“Мобиком”-ын ерөнхий захирал урьдчилан бэлдсэн нэвтрүүлгийн талаар мэдээгүй гэнэ

«Мобиком» корпораци бүтэн нэг сарын турш «Хосоор нь хожоорой» сугалаагаа сурталчилж, хонжворыг нь олон түмний нүдэн дээр тохируулна гэсэн. Гэтэл өнгөрсөн даваа гарагт МҮОНТ-ээр шууд нэвтрүүлнэ гэж байсан эл сугалааны тохирлын булхай «Facebook» хуудсаар илчлэгдэж, ёстой л «онигоо»-нд орсон. Энэ талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тэгвэл «Мобиком» корпорацийн ерөнхий захирал ноён Р.Ариунцогт дээрх нэвтрүүлгийн талаар юу ч мэдэхгүй гэх хариултыг өгсөн байна. Энэ тухай ШӨХТГ-ын хяналт зохицуулалтын улсын байцаагч Л.Ган-Өлзийгөөс тодрууллаа. Тэрбээр «Бид гадуур яригдаж буй асуудлын учрыг олохоор тус компанийн ерөнхий захирал Р.Ариунцогттой уулзаж, асууж тодруулсан. Тэр бидэнд тайлбарлахдаа «Манай маркетингийн ажилчид МҮОНТ-ээр шууд нэвтрүүлье гэсэн захиалга өгсөн юм билээ. Гэтэл телевизийн зүгээс «боломжгүй» гэсэн хариу өгсөн байна лээ. Би урьдчилж бичлэг хийсэн гэдгийг мэдээгүй. Өнөөдөр /өчигдөр/ л мэдээд ажилчдаа цуглуулж, юу болсныг нь тодруулах гэж байна» гэсэн тайлбарыг өгсөн.

Уг нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.8-д «Тухайн бараа бүтээгдэхүүний борлуултад урамшуулал, хямдрал байгаа гэсэн хуурамч мэдээлэл түгээх, эсхүл уг урамшууллыг аль нэг этгээдэд өгөхөөр урьдаас тохиролцож зориуд хуурамчаар зохион бай- гуулахгүй байх» гэж заасан. Хэрвээ тус компани үнэхээр дээрх заалтыг зөрчсөн нь илэрвэл хариуцлага тооцно. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.3-т зааснаар 10 сая төгрөг хүртэлх төгрөгөөр торгох, хууль бусаар олсон орлого эд зүйлийг нь хураах гэсэн хуулийн заалтаар арга хэмжээ авдаг. Иймээс «Албан ёсны тайлбараа хэрэглэгчдэдээ хий» гэсэн шаардлагыг Р.Ариунцогт захиралд тавьсан. Одоо манай байгууллагаас тус газарт шалгалт явуулж бай­гаа. Хариу нь удахгүй гарах байх» гэлээ.

Мөн өнгөрсөн гуравдугаар сард үүрэн телефоны компаниудад 10 сая төгрөгийн торгууль тавьж байсан бөгөөд энэ асуудал шийдэгдэж чадсан эсэхийг асуухад ««Мобиком»-оос бусад нь торгуулиа төлж барагдуулсан.

Харин «Мобиком» 10 сая төгрөг төлөхгүй хэмээн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан. Хэрэглэгчдийг нэгэнт хохироосон нь шалгалтаар тогтоогдоод байхад бид буруугүй гэж шүүхэд хандсан нь их л сонин. Ямартай ч энэ хэрэг Мөнх- жаргал гэдэг шүүгч дээр байгаа. Үнэн зөв шийдэж өгөх байх» гэлээ. Mобиком компани хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүйгээр шүүхэд хандсан нь ичмээр хэрэг. Хэрвээ дээрх сугалааг шууд нэвтрүүлээгүй, урьдчилсан байдлаар азтан болсон П.Нацагнямтай үгсэн тохиролцсон бол энэ хэрэг нэлээд асуудал үүсгэж магадгүй бололтой. Тэгээд ч захирал нь мэдээгүй байхад урьдчилан бэлдсэн нэвтрүүлгээ олон нийтэд цацсан гэдэгт итгэх хүн байгаа болов уу.

Энэ нь хууль бус үйлдлээ нууж байгаагийн нэг илрэл гэлтэй. Учир нь тус компани хувь хүний эрх мэдэлд байдаг шүү дээ. Захиралдаа танилцуулахгүйгээр нэвтрүүлэг цацсан нь компанийнх нь дотоод журамд ч нийцэхгүй баймаар юм. Дуулиан тариад буй хосоор нь хожоорой» сугалаа нь долоо хоног бүр явагдаж байх юм гэсэн. Тэгэхээр энэ мэт аргаар хэчнээн хэрэглэгчийн халаасыг хоослох бол.

Мөн хамгийн сонирхол татаж буй нэг зүйл нь хамгийн олон сугалаа авсан хэрэглэгчийг тодруулаад байгаа юм. Энэ үйлдлээс нь харахад хэрэглэгчдээ боломжтой, боломжгүйгээр нь ялгаварлаж буй аж. Тэгэхээр одоо шалгаруулах супер азтанаа тодруулчихсан ч юм бил үү хэн мэдлээ. Тус компани хэрэглэгч биднийг шулснаараа тавхан долоо хоногт 35 тэрбумын орлого олдог гээд бодохоор асар их мөнгийг хууль бусаар олдог гэсэн үг. Энэ мэт увайгүй үйлдлээс харахад «Мобиком »-ыг эзлэх цаг хэдийнэ ирсэн байна шүү.

Р.Саруул

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих