Үндэсний спортоо нүд үзүүрлэсээр харьд алдах уу?
Сур харвааг шоовдорлогдсон спорт хэмээн тодорхойлж арай л болохгүй байх. Гэхдээ л монголчууд үндэсний спортдоо өөриймсөг бус ханддаг. Хүй нэгдлийн үеийн зэр зэвсэг бидэнд хэрэггүй гэж “онолдох” нэгэн ч бий. Гэтэл монгол үндэсний спортыг дэлхий даяар сонирхож буйг “Ордос 2” олон улсын спортын наадам харуулсан юм. Энэ талаар улсын мэргэн А.Хонгортой ярилцаж суухдаа бүр ч ихийг бодоход хүрэв, Ямартай ч хятадууд сур харвааны тэмцээнийг өндөр түвшинд хийснийг харваачид хүлээн зөвшөөрнө.
Өвөр Монголын Бор талын хошууны харваачид, үзэмчин, цахар, Хөлөнбуйрын тамирчид болон Халимаг, Украин, Польш, БНСУ, Монгол зэрэг орны мэргэчүүд цэц уралдуулсан наадам үзэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татсан. Эмэгтэйчүүд 20, эрэгтэйчүүд 30 м-т зэвтэй сумаар 10 см-ийн голчтой байг 18 сумаар харвасан нь манай уламжлалт харваанаас онц ялгаатай байв. Тавагт буудлагын машин ашиглан, нисэж буй тавгийг нум сумаар харвах шинэ төрлийг ч нанхиадууд нэвтрүүлжээ. 40 м-т “саран бай” онох тэмцээн сэдэж олсон нь ч нэгэн сюрприз байлаа. Хэзээний л эрхийдээ эрдэмтэй монголчууд нэг төрөлд нь тэргүүн байр эзэлж, 30 мянган юаниар шагнуулсан юм. Харин нөгөө баг нь тамирчин дутуу ирсэн тул өндөр амжилт гаргаж чадаагүй. Тэмцээний зааварт 18-аас илүү сум тавих болзол байсан ч оролцогч олон ирсэн тул цөөлөхөөс өөр аргагүйд хүрсэн аж.
Тэмцээнд оролцохын сацуу сурын өвөг эцэг болох урианхай харвааг дэлгэрүүлэх хүсэлдээ хөтлөгдсөн А.Хонгор мэргэн бусад орны тамирчидтай холбоо тогтоох боломж алдалгүй урианхай харвааг гадаадын харваачдад тайлбарлан сонирхуулж харагдсан юм. Энэ төрөлд хүч сорих хүсэлтэй хүн ч цөөнгүй гарав. Харин зохион байгуулагчид уг харвааны үзүүлэх тоглолт хийхийг зөвшөөрөөгүй учраас нум сумаа гаргаж тавиад тайлбарлах ажил хийсэн нь энэ. Урианхай сурын олон улсын холбоо байгуулах, дэлхийн спорт болгон хөгжүүлэх бодолтой явдгаа Хонгор мэргэн надаас нуугаагүй. Биеийн тамир спортын удирдах байгууллага энэ саналыг ажил хэрэг болгож, урианхай харвааны талаар олон улсын зөвлөлгөөн, онол практикийн бага хурал хийж, хөрөнгө мөнгө гаргаж яагаад болохгүй гэж?
Өнөөдөр БНХАУ өндөр бай шагналтай тэмцээн зохиож, харваачдыг өөртөө татаж байна.
Энэ наадамд гэхэд л тэргүүлсэн баг 30 мянга, хоёр, гуравдугаар байр эзэлсэн нь 15-10 мянган юаниар шагнуулснаас гадна найм хүртэл байрт мөнгөн шагнал олгожээ. Харваачдын замын зардлыг дааж байна. БНХАУ сурыг цаашид хөгжүүлэх бодлогоо аль хэдийнэ хэрэгжүүлж буй нь илт. Магадгүй манай наадамтай давхцуулж, өндөр бай шагналтай тэмцээн хийвэл урдаа барьдаг харваачид маань урд хөршийг зорихыг үгүйсгэхгүй. Хаана их шагнал байна, түүн рүү явах нь хүний л зан. Тэр цагт үндэсний сур Хятадаас үүсэлтэй гээд зарлачихвал бид яах вэ? Үндэсний спортыг хөгжүүлэхэд төрийн бодлого үгүйлэгдэж байна. Монголын уламжпалт олон төрлийн харваа наадгайг сэргээх цаг иржээ.
Шинэ юм гэж мартагдсан хуучин зүйлийг хэлнэ гэсэн ч үг байдаг. Урианхай харваа манай өвөг дээдсээс уламжпалтайг нотолж, хавчаахай нумыг олонд танилцуулан, цэрэг дайны бэлтгэлийн үед харвадаг байсан морин дээрээс чимхэж, атгаад татах харвааг дэлхийд сурталчлах цаг аль хэдийнэ ирсэн мэт санагдана. Улсын наадамд халх, урианхай, буриад харвааны бай шагналыг адил хэмжээнд дүйцүүлж үзэх нь зүйтэй тухай тамирчид өгүүлдэг. Үндэснии харваанд түрүүлсэн харваач 4 сая төгрөг хүртээд зогсож байхад нөгөө хоёр төрөлд аваргалсан нь 190 мянган төгрөг гарддаг ялгавартай үзэл цаашид ч “удамшсан” хэвээр байх уу? Хилийн чанадынхан монгол харваачдыг сонирхож, камер, дуран авай зөвхөн манайхан дээр л ажиллаж байна. Үндэсний спортоо бид нүд үзүүрлэх учиргүй.
Б.Өгдэй
Эх сурвалж:”Таван Цагариг”
URL: