Н.Энхбаяр гадагшаа явж эмчлүүлэх шаардлагагүй
Өнгөрсөн сарын 2-нд Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс 4.6 жилийн ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаяр хорихын эмнэлгээс Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт шилжиж ирээд гурван долоо хоног болж буй. Тэрбээр хорихын эмнэлэгт татаж унаснаас биеийнх нь байдал муудаж, нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад орох шаардлагатай болсон юм. Гэвч сүүлийн үед түүнийг эмнэлэгт дахин өлсгөлөн зарлахаар болсон, эмчилгээ нь үр дүнд хүрэхгүй, онош нь тогтоогдохгүй байгаа учраас гадагш явуулж эмчлүүлэх шаардлагатай байгаа гэх янз бүрийн мэдээлэл цацагдах болсон. Түүнчлэн түүний ар гэрийнхэн болон намыхан нь өдөр бүр түүнтэй уулзаж байх хүсэлтийг Нийслэлийн шүүхэд гаргаад байгаа юм.
Тэдний хүсэлтийг хангах боломжтой эсэхийг тус шүүхээс лавлахад, “Н.Энхбаяр онцгой дэглэмд эмчлүүлж байгаа өвчтөн. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч байсан хүн болохоор төрийн тусгай хамгаалалтаас гараагүй. Дээрээс нь анхан шатны шүүхээс ял сонссон хүн болохоор шүүхийн шийдвэрийнхний давхар давхар хяналтад байдаг. Тэгээд ч эмчилгээ нь тайван орчин хийгдэх ёстой гэдгийг эмнэлгийн зүгээс хэлсэн. Тиймээс ийм боломж байхгүй” гэсэн юм. Түүнчлэн экс Ерөнхийлөгчийг эмчилж буй эмнэлгийн дарга Г.Баясгалангаас сүүлийн үед хэвлэлээр ярьж буй шиг үнэхээр гадагшаа явж эмчлүүлэх шаардлагатай болоод байгаа эсэхийг лавлахад, “Н.Энхбаяр манай эмнэлэгт өнгөрсөн сарын 20-нд ирсэн.
Түүнээс хойш бид шаардлагатай бүх эмчилгээг хийж байна. Нарийн мэргэжлийн эмч нарын баг түүнд шинжилгээ хийж, хэд хэдэн дүгнэлтэд хүрсэн. Нэгдүгээрт, энэ хүн удаан хугацаагаар хуурай өлсгөлөн зарласан учраас олон эрхтний дутмагшлын хам шинж өвчтэй, дээрээс нь хүчтэй стрессээс үүдсэн эрхтэн тогтолцооны хам шинж өвчин илрээд байгаа. Бид эмч нарын багийн оношийн дагуу шаардлагатай гэсэн бүхий л эмчилгээг хийж байгаа. Анх ирснээ бодвол эмчилгээ тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгч байна. Харин гадуур яриад байгаа шиг гаднын оронд явж эмчлүүлэх талаар манай эмч нарын багаас тийм дүгнэлт гаргаагүй, тэр тухай ч яригдаагүй. Тэгээд ч анхан шатны шүүхээс ял сонссон хүнийг тийм амар гадагш нь гаргадаг эсэхийг сайн мэдэхгүй байна. Ямартаа ч бид тэр хүнийг ялтан бус үйлчлүүлэгч, өвчтөн гэдэг үүднээс хүлээж аваад хэрэгтэй гэсэн эмчилгээг хийж байна” гэсэн юм.
Тэрбээр цааш нь хэлэхдээ ар гэрийнхэн болон намынхан нь яриад байгаа шиг хордуулсан шинж тэмдэг илрээгүй гэдгийг хэлсэн. Харин хордлого нь дотоод болон гадаад гэж байдаг байна. Н.Энхбаярын хувьд дотоод хордлого байгаа гэнэ. Гэхдээ энэ нь хордсон, хор өгсөн гэсэн үг биш аж. Өөрөөр хэлбэл, олон хоногийн өлсгөлөнгийн дараах бодисын солилцооны хямрал буюу идэж, хэрэглэж байгаа зүйлсийн хордлого байна. Түүнчлэн Н.Энхбаярыг цаашид хэдий хугацаанд эмчилж байж хэвийн байдалдаа орох эсэхийг тодруулахад, тодорхой хугацаа хэлэх боломжгүй гэсэн юм. Учир нь удаан хугацаагаар хуурай өлсгөлөн зарласан хүн тайван бөгөөд агаар сайтай нөхцөлд эмчлүүлэх шаардлагатай байдаг байна. Гэтэл түүний хувьд хуурай өлсгөлөнгийн дараах бодисын солилцооны өөрчлөлтөд орсон байгаа учраас багагүй хугацаа шаардлагатай байгаа аж. Нөгөөтэйгүүр экс Ерөнхийлөгчтэй холбоотой сүүлийн үеийн бас нэг мэдээлэл байгаа юм. Энэ нь тэрбээр II нэгдсэн эмнэлэгт ирснээсээ хойш дахин өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн тухай мэдээлэл.
Энэ талаар экс Ерөнхийлөгчийн эмчлүүлж буй эмч болон намынхных нь хэлж буйгаар тэрбээр албан ёсоор ийм зүйл яриагүй гэдгийг хэлсэн. Түүнчлэн Н.Энхбаярт шүүхээс ял өгсний дараа МАХН-ынхан шүүхийн шийдвэр хууль бус, улстөрийн хэлмэгдүүлэлт байсан хэмээн мэдэгдсэн. Ингээд “Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хилс хэргээс аврах ард түмний гарын үсэг” аяныг өнгөрсөн сарын 24-нөөс өрнүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар 35 мянга гаруй хүн уг аянд нэгдэж, гарын үсгээ зураад байгаа ажээ. Уг гарын үсгийг МАХН-ын удирдлагуудад хүргүүлээд байгаа бөгөөд өнөөдрөөс Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад хүргүүлэхээр болсон гэнэ.
М.ӨНӨРЖАРГАЛ
unen.mn
URL: