”Шударга ёс” эвслийнхэн Монголбанкны дэд ерөнхийлөгчийн суудлыг авахаар улайрч байна
Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж үүрэгт ажлаа өгөөд хоёр долоо хоног өнгөрлөө. Түүний ажлаа өгч байгаа нь мэдээж улс төрийн нөхцөл байдалтай холбоотой. Хэдийгээр Монголбанкны ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай томилдог ч энэ нь манайд үйлчилдэггүй хуулийн нэг. Тиймээс хэзээнээсээ л засаг солигдох бүрийд Монголбанкны ерөнхийлөгч солигдож байсан билээ. Нэг үгээр хэлбэл зургаа дахь парламентаа бүрдүүлсэн монголчууд Монголбанкны зургаа дахь ерөнхийлөгчөөр хэн тодрохыг хүлээж сууна.
Мэдээж засгийн эрхийг гартаа авсан Ардчилсан нам Монголбанкны шинэ ерөнхийлөгчийг томилох нь тодорхой. Тиймээс Монголын мөнгөний бодлогыг хэнд бариулж, Монгол Улсын мөнгөний авдрын түлхүүрийг хэнд атгуулахаа нэлээд нухацтай ярилцаж байгаа бололтой. Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдох магадлалтай хүнээр Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал, Хотын мэрийн орлогч асан Да.Ганболд нар тодроод байгаа. Ямартай ч АН-ынхан Монгол төрийн мөнгөний бодлогыг маш чадвартай, мэддэгтэй, мэдрэмжтэй, ажлаа мэддэг, дадлага туршлагатай, хариуцлагатай хүндээ атгуулах байх. Тэгээсэй ч гэж ард түмэн хүлээж байгаа.
Харин төв банкны тэргүүнийг сонгох асуудалд төр хамтарч түшилцэх болсон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл хошуу дүрж, багагүй түвэг удаж байгаа бололтой. Өмнөх хамтарсан Засгийн газрын үед МАН Монголбанкны ерөнхийлөгчөөр Л.Пүрэвдоржийг томилоход АН нэлээд нөлөө үзүүлсэн. Энэ нь Монголбанкийг хоёр дэд ерөнхийлөгчтэй болгоё. Нэгийг нь АН-аас томилъё хэмээж, Н.Золжаргалыг дэд ерөнхийлөгч болгосон. Яг үүн шиг асуудал АН-ынханд тулгараад байгаа гэнэ. Учир нь “Шударга ёс” эвсэл Засгийн газраа хамтарч байгуулж байгаа тул Монголбанкны нэг дэд ерөнхийлөгчийн суудал тэднийд байх ёстой гэж үзэж байгаа аж. Эх сурвалжийн хэлснээр тэрхүү дэд ерөнхийлөгчийн суудалд эвслийн тэргүүн Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг томилуулахаар зүтгэж байгаа гэнэ. Хэрвээ энэ үнэн бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн үнэхээр дэндэж байна гэж хэлмээр санагдлаа. Дэндүү шуналтай юм биш үү. Тэд Н.Энхбаярын нэрийг худалдаж идэж ханахгүй байгаа бололтой. Худалдаж идэж байна гэхээсээ Н.Энхбаяраар наймаалцаж байна гэвэл онох болов уу.
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл хамтарсан Засгийн газарт орохдоо эхлээд эвслийн тэргүүн Н.Энхбаярыг Шадар сайд болгох шаардлага тавьж байсан. Гэтэл энэ нь бүтээгүйгээр барахгүй тэргүүнээ торны цаана суулгачихсан. Харин түүний оронд Д.Тэрбишдагвыг Шадар сайд болгочихлоо. Нэгэнт тэргүүн нь хуулийн өмнө хариуцлага хүлээхээр болсон тул тэд тэргүүндээ “Хүүг тань дээш нь гаргана” хэмээн амласан бололтой. Сайд, дэд сайд. Их хурлын гишүүн гээд Э.Батшугарыг зүтгүүлээгүй суудал гэж үгүй. Гэсэн ч тэр бүр бүтэлтэй зүйл болоогүйг олон нийт харж байгаа. Харин түүний оронд Н.Энхбаярыг даган баясагч нар л хожих шив дээ. Ямартай л УИХ-ын гишүүн Ч.Улаан долоо хоногийн дотор Төрийн хоёр өндөр албан тушаалд залрах вэ дээ. Тэрбээр УИХ-ын дэд даргын суудалд очоод долоо хоноогүй шахам байхдаа Сангийн сайд болчихсон. Ингэснээрээ засгийн мөнгөний авдрын түлхүүрийг гартаа атгалаа гэсэн үг.
Түүнчлэн УИХ-ын гишүүн асан О.Чулуунбатыг Эдийн засгийн хөгжлийн дэд сайдад зүтгүүлж байгаа. Үүний дээр одоо бүр төрийн мөнгөний авдрын бас нэг түлхүүрийг Н.Энхбаярын хүүхдэд атгуулах гээд улайрч байгаа нь энэ. Үүнээс үүдээд Засгийн газрын дэд сайд нарын асуудал гацаанд орсон байх магадлалтай юм. Эх сурвалжийн хэлснээр тэд АН-ынхныг Э.Батшугарыг Монголбанкны дэд ерөнхийлөгч болгохгүй бол дэд сайд нарын асуудлыг хэлэлцэхгүй хэмээн шантаачилж байгаа аж. Юманд учир, суманд занги гэж бий. Н.Энхбаяр намаасаа гарч МАХН-ыг үүсгэн байгуулахад түүнийг дагагсад, олон нийт, судлаачид ч МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг өнөөдрийн өндөрлөгт хүрнэ гэж төсөөлөөгүй.
Гэвч өнөөдөр МАХН-МҮАН-ынхан санаж байснаасаа хэтэрхий өндөрт гарчихаад байгаа. Тиймээс олдсон дээр нь гэсэн шиг олигтой бүхэн рүү хошуу дүрж байгаа хэрэг. Тэд үнэндээ Монголын Төрийн мөнгөний бодлогыг гартаа авахаар улайрч байна. Гэхдээ гэнэт идэх гэдсэнд халтай гэдэг дээ.
Н.Будсүрэн
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: