“Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхай татан буугдах дээрээ тулаад байна

-ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ТӨСӨЛ ҮЛГЭР БОЛОВ-

Монгол Улсын Зас­гийн газар  БНХАУ-тай хамтран “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайг түшиглэн  600 кВт-ын хү­чин чадалтай зургаан ца­хил­гаан станц барих тө­сөл яригдаад олон жи­лийн нүүр үзлээ. “Шивээ-Овоо”-гийн уурхайн хүрэн нүүр­сийг ашиглан цахил­гаан станц бариад, гаргаж ав­сан цахилгаанаа Оюу тол­гой, Хятадын хойд му­жуу­дад 2.5 центээр зарах тухай сайхан “үлгэр” ярь­даг байв. “Хотны ноос түүж, эсгий хийгээд” гэдэг шиг энэхүү үлгэрт говийн зарим аймгууд итгээд одоо хүртэл гэрэл цахил­гаан ч үгүй сууж байна. 2009 оноос хойш Сү.Бат­бол­дын Засгийн газар жилдээ 20 тэрбум кВт цахилгаан үйлдвэрлэж зараад 600 сая ам.доллар олно гэсэн “үлгэр”-ээ ярихаа байсан. Учир нь юу гэвээс “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхай нэг тонн ч нүүрсгүй болчихоод байгаа юм. Хэдхэн жилийн дотор 2,7 тэрбум тонн нүүрс хаашаа урсаад алга болчихов оо. Хэрлэн голын усыг хүртэл говь руу урсгах долоон тэрбум ам.долларын өртөгтэй цахилгаан станцын төсөл юунаас болж замхрав. Учир шалтгааныг нь он дарааллын дагуу хөөх нь зөв болов уу.

СОЦ“ НИЙГМИЙН ҮЕЭС ЭХЭЛСЭН ДАМПУУРАЛ ӨНӨӨГ ХҮРТЭЛ ДУУСДАГГҮЙ

1987 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн тогтоолоор одоо­гийн  Говьсүмбэр, Дорно­го­вийн нутагт эрэл тандалтын ажлыг 52500 гектар талбайд хийсэн бай­на. Үүнээс 3500 гектар талбайд урьдчилсан хайгуул хийсэн аж. Энэ үеэс эхлэн “Шивээ-Овоо”-гийн нүүрсний бүлэг орд 2,7 тэрбум нөөцтэй гэх таамаг бий болсон гэнэ. Ингээд 1990 оноос “Шивээ- Овоо”-гийн нүүрсний нөөцөд тул­гуурлан төрийн өмчит “Шивээ-Овоо” ХК-ийн ил уурхайг бай­гуул­сан түүхтэй.

Илчлэг багатай “Шивээ-Овоо”-гийн нүүрсийг Багануурын уурхайн нүүрстэй холин дөрөвдүгээр ца­хил­гаан станцыг хангаж ирсэн. Үүсэн байгуулагдсан цагаасаа сайн нэрийг дуулж явсангүй. МАХН-ын гишүүдийн шахааны бизнесийн гол төв, өр авлагын тулам байсаар өнөөг хүрсэн билээ. Энэхүү уур­хайн алдагдлыг бууруулах зорил­гоор 1996 онд 2,7 тэрбум нүүрсний нөөцөнд тулгуурлан Японы Зас­гийн газраас 66 сая ам.долларын тоног төхөөрөмжийн зээл авсан ч үр дүн гараагүй.

Япон улсаас зээлсэн тоног төхөөрөмжийг уурхайн ажилчид зардаг, өндөр үнээр шахдаг гэсэн хэл ам гарч байлаа.  Санхүүгийн зөрчил л гэхэд 27 тэрбумаар тоо­логдож байсан юм. Алдагдалтай, асуудалтай төрийн өмчит уурхайн захирал О.Шагдаржав нь төрийн өндөр гавьяа шагнал хүртсээр байв.  Уурхайн удирдлага 1996 онд ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй учир ихэнх талбайгаа алджээ.

1997 оны ашигт малтмалын гэх алдартай хууль бий. Энэ хуулийг бизнесийн бүлэглэлийн захиал­гаар гаргасан гэх хардлага ч байдаг юм. Төлбөрөө төлөөгүй бүх уул уурхайн орд хураагдаж хэн тү­рүүлж өргөдөл өгсөн нь тусгай зөвшөөрөл авдаг байлаа. Биз­нес­менүүд соц нийгмийн үеийн мах сүүний дарааллыг санагдуулам урт дараалал үүсгэн улсын цолтой бөхчүүд хүч түрдэг байв.

Тэр үед “Оюу толгой”, “Таван толгой”, “Эрдэнэт”, “Адуунчулуут”, “Шивээ-Овоо”, “Мардай”, “Бага­нуур”, “Шарын гол” гээд улсын хөрөнгөөр хайгуул нь хийгдсэн бүхий л уурхай орд газрын тал­байгаас хуулийн хүрээнд “хусах” боломж бүрдсэн. Энэ үед “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайг той­руулан “Ажнай Майнинг”, “Говь гео” ХХК-иуд нийт газрын 75 хувийг авчихсан байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэзээ хойно “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхай ашиглалтын тал­байнхаа 75 хувийг алджээ гэсэн мэдээлэл гарангуут дуртай дургүй шүү­хэд хандсан. Хэл амнаас эмээ­сэн үү одоогийн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нэг их тэмцэл хийл­гүйгээр буцаан өгсөн байдаг. “Шивээ-Овоо” нүүрсний уурхайн захирал, Монгол Улсын гавьяат уурхайчин О.Шагдаржав хамтран ажилладаг “Говь гео” компа­нийн­хаа хулгайг мэдээгүй гэхэд итгэм­гүй.

Нэг иймэрхүү өнгө төрхтэй гэл­дэрч байтал 2004 оны арван­нэгдүгээр сард Н.Мөнх-Эрдэнэ, Б.Цэрэндолгор гэдэг хоёр хүн “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уур­хайн эргэн тойронд нийт долоон ширхэг хайгуулын тусгай зөв­шөө­рөл авсан байдаг аж. Зүгээр л тусгай зөвшөөрөл зардаг нөхдүүд байсан бололтой. Ашигт малт­малын газраас авсан тусгай зөв­шөөрлөө А.Чингэс гэдэг хүнд шил­жүүлсэн байна.

Зараалын морь шиг зарагдаж явсан энэхүү тусгай зөвшөөрлийг А.Эрдэнэбат гэдэг залуу авч “Шинэ-Овоо” компанийг байгуулсан аж. Энэ үеэс эхлэн “Шивээ Овоо” нүүс­ний уурхайн захирал О.Шагдаржав шүүхэд хандаж эхэлсэн байна. 2008 онд Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр улсын хөрөнгөөр хайгуул нь хийгдсэн “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайн эргэн той­ронд авсан тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох, улсад эргүүлэн авах талаар үүрэг чиглэл өгчээ.

Тэр үүрэг чиглэлийн дагуу Үйлдвэр худалдааны яам, Мэргэж­лийн хяналтын газар, Эрдэс баял­гийн зөвлөлийг багтаасан комисс шал­галт явуулсан аж. Энэхүү шал­галтаар “Шивээ-Овоо”-гийн нүүрс­ний бүлэг орд газрын 564 сая тонн нь улсын хөрөнгөөр хайгуул хийгд­сэн нь тогтоогдсон байна. Тиймээс “Шинэ Шивээ” овоо компанийн эзэмшиж байгаа долоон ширхэг тусгай зөвшөөрөл бүхий 77746 гектар талбайг эзэмших эрхтэй гэж заажээ.

Энэхүү комисс улсын хө­рөн­гөөр хайгуул нь хийгдсэн 564 сая тонн нүүстэй талбайг “Эрдэнэс МГЛ” компанид өгөхөөр болжээ. Энэ шийдвэрээс болоод “Шивээ-Овоо” компани нэгч тонн нүүрсгүй болоод зогсохгүй “Эрдэнэс МГЛ” компанид түрээс төлдөг болжээ. Нүүрс ч үгүй, газар нутаг ч үгүй болсон “Шивээ-Овоо” нүүрсний уурхай татан буугдахад гайхах зүйлгүй болжээ. (Уг нь жилдээ нэг саяас хэтэрдэггүй хэрэгцээтэй Монгол Улсад 564 сая тонн хүрэн нүүрс гэдэг их тоо. “Шивээ овоо” “Эрдэнэс МГЛ” компаниуд учраа олоход Засгийн газрын оролцоо байхад л хангалттай.)

ШИВЭЭ ОВОО“-ГИЙН ОРД ГАЗАРТ ШИНГЭН ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭР БАРИГДАНА

“Шивээ-Овоо”-гийн эргэн той­рондох газрын мэдэлдээ авсан “Шинэ-Шивээ” компани улсын хө­рөнгөөр хийгдсэн хайгуул нь хийгд­сэн талбайгаа буцаан өгөхдөө тухайн үеийн Үйлдвэр худалдааны яамтай тун ч нарийн гэрээ хийгээд авсан байгаа юм. Тухайлбал гэ­рээнд “Нөөцөнд авах­гүй байх, тусгай хэрэгцээнд авах­гүй байх, тусгай зөвшөөрлүүдийн талбай хил, хязгаарт ямар нэг өөрчлөлт оруулахгүй байх, тусгай зөв­шөөр­лүүдийг үндэслэлгүй цуцлахгүй байх” гэх мэт хамгаалалтыг төрөөс шаардан баталгаажуулжээ.

Энэ гэрээнээс үзэх юм бол “Шивээ-Овоо” хувьцаат компани байгаа нөөц дээрээ нэмж тусгай зөвшөөрөл авах үндэсгүй юм билээ. Харин “Шинэ Шивээ” ХХК  утгаад зарах боломжоор тун таа­руу нүүрсээр яах юм бол. Тэгээд ч хоёр зуу гаруй метрийн гүнд ол­борлолт хийх болчихсон ордод шүү дээ.

2004 оноос эхлэн “Шинэ Шивээ” компани тусгай зөвшөөрлүүдээ зарчихаагүйн учир гэвээс шингэн түлш боловсруулах үйлдвэр бай­гуулахаар болсон  явдал гэнэ. 2020 он гэхэд дотоодын шингэн түлшээр хангах, газрын гүнд бо­ловсруулалт хийх яриа ч байна лээ. 30 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 300 гаруй залуус ажлын байртай болчихоод байгаа юм байна. Бас л сайхан төсөл яригдаж байгаа юм.

Өдгөө  Сингапурын компанитай хамтран ажиллаж байгаа аж. БНХАУ-д гурван тонн хүрэн нүүрснээс нэг тонн шингэн түлш гаргах болсон. Тэдний хийж байгаа ажлыг л хуулахад Монгол Улс шингэрүүлсэн түлштэй болно. Ямартай ч “Шинэ Шивээ” компани Америк, Канадын томоохон ком­паниудтай хамтран газрын гүний хүрэн нүүрсийг хийжүүлэх, шингэн түлш болгох ажлаа ид хийж байгаа аж. Өөдөлж дэвждэггүй “Шивээ овоо”-гийн нүүрсний уурхай татан буугдахад гайхаад байх зүйлгүй болжээ.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ

nuurs

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих