Даварсан “Цаст”-д даруулга хэрэгтэй байна
-Хүн амьдрах боломжгүй “Цаст”-ын каркас зөвшөөрөлгүй барилгын жагсаалтад багтаагүйн шалтгаан юу вэ?-
Зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилга бяцхан охины аминд хүрсний дараа л нийслэлчүүд энэ асуудлыг анхааралдаа авч эхлэв. Нийслэл хотод зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудыг Нийслэлийн удирдлагууд зарлаж, хотын дарга Э.Бат-Үүл захирамж гаргаж арга хэмжээ авахыг мэдэгдсэн. Харин зөвшөөрөлгүй гэгдэж байгаа эдгээр 79 барилгын тоонд багтаагүй ч яах аргагүй хүн амьдрах боломжгүй бас нэгэн барилга сүндэрлэж байгааг хотын дарга танд дуулгая.
Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо буюу “Монгол эм импекс”, “Монгол глобал” компанийн ард таван давхар каркас боссоор нэлээд хэдэн жилийн нүүрийг үзэж буй. Энэхүү барилгыг “Цаст” констракшнынхан 10 давхар тансаг сууц барихаар эхлээд одоо үйл ажиллагаа нь зогсчихоод байгаа юм.
“Тансаг сууц” гэсэн сүржин нэрээр “Цаст”-ынхан өргөмжилж байгаагаас үнэн хэрэгтээ энэ газарт тансаг сууц битгий хэл хүн амьдрах жирийн байр баригдах ч нөхцөл үгүй юм. Ам бардам хэлж байгаа энэ үгийг минь гараашуудаар тойруулсан дээрх барилгын дэргэд очсон хэн ч төвөггүй олж мэднэ.
Одоогоор таван давхар хүртлээ босчихоод байгаа эл барилга хэрэв баригдлаа гэхэд оршин суугчид нь хүүхэд тоглож, хөгшид нарлах талбай гэдгийг мартахаас өөр аргагүй. Машин тавих зогсоол байтугай хүн явах зам ч энэ газарт хомс. Дэргэдэх барилгаасаа таван метр хүрэхгүй зайтай энэ газарт дээрх барилга босчихлоо гэхэд орцныхоо үүдээр гармагц бетонон ханатай нүүр тулах эмгэнэлтэй байдал энэ барилгыг сонгосон оршин суугчдад тулгарна гэсэн үг. Хэлж ирдэггүй, хийсч ирдэг гай, гэнэтийн осол болж, гал гарлаа гэхэд галын машин орох зай энд үгүй. Нийслэлийг битүү чигжиж байгаа орц, гарцгүй тодорхой бус олон барилгын нэг нь мөн л “Цаст”-ын дээрх байшин. Настай хүний даралт ихэсч түргэн дуудлаа гэхэд түргэний машин ирэх ч боломжгүй.
Фургон машиныг европууд “Уг нь сайхан машин. Даанч хүн зорчиж явна гэдгийг мартчихаж” гэж хошигнодогтой адил уг нь сайхан нэртэй ч хүн амьдрахад зориулсан гэдгийг мартсан мөнгөний төлөөх барилга гэж үүнийг л хэлэх биз.
Харин одоо эл барилгын гадаа өндрөөс өндөр кран зоолттой хэвээр л байна. Одоогоор үйл ажиллагаа нь түр зогссон боловч тус компанийнхан хэзээ мөдгүй барилгын ажлаа эхлүүлэхэд бэлэн байгаа нь эндээс харагдана.
Дөнгөж хичээлийн шинэ жилийн эхний өдөр зөвшөөрөлгүй барилгын кран унаж жаахан охины аминд хүрээд байгаа. Түүнээс хоёрхон хоногийн дараа бас нэг кран унаж 20 гаруйхан настай залуугын амийг авч одсон харамсалтай явдал болсон.
Хотыг дээгүүр хэрсэн энэ олон кран хэзээ, хэний дээрээс унах бол гэсэн айдас түгшүүр нийслэлийнхэнд байсаар байгаа. “Цаст” контракшны энэ барилгын кран ч нэг өдөр унаад ирэхийг үгүйсгэхгүй. Олон сараар гадаа сойлгоотой байгаа кран гацаж, эвдрэхгүй гэх баталгаа алга. Тийм эрсдэл гарлаа гэхэд ойр орчмынх нь олон барилга, хүн машин хүнд техникт даруулж амь нас, эд хөрөнгөөр хохирох аюул энд байна.
“Цаст”-ын сүндэрлүүлж буй эл барилга яагаад зогссоныг судаллаа. Тус констракшныхан дээрх барилгын газраасаа болж шүүхээр заргалдаж байгаа гэнэ. Барилга барих нь байтугай машин багтахад хэцүү сөөм газраа ямх ямхаар ч болов нэмэхийн тулд тус компанийнхан башир арга хэрэглэж ойр орчмынхоо байгууллагын газар руу “хуруу дүрэх” болжээ. “Цаст” констракшныхан “Монгол Глобал”, “Монгол Эм Импекс” гэсэн хоёр хөрш компанийнхаа газраас сэм хулгайлж, хаяагаа хадарсан нь илэрч, компаниудын хооронд маргаан үүсээд хоёр ч жилийн нүүр үзэж байгаа аж. Энэ маргаанаас үүдэж өмнөх хотын дарга газрын зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь зогсоосон боловч “Цаст” компанийнхан үүнийг эсэргүүцэж шүүхэд хандсан сураг дуулдав.
Хүн амьдрах ямар ч нөхцөлгүй барилга эхлүүлж, түүнийхээ газрыг тэлэхийн тулд дэргэдэх компаниудынхаа газраас хумсалж бас болоогүй хотын захирагчийн захирамжийг эсэргүүцэж заргалдаж яваа Цаст-ын төрийн хууль, ёс суртахуунаа гээсэн мөнгөний төлөөх үйлдэл үүгээр зогсохгүй.
Тус компанийнхан маргаантай барилгынхаа зэрэгцээ Баянзүрх дүүрэгт бас нэгэн барилга барьж байгаа аж. Тэр нь зөвшөөрөлгүй барилгын тоонд багтсаныг хэдхэн хоногийн өмнө хотын захиргаанаас зарласан жагсаалтаас харж болно. Иргэнд биш мөнгөнд зориулж каркас босгосон атлаа дахин зөвшөөрөлгүй барилга барьж буй “Цаст” гэдэг компанийнхан Монголын хуулийг хэдий болтол уландаа гишгэх юм бэ.
Дээр өгүүлсэн хүн амьдрах боломжгүй барилгыг чухам ямар учраас зөвшөөрөлгүй барилгын тоонд оруулсангүй нь гайхал төрүүлээд байгаа юм.
Аливаа барилгын зөвшөөрлийг олгоход оршин суугчдын хэвийн амьдрах нөхцөл боломжийг хангасан эсэх нь хамгийн гол шалгуур баймаар. Гэтэл оршин суугчид нь нарлаж суух талбайгүй, машин тавих зогсоолгүй, байр руугаа орох гэж гарааш сүлжин оготны нүх шиг хаалгаар орж гарахаас өөр аргагүйд хүрсэн эл барилгыг арай стандартад нийцсэн гэж үзээгүй байлтай.
Тэгэхээр нэгэнт зөвшөөрөлгүй барилга барьж байгаа нь илэрсэн, хүний ая тухтай амьдрах орчин нөхцөл хангаагүй барилгыг 10 давхар болтол нь босгож олон сая төгрөгийн хор хохирол учруулж байснаас эртхэн шалгаж, шаардлагатай бол барилгын зөвшөөрлийг нь ч цуцлавал яасан юм бэ, Хотын даргаа. Даварсан “Цаст”-д даруулга хэрэгтэй байна.
URL: