Чингэлтэй дүүргийн жинхэнэ засаг дарга нь хэн бэ ?

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдыг дүүргийн ИТХ нь хуралдаж огцруулах шийдвэр гаргаж оронд нь Иргэдийн хурлын төлөөлөгч Т.Аюурсайханыг тавьсан. Хачирхалтай нь хотын дарга Э.Бат-Үүл дарга дүүргийн Засаг даргыг огцруулах хийгээд томилоход захирамж гаргах ёстой байдаг. Гэтэл Чингэлтэй дүүрэг удирдлагагүй мэт аашилж дур зоргоороо халж, сольж, МАН-ынхан дотроо дүүргийн Засаг даргын төлөө тулаан болж байна гэх мэт мэдээллүүд хэвлэлүүдээр гарч байна. Үүнтэй холбогдуулан шинэ, хуучин Засаг дарга нар болон холбогдох хүмүүсээс тодруулга авлаа.
Д.Ганболд: Наадуул чинь xyyль мэдэхгүй тэнэгтэж байгаа

-Таныг Засаг даргын албан тушаалаас огцруулсан тухай яригдаад байгаа, Энэ талаархи таны байр суурийг сонсмоор байна?
-Энэ бол цэвэр улс төрийн тоглолт гэж үзэж байгаа. Тэд намайг энэ албан тушаалаас маань огцруулсан болж, ээлжит жүжгээ тавьж байгаа нь тэр. Надад энэ талаар яриад байх өөр зүйл алга.
-Тэгэхээр таны оронд Иргэдийн хурлын төлөөлөгч Т.Аюурсайханыг томилсон нь хууль бус шийдвэр гэдэгтэй санал нийлж байгаа хэрэг үү?
-Мэдээж хууль бус шийдвэр байлгүй яах вэ. Наадуул чинь хуулиа мэдэхгүй тэнэгтээд явж байгаа байхгүй юу.

-Та эрхийнхээ дагуу хууль, шүүхийн байгууллагад хандсан уу?
-Хандаагүй. Хандсан ч гэсэн шударга шүүх гэж байдаг бол энэ асуудал үнэн зөвөөрөө шийдэгдэх л байх.

-Танай дүүргээр ороод гарлаа. Та ажлын өрөөндөө байсангүй. Хаагуур яваад байна?
-Гадуур хурал энэ тэр гээд зав муутай явж байна.

-Ер нь та Засаг даргынхаа үүргийг хэр сайн биелүүлсэн хүн бэ?
-Юу ч гэсэн сонгогч олны итгэлийг алдаагүй. Түмний ажлыг зөв зүйтэй хийгээд л явж байгаа.

-Таны оронд томилогдоод байгаа Т.Аюурсайхан Засаг даргын ажлаа хүлээлгэж өг гэвэл яах вэ?
-Би Засаг даргын ажлаа өгөхгүй. Тэгээд ч энэ чинь Т.Аюурсайхан болоод Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн шийдчих асуудал биш. Энэ шийдвэрийг хууль ёсны дагуу Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл шийддэг. Ингэхдээ захирамж гаргаж батламжилж байж л шийдэх учиртай зүйл.

-Та МАН-ын гишүүн. Гэтэл Т.Аюурсайханыг томилсон хүмүүсийн ард ИТХ-ын дарга, МАН- ын гишүүн Ч.Батбилэг, УИХ-ын гишүүн асан Д.Очирбат нар байгаа  тухай мэдээлэл тарж байна. Та энэ талаар сонссон уу?
-Өр нь өтөвч дотроосоо гэдэг үг байдаг даа. Тийм л юм болчихоод байна.

Т.Аюурсайхан: Ажлаа хараахан хүлээж аваагүй байна
Чингэлтэй дүүргийн шинэ дарга гэх Иргэдийн хурлын төлөөлөгч Т.Аюурсайхан:

 
-Танай дүүрэгт юу болоод байна вэ. Шинэ, хуучин гэсэн хоёр Засаг даргатай болчихоод учраа олохгүй байна гэх юм?

 
-Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Засаг дарга Д.Ганболдыг огцруулах шийдвэрийг гаргасан. Тэгээд МАН-ын бүлгээс Т.Аюурсайхан гэдэг нэрийг Засаг даргад дэвшүүлээд олонхийн саналаар Засаг дарга болгох тухай иргэдийн хурлын тоггоол гарсан.

-Та тэгээд ажлаа хүлээж авсан уу. Хуучин Засаг дарга Д.Ганболд хэвийн ажлаа хийж байгаа харагдах юм?
-Ажлаа арай хүлээж аваагүй байна.

-Та бүхэн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн эрхэнд халдаад байгаа хэрэг биш үү. Уг нь дүүргийн Засаг даргыг огцруулах хийгээд шинээр тавигдахыг хотын дарга батламжилж байж хүчин төгөлдөр болох ёстой биз дээ?

 
-Нийслэлийн Засаг дарга Э.Бат- Үүлээс Д.Ганболд дарга болон Т.Аюурсайхан гэдэг хоёр хүний аль алиныг нь хүлээж авна авахгүй, хууль ёсны дагуу биш мөн тухай хариу ирээгүй байгаа. Яагаад гэвэл сая нэгдэх өдөр Нийслэлийн Засаг даргад огцруулсан болоод шинээр томилогдсон тухай бичгийг хүргүүлээд байна. Удахгүй хотын даргаас хариу ирнэ байх аа. Энд процедурын тухайд бичгийг хугацаанд нь хүргэсэн эсэх нэг жижиг асуудал бий.

-МАН дотроо хуваагдаж байна. Дүүргийн МАН-ын даргын суудлыг УИХ-ын гишүүн Д.Очирбат авах гэж зүтгэж байна гэх хардлага дуулдаж байна. Та үүнд ямар хариулт хэлэх вэ?
-Д.Очирбат энэ бүх асуудлыг гаргаад байгаа асуудал байхгүй. Дүүргийн ИТХ албан журмынхаа дагуу болж энэхүү шийдвэрийг гаргасан. ИТХ бүрэн эрхийнхээ дагуу шийдвэр гаргасан.

-Д.Ганболдыг огцруулах болсон гол үндэслэл нь юу юм бэ?
-Дүүргийн Засаг даргын ажлын чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй үндэслэлээр дүүргийн ИТХ-аар огцруулсан. Өнөөдөр дүүрэг хогондоо дарагдсан. Агаарын бохирдлыг бууруулах тал дээр дорвитой арга хэмжээ аваагүй. Чингэлтэй дүүрэгт замбараагүй баригдаж байгаа барилга олон бий. Хяналт тавьж чадаагүй гэх мэт тодорхой үндэслэлтэй шалтгаантай.
Г.Ариунбуян: Шинэ, хуучин Засаг даргын томилгоо яригдсан ч дүүргийн ажил хэвийн явагдаж байна
Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч ГАриунбуян:

 
-Та аль Засаг даргынхаа удирдлаган дор ажиллаад байгаа вэ?
-Дүүргийн Засаг даргыг огцруулах асуудлаар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаад огцруулна гэдэг санал гаргаад нийслэлийн Засаг даргад уламжилсан. Энэ асуудлыг нийслэлийн Засаг дарга хууль эрх зүйн болон олон талаас нь харж шийдвэрлэх байх. Хуулиндаа ч ийм заалттай байдаг. Харин дүүргийн Засаг дарга Д.Ганболдыг огцруулах эсэх асуудал одоогоор эцэслэн шийдэгдээгүй байна. Шинээр томилогдох Засаг даргын асуудлыг мэдээж нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ. Дүүргийн Иргэдийн хурлаас Т.Аюурсайхан гэдэг төлөөлөгчийг Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилуулахаар санал болгож хүргүүлсэн байна лээ. Миний хувьд одоогоор ийм л мэдээлэлтэй байна даа.

-Засаг дарга Д.Ганболд ажлын өрөөндөө яг одоо алга. Ингэхэд ажлаа хийж байгаа юу?

 
-Д.Ганболд даргын хувьд ажлаа хийж байгаа. Тэгээд ч ажил нь хэвийн явагдаж байна. Хэдий шинэ, хуучин Засаг даргын томилгооны тухай яригдаж байгаа ч манай дүүргийн хувьд төрийн үйлчилгээг иргэддээ хүргэх ажил хэвийн явагдаж байгаа гэж ойлгож болно. Ер нь төрийн ажил шуурхай, цалгардахгүй явах ёстой. Үүн дээр холбогдох байгууллага анхаарлаа хандуулах биз ээ.

-Танай дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлууд юу байна?

 
-Олон ажил байна л даа. Тэр дундаа нийгмийн салбарт, хот тохижилт, бүтээн байгуулалтын чиглэлээр ажлууд хийгдэж байна. Иргэдийнхээ эрүүл, аюулгүй, тохилог орчныг бүрдүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд Чингэлтэй дүүрэг онцгой анхаарч байгаа. Энэ нь Орон сууцны хороолол дундах бичил цэцэрлэгийг иж бүрэн тохижуулах , сургууль, цэцэрлэгийн гадна талын талбайг хүүхдийн биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулах хэмжээнд тохижуулах явдал юм. Мөн гэр хорооллын авто замыг өргөтгөх, шинэчлэх зэрэг ажлуудыг өрнүүлж байгаа. Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг тохижуулах ажлууд явагдаж байна. Эдгээр ажлууд
нийслэл, орон нутаг, гадаадын төсөл хөрөнгөөр 88 орчим тэрбум төгрөгийн ажил хийгдсэн.
Дүүрэгт хийсэн ажил Д.Ганболдод байгаа юм уу
Чингэлтэй дүүргийн иргэн Б.Баатар:

-Таны оршин суугаа дүүрэг болох Чингэлтэй дүүрэг хоёр ч Засаг даргатай болчихоод байна. Та дүүргийн Засаг даргын Тамгын газарт явж байгаагийн хувьд энэ мэдээллийг сонссон уу?

 
-Би дүүргийнхээ дарга нартай уулзах гээд үүдээр нь эргэлдээд явж байна. Барилгатай холбоотой асуудлаар юм асуух гээд уулзах гэсэн чинь чадахгүй явна. Тэгээд сая дүүрэгт ажил хийж байгаа хүн байна уу гэж бодоход хүрлээ. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдыг тодорхой хэмжээгээр мэднэ ээ. Энэ хүн сонгуульд нэр дэвшихийн тулд дүүрэгт хуваарилсан мөнгийг хотын төв рүү буюу Чингэлтэй дүүргийн 1-7 дугаар хороо руу хамаг хөрөнгө оруулалтыг хийсэн байна лээ. Гэр хорооллууд руу тун цөөхөн ажил хийсэн хүн дээ. Яагаад хотын төв рүүгээ анхаарлаа хандуулаад байсан вэ гэвэл Засаг дарга маань сонгуульд нэр дэвших нэр нүүрээ хийж явсан байна лээ, Энэ тухай сая сонгууль болоход иргэдийн дунд яригдаж л байсан.

-Та дүүргийнхээ иргэний хувьд Засаг дарга Д.Ганболд болон шинээр болж буй гэх Т.Аюурсайхан нарт ямар дүн тавих вэ?

 
-Т.Аюурсайхан гэдгийг нь таних ч үгүй. Дуулаагүй. Д.Ганболд тэргүүтэй дүүргийн удирдлагуудад яг үнэндээ дүнд дүн тавих хүн олдохгүй байх аа. Муугийн муу дүн л таарна байх. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд Чингэлтэй дүүргийн иргэдийн амьдралыг өөд татах ажил юу хийв. Нөгөө хөшөө, дурсгал босгохдоо их хэмжээний мөнгө өгдөг гэх чинь билээ. Ядахнаа ганц цэцэрлэг, сургууль барьчихгүй тэр их хөрөнгөөр. Даргын суудлын төлөө эд чинь юу ч хийж мэднэ. МАН-ынхан арай хэтэрч байна аа.

 
Ч.Анна
Эх сурвалж:”Нийслэл Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих