтыг шүүрч авч яриад байгаа нь төөрөгдүүлэх л гэсэн л хэрэг.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих