Автомашины үнэ өсчээ
Монголд зарагдаж буй машины үнэ өссөн тухай мессеж гадуур тархаж байна. Өсөх болсон шалтгаан нь өнөөх “муу ёр”-ын цунами гэх. Олон нийтийн дунд тархаад байгаа тэрхүү мэдээлэл хэр үндэслэлтэйг газар дээрээс нь сонирхохоор “Да хүрээ” захыг зорилоо. Эзнээ хүлээн зогсох шинэ хуучин төмөр хүлгүүдийн үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1-2 сая төгрөгөөр өссөн байна. Гэхдээ өсөх болсон шалтгаан нь өөр юм билээ.
Өнгөрсөн баасан гаригт Япон улсад тохиолдсон байгалийн гамшиг олон тэрбумын алдагдалд оруулаад байгаа. Үүнээс үүдэлтэйгээр Монголын эдийн засагт цумнамигийн үр дагавар нөлөөлөх вий гэсэн эмзэглэл нийгэмд хураад байгаа юм. Учир нь Монгол Улсын гол түншлэгч орнуудын нэг бол Япон. Ялангуяа машин техник, цахилгаан бараа хэрэгслийг монголчууд тус улсаас импортлодог. Тиймээс ч Японд болсон байгалийн гамшиг Монголын авто машины зах зээлд нөлөөлөх вий гэсэн битүүхэн хардлага худалдан авагчдын дунд байгаа юм. Манай улсын импортын таван хувийг Япон улс хангадаг гэсэн тооцоо бий. Импортын ихэнх хувийг суудлын автомашин эзэлдэг юм байна. Тухайлбал, өнгөрсөн онд 20 мянга гаруй тээврийн хэрэгсэл тус улсаас импортолж, үүнд 12 тэрбум 366.4 мянган ам.доллар зарцуулжээ.
Дээрх статистик судалгаанаас харахад, Монголын авто машины зах зээлийн дийлэнх хувийг япон тэргүүд эзэлдэг бололтой. Гэхдээ машины үнэ Японд болсон гамшгаас болоод өссөн хэрэг биш юм билээ. Үүнээс таван сарын өмнө, өнгөрсөн оны сүүлчээр авто машины онцгой албан татварыг нэмэх сургаар ченжүүд зарж буй төмөр хүлгүүдийнхээ үнийг нэгээс хоёр сая төгрөгөөр нэмсэн нь өнөөг хүртэл буураагүй байгаа юм байна. Үнэндээ Японд болсон цунами япон машины үнийг бууруулахгүй байх өчүүхэн шалтгаан болохоос үнэ нэмэх шалтаг болоогүй.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монголд зарагдаж буй авто машины үнэ өмнөх аравдугаар сарынхаас шууд хоёр саяар дээшилсэн нь татвар, хуулиндаа байнгын өөрчлөлт оруулдаг манай улс төр, эдийн засгийн тогтворгүй байдалтай холбоотойг ченжүүд нуулгүй өгүүлсэн. Ардуудыг машин унахыг хориглосон шийдвэрийг гаргахаар зарим эрх баригчид багагүй лоббидсон нь үнэ өсөх балаг тарьсан байна. Сар шинийн өмнөхөн арилжааны банкууд сарын хугацаатай зээлийнхээ хүүг хоёр хувиас 1,5 хувь руу буулгасан нь эрэлт хэрэгцээг ихэсгэж “Да хүрээ” зах бараг хоосрох шахсан гэнэ лээ. Иргэдийн эрэлт хэрэгцээн дээр дөрөөлж цагаан сараар ченжүүд машиныхаа үнийг бас л 500 мянгаас нэг сая орчим төгрөгөөр нэмсэн байна. Гэхдээ авто машины үнэ хөөрөгдөх хамгийн том шалтгаан нь онцгой албан татварт өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар хөндсөн явдал. Эрх баригчид энэ тухай сонсвол цунами руу буруугаа чихэх биз. Нэг ченж нөхрийн ярьснаар бол эрх баригчид машин оруулж ирдэг компаниудын лоббигоор энэ асуудлыг хөндөж, үнэ хөөрөгдөх нөхцөлийг бүрдүүлсэн гэх. Үнэн худлыг нь бид яаж мэдэх билээ.
Ченжүүдийн хэлж буйгаар япон тэрэгний үнэ ирэх сараас унаж магадгүй нь бололтой. Тус улсад үйлдвэрлэсэн олон сая машин цунамид нэрвэгдсэн бөгөөд эдгээр төмөр хүлгүүд дахин засварт орсныхоо дараа хямдарсан үнээр Монголд нийлүүлэгдэх болов уу гэсэн таамаг байгаа аж. Энэ тохиолдолд он залуу, дахин “төрсөн” япон машины үнэ 1-2 сая төгрөгөөр буурах боломжтой гэсэн. Гэхдээ ченжүүдийн хэлсэн үгэнд бас итгэхийн аргагүй. Тэд нэг шалтгаан хэлээд импортлосон машиныхаа үнийг нэмчихээ мэднэ. Гэхдээ ямарч байсан япон машины үнэ цаашдаа буурч магадгүй аж.
Монголд орж ирсэн он сар болон явсан километрээсээ шалтгаалаад машины үнэ янз бүр. Бүр нэг сая төгрөгийн үнэтэй элентра, экселиэс авхуулаад хоёр, гурван өрөө байрны үнэтэй төмөр хүлгүүд эзнээ хүлээгээд сойгдож байсан. Үйлдвэрлэлийг нь зогсоосон экселиэс хямдхан япон тэрэг ч байсан. Зарж буй нөхрөөс яагаад ийм хямдхан байгааг сонирхвол “хөрвөчихсөн” гэсэн товчхон хариулт өгнө лээ. Авах хүний бэл мэднэ гэгчээр өөрийнхөө хэрэглээ, хэтэвчинд тохирсон машин авах боломж “Да хүрээ”-гээр дүүрэн. Халтуурны гэх тодотголтой “верна” гэхэд гурван саяас 7,5 сая төгрөгийн үнэтэй байсан. 2003 оны Монголд орж ирээд сар болоогүй гэх “королла” гэхэд 9,8 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан “тоёота пруис” vйлдвэрлэсэн оноосоо шалтгаалаад 6.5-7.5 саяын үнэтэй. Саяхан орж ирсэн“тоёота пруис”-ыг 2005 оны шинэ загвар,13 саяд зарна” гэх нөхөртэй ч таарлаа. Харин “веросса” 13 сая, “чейзер” есөн сая төгрөгөөр зарагдаж байна. Мэдээж наана, цаана яривал 200-500 мянган төгрөгөөр татах юм билээ. “Гранд маркII” 12.5, “карина” 8.5, “кроун” 12.5-13 сая төгрөгөөр худалдаалагдаж байна. “Ниссан Х-трэйл” 13.5, “ниссан тийнаа” 13 сая төгрөгийн үнэтэй байв. “Да хүрээ” зах дээр зарж борлуулж япон тэргүүдээс “Тоёота”-гийн машинууд арай илүү өндөр үнэтэй байна лээ. Эдэлгээ, чанар сайтай учраас гэх тайлбарыг ченж залуу өгсөн юм. Иймэрхүү л үйл явдал “Да хүрээ” зах дээр өрнөж байна.
Ж.ЭРХЭC
URL: