Баабар юундаа бачимдана вэ ?
Баабарын “Шудрага эвсэл” хэмээх бичвэрийг саяхан олж уншлаа. Монголын сонгогч иргэдийг “Төмс идэгчид” гээд тэдгээрийн сонгосон улс төрийн нам, эвсэл, төрийн түшээд энэ хүний таалалд нийцээгүй юм байна гэдгийг энэ бичвэрээс хялбархан ойлгож болно. Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр эх орон, ард түмнийхээ тусын тулд зүтгэдэг, эрүүл саруул бодолтой, шудрага ёсыг эрхэмлэдэг, ялангуяа эх орны баялгийг ард түмэнд нь, эздэд нь өгөх талаар сүүлийн жилүүдэд тэмцсэн улс төрийн хүчин, эх орончид УИХ-д сонгогдсонд туйлын их бачимдаж байгаа нь түүний энэ ээлжит бичвэрт тусгалаа олсон байна.
Түүний сацуу Оюутолгой, Тавантолгойн баялгийг шудрага бус аргаар эзэмших гэж байгаа гадаад, дотоодын шуналтнуудын эрх хязгаарлагдах вий гэхээс Баабартан туйлын их бухимдаж байна. Түүний бичвэрийн сэдэв маш өргөн хүрээтэй, түүнд бичихгүй сэдэв гэж байхгүй, мэдэхгүй юм гэж байхгүй мэт, геологийн, уурхайн анхны мэдлэггүй байж “Оюутолгой”, “Тавантолгой” гэж ланжгар гарчиг тавьж байгаад мундаг “авч өгнө”. Тэгээд юуны тухай бичдэг вэ гэхээр, дэлхийн энэ хоёр баялгийн тухай мань хүнд анхны мэдэгдэхүүн ч байхгүй мөртлөө, Баяр гэдэг мундаг, эх оронч улс төрчийн санаачилгаар, Айвенхоу гэдэг бас нэг мундаг гадаадын хөрөнгө оруулагчид ашгийн 66 хувийг өгөх нь зөв, энэ монголчууд ер нь юу юм бэ гэсэн утга бүхий ухуулга байдаг л даа.
Зөвхөн Оюутолгой , Тавантолгойн тухай цогц дүгнэлт өгөхөд сайн геологич, уурхайн инженер, эдийн засагчийн мэргэжилтэй байх төдийгүй, цахилгааны, зам тээврийн, дулааны, барилгын, металлургийн мэрэгжилтэй байх шаардлагатай. Зөвхөн нэг баримт хэлэхэд л Оюутолгойн нөөц одоо хүртэл нэг мөр болоогүй, үүнээс улбаалаад, үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ, чанар, нэр төрөл, улмаар эдийн засгийн үзүүлэлтүүд ч нарийвчлан тогтоогдоогүй, маргаантай, зөрчилтөй байгааг гэдгийг Баабартангууд мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байна гэвэл хэтрүүлэл болохгүй.
Товчоор хэлэхэд “Та мэдэхгүй юмаа мэдэмхийрч элдэв бичвэр үйлдвэрлэх” юм, энэ нь манай олон мянган геологич, уурхайчдын өмнөөс дуугарч, тэдний дургүйг хүргээд зогсохгүй, Монгол Улсын эрх ашигт харшилж байна гэдгийг энэ ялдамд дуулгая.
Б.Батбаяр 1998 онд гуравхан сар сангийн сайдын сэнтийд залрахдаа, Монголын банк санхүүгийн системийг сүйрүүл эхийг тавьж, Монголын хамгийн том алтны ордыг Сү.Батболдод завших, 60 тонн алтны ерээд хувийг гадагш нь алдах нөхцлийг бүрдүүлсэн, сүүлийн жилүүдэд Баабарын идэвхтэй оролцоотойгоор, Оюутолгойн үйлдвэрийн, роялтийг эс тооцвол, гарах ашгийн 66 хувийг гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нэрийн дор “бэлэглэж”, монголчууд баялгаа 30 -70 жил гадныхны мэдэлд өгөх, Тавантолгойн “нүүрсийг үнс” гэх ухуулга, сурталчилгаа хийсэн нь үнэхээр Монголд гамшиг дагуулсан үйлдэл болсон гэдгийг монголчууд мэдэх болсон.
Өвөг дээдсийн минь үлдээсэн их өв гэсэн тайлбар их гардаг. Худлаа л даа. Чингис хаан үүнийг Батболд, Алтанхуяг нарт хүргээрэй гэж захисан юм юу ч байхгүй” гэж та цэцэрхжээ. Өвөг дээдэс, Их өв гэдгээ та юу гэж ойлгож байгааг мэдэхгүй юм. Зөвхөн Чингис хаан биш, монгол хүн бүрийн өвөг дээдэс үе дамжуулан энэ газар нутаг түүний баялгийг халуун амь, бүлээн цусаараа хамгаалж, өнөөгиин бидэнд өвлүүлсэн нь хэн ч маргашгүй үнэн юм. Харин зарим хүний өвөг дээдэс ямар хүн байсныг бид мэдэхгүй, тэдэнд өвлүүлсэн захисан юм байхгүй болохоор, өнөөдөр үүнийг үрэн таран хийх үйлдэл хийж байгаа юм болов уу гэж ойлгоход хүргэж байна.
“Өнөөдөртөө Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн авч яваа ганц юм нь уул уурхай. Зөвхөн өнгөрсөн онд Оюутолгой гэсэн ганц компани хоёр тэрбум долларын хөрөнгө оруулсан нь Монголд эргэлдэж байгаа гурван төгрөг тутмын нэг нь эндээс бүрэлдсэн гэсэн үг. Уг нь энэ их хөрөнгийг улс орноо хөгжүүлэх дэд бүтэц, эмнэлэг үйлчилгээ, боловсролоо сайжруулахад хэрэглэсэн бол уул уурхайн орон Австрали, Чили, Норвеги, Канад шиг болохгүй юу.” гэж мундаг дүгнэлт хийжээ. Монголын нийгэм, улс төрийн бодлого, хөгжлийг “уул” тэгээд уурхайтайгаа авч явна гэдэг монгол хүн ухаж ойлгоход бэрх. Харин эдийн засгийн хөгжүүлэхэд уурхайн үйлдвэрүүдийн ач холбогдол багагүй байна гэвэл үнэмшиж болох юм. Монголд эргэлдэж байгаа 3 төгрөг тутмын нэг нь Оюутолгой хэмээх ганцхан компаниас орж байгаа тухай, бас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахгүй байгаагаас өдөр тутам нэг сая доллар алдаж байгаа тухай “үлгэр”-ийг мань хүн олон жил, залхтал ярьж байгаа юм. 2011 онд Оюутолгой компани тооцоогоор 2 тэр- бум долларын хөрөнгө оруулалт хийсэн байж болох юм.
Уг нь энэ компанийн монголын талын төлөөлөн удирдөх зөвлөлийн гишүүн Н.Багабанди, П.Цагаан нэр, дэлхийн зах зээлийн үнэлгээгээр энэ тоо хэд болох тухай бидэнд үнэн бодит мэдээллийг тайлбарлаж хэлэх болов уу гэж найдаж байна. Оюутолгойн үйлдвэр түүний хөрөнгө оруулалт гэж нөөгий байдлаар хүдэр малтах уурхай, түүнийг баяжуулах гэсэн хоёр үндсэн үйлдвэрийн барилга байгууламж баригдаж байна. Энэ нь газар ухаж, арматур зангидаж, бетон цутгах, экскаватор, бульдозер, бутлах машин зэрэг тоног төхөөрөмжийг худалдаж авах, тэдгээрийг угсархад шаардагдах зардал, хөрөнгийг гаргаж байна гэж хялбарчлан ойлгож болно. Бид ийм ажлыг 30 гаруй жилийн өмнө хийж үзсэн, тэр нь өнөөдөр Монголын эдийн засгийг авч яваа Эрдэнэт, Бага нуур, Бор-Өндөрийн уурхайн үйлдвэрүүд, мөн одоо ид бүтээн байгуулж байгаа Ухаа худгийн уурхайнууд юм.
Оюутолгойг босгохын тулд цементээ, тоосгоо, хамгийн их зардал гаргадаг цахилгаан эрчим хүчээ хүртэл урд хөршөөс авч байгаа нь, Монголын эдийн засагт гурван төгрөг тутмын нэг нь эргэлдэж байна гэхээсээ, харин БНХАУ-ын эдийн засгийг илт илүү тэтгээд байна гэж над бодогдоод байгаа юм. Гэтэл Баабар гуай үүнийг дэд бүгэц, эмнэлэг, үйлчилгээ, боловсролоо хөгжүүлэхэд оруулж, Норвеги, Канад улс лугаа адил хөгжинө гэж алд дэлэм андуурч, хадуураад байна. Баабарын “мандуулах” гээд байгаа 2 тэрбум долларын хэд нь Монголд үлдээд байгаа нь үнэхээр сонирхол татсан асуулт юм. Харин үйлдвэрийн хөрөнгө зардлаас Монголд үлдсэнийг нь биш, харин харь гүрэнд гарсаныг нь тодорхойлох гэж үзвэл илүү ойлгомжтой байж магадгүй.
Оюутолгойн үйлдвэрийн бүтээн байгуулалтад шаардагдах асар их цемент тоосго, арматурын төмөрийг Монгол Улсаас нийлүүлээгүй, харин тэдгээрийг ихэвчлэн урд хөршөөс дамжуулан худалдан авдаг, манай улсын хэрэгцээний нэжгээдийг эзэлдэг дизель түлшийг хойт хөршөөс авч, хөнгөлөлттэй үнээр Оюутолгойд нийлүүлдэг гээд үзвэл тэр хөрөнгө, зардлын чинь дийлэнх нь хилийн цаад руу урсдаг юм биш үү. Оюутолгойд монгол хүний сайн сайхны төлөө хийсэн юм үнэхээр чамлалтай.
Таны болон таны хамсаатнуудын тайлбарладгаар, нөгөө Зөвлөлтийн “колоничлогчдын” байгуулсан Эрдэнэт, Бага нуур, Бор-Өндөрийн уурхайд хамгийн эхлээд ажиллагсад гэр бүлээрээ амьдрах тохилог орон сууц, эмнэлэг, сургууль, Цэцэрлэг, соёлын төв, клуб, тэр байтугай дэд бүтцийг хөгжүүлэхэд юуны өмнө анхаарч, төмөр зам, засмал зам, өндөр хүчдлийн шугамыг барьж байгуулж, монгол хүн сайн сайхан ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлсэн, монгол хүн лицензийг эзэмшдэг Тавантолгойн уурхайг ч гэсэн энэ жишгээр Монголын үндэсний компани хөгжүүлж байна. Тэгвэл Оюутолгойг өнөөдөр орчин үеийн үйлдвэр гэж магтах боловч, кэмп гэгдэх түр барилга байгууламжийг эс тооцвол, малчид, нүүдэлчийн хэрэглэж олон мянган жилийн турш хэрэглэж байсан гэр сууц хэ- вээрээ байна шүү дээ. Одоо үйлдвэрийн ажилчдыг хэдэн зуун км-ээс онгоц, машинаар зөөж ээлжээр ажиллуулж байна. Та анх тогтвортой байдлын гэрээ байгуулж, гарын үсэг зурсан Бороогийн алтны орд өнөөдөр нөөц нь шавхагдаж, тэндээс ашигласан асар их баялгаас монголчуудад бараг юм үлдсэнгүй, тэнд нурааж зөөхөд бэлэн болсон кэмп гэдэх түр байгууламж, онгойсон , нүх овоолсон шороо үлджээ. Оюутолгойг ч иймэрхүү хувь заяа хүлээж байна гэж бодоход харамсаж баршгүй. Одоогоос 7- 8 жилийн өмнө Оюутолгойн үйлдвэрийг барих хөрөнгө оруулалт нь 2.4 тэрбум доллароор тодорхойлогдож байсан, 2009 онд гэрээ байгуулах үед энэ тоо 2 дахин нэмэгдэж 5.1 тэрбум болох тухай яригдаж байсан. Тоног төхөөрөмжийн үнийн өсөлт зах зээлийн орнуудад жилд нэг оронтой тооноос хэтэрдэггүй, дунджаар 5 хувь орчим л байдаг. Үүнийг тооцож үзвэл хөрөнгө оруулалт 25-30 хувь л өсөх боломжтой. Гэтэл өнөөгийн байдлаар, гадаадын хэвлэл мэдээлэлд Оюуголгойн хөрөнгө оруулалт 10 тэрбум нэлээд давж байгаа тухай ярьж эхэллээ. Монголын тал 34 хувьдаа ноогдох хөрөнгө оруулалтаа гаргана гэвэл, бидний өр зээл мөн төчнөөн дахин нэмэгдэх дүр зураг харагдаж байна.
Та “шудрага эвсэл” хэмээх бичвэрийг үйлдэхдээ, Монголын ард түмнийг, “ердийн төмс идэгчид”-ийн сонголтын үр дүнгээр байгуулсан Засгийн газрын нэг бүрэлдэхүүн улс төрийн намыг гутаах зорилгоор, ална, хядна, хөөнө тууна, бослого гаргана, төрийн эргэлт хийнэ, буудна, дүүжлэнэ, булаана… гэсэн лоозонтой хэсэг бүлэглэл гэж, Засгийн газрын зарим гишүүдийг нь, Оюутолгойн гэрээг цуцлаж, ордыг булаан авах төлөвлөгөөтэй, мянган цаг жавьждаж, ард түмэндээ танигдсан сайхан гар, булаах ажиллагааг зохион байгуулагч өөрөө төрийн зиндааны эхний эгнээнд очсон, гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг хамгийн баатарлаг гавъяа байгуулж, улаан цагаангүй заналхийлж бараг хутга шөвөг гаргах шахдаг нэг сайхан мээк эр, нэрийг нь хүртэл “Гамшиг, гай барцад” гэх зэрэг бүдүүлэг үгийн цуглуулгыг хэрэглэсэн нь, Баабар гэгч өөрөө хэн бэ, ямар хүмүүжил, боловсрол, ёс суртахуунтай хүн бэ гэдгийг үзүүдэх нэг нотолгоо болоод зогссонгүй, тэрээр олон жилийн турш Монголын олон сайхан эх орончдыг доромжилж, гүтгэж, бах таваа хангадаг этгээд гэдгээ бас дахин нотоллоо.
Баабартаны энэ аяглал бол Монголын ард түмний сонголт, шинэ төр засагт дургүйцсэн жирийн иргэний илэрхийлэл биш, түүнд хорссон цаанаасаа захиалгатай, зохион байгуулалттай үйл ажиллагааны эхлэл байж магадгүй юм.
Үүнийг “Сонгуулийн дүн харан хэсэг хүлээсэн нэг нь эдгээр сайн эрсийг хараад Монгол орон нэгэнт морио эмээлчихжээ хэмээн үзээд гамшигийн бүсээс нэг мөсөн зутгаах боллоо. Нэгэнт их хэмжээний хөрөнгө оруулсан компаниуд эрх биш хуулийг буцааж хэрэглэхгүй юм байгаа биз дээ хэмээн бурхандаа залбирч сууна. ” гэж тэдний өмнөөс бачимдсан түүний зовнил гэж ойлгож болох юм.
Монгол, германы геологчдын хэдэн арван жилийн шургуу хөдөлмөрийн үр дүн болсон дэлхийд ховор өндөр цайрын агуулгатай Төмөртийн овоогийн орд, газар зүйн эдийн засгийн хувьд хамгийн тааламжтай нөхцөлд орших Бороогийн алтны томоохон ордыг гадаад, дотоодын шуналтнуудад найр тавьж өгөх гэрээг байгуулсан Б.Батбаярын хариуцлаггүй үйлдэл эрдэс баялгийг үнэгүйдүүлэх эхлэлийг тавьсан юм. Ашигт малтмалын тухай 1997 оны “хар” хуулийн уршгаар, олон мянган жилийн турш Монголын газар нутагт хадгалагдаж байсан асар их баялаг лиценз хэмээгч “алгын чинээ” цаасаар харь элэгтэй хүмүүсийн гарт очиж, үрэн таран болж, улмаар 2006 онд Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар монголчууд Оюутолгойн асар их баялгаас, роялтийг эс тооцвол, гарах ашгийн 66 хувийг гадныханд алдах нөхцөл бүрдсэн билээ. Одоо үүсээд байгаа улс, төр нийгмийн нөхцөл байдлыг харгалзаж, олон улсад мөрддөг нийтлэг зарчим, дүрэм журам, урд өмнө гарсан төрийн дээд байгууллагын шийдвэрийг үндэслэн зөвхөн Монгол Улсын язгуур эрх ашгийг,тэргүүлэх зорилт болгож, мөн хөрөнгө оруулагчыг хохироохгүйгээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг засаж сайжруулах гэрээ хэлэлцээр хийж эхлэх нь өнөөгийн төр, засгийн нэн тэргүүний зорилт байж болох юм. Энэ далимд тэмдэглэхэд, саяхан УИХ-ын 24 гишүүн Оюутолгойн гэрээг өөрчлөх тухай шаардлагыг Засгийн газарт хүргүүлжээ.
Энэ шудрага бус гэрээг өөрчилж сайжруулахыг бид дэмжиж байна. Гэрээг өөрчлөх бэлтгэл ажлыг сайтар хангах хэрэгтэй. Бид 51-ээс дээш хувийг эзэмших хэрэгтэй гэдэг нь гол асуудал мөн боловч, бас өрөөсгөл хандлага юм. Энэ нь юуны өмнө, ордыг ашиглах төрийн бодлогын, хууль эрх зүйн, техник технологийн, эдийн засгийн, дэд бүтцийн асуудлуудаа нэг мөр болгох, нэгдмэл ойлголт бодлоготой болох хэрэгтэй. Үүний тулд улс төрчид, мэрэгжлийн хүмүүсээс бүрдсэн гэрээг өөрчилж сайжруулах ажлын хэсгийг байгуулж, бэлтгэл ажлаа эхлэх хэрэгтэй байх. Оюутолгойг ашиглах гэрээ нь гадныханд ашигтай Монголын өр зээлийг нэмэгдүүлэх шударга бус Гэрээ болж байгааг ойлгож, түүнийг шүүмжилж, сайжруулах тухай төрийн түшээд ч тууштай тэмцэж эхэлсэн юм. УИХ-ыг гишүүн Н.Батбаяр, Б.Бат-Эрдэнэ, Д. Ганхуяг, Д.Тэр-бишдагва, З.Энхболд, Ц.Даваасүрэн, С.Эрдэнэ, Д.Балдан-Очир нар өөрс- дийн намын удирдлагын бодлогыг үл харгалзан, зөвхөн улс орны эрх ашгийг тэргүүнд үзэж шудрага бус Оюутолгойн гэрээг өөрчлөхийн төлөө ард түмний шаардлагыг дэмжиж, улмаар УИХ-ын 20 Гишүүнийг нэгтгэж Оюутолгойн гэрээг сайжруулах, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тууштай тэмцэж эхэлсэн. Үүнийг ч Монголын ард түмэн дэмжсэний нэг нотолгоо бол 2012 оны сонгуульд нэр дэвшсэн дээрх хүмүүсийг дахин сонгосон билээ. Түүгээр ч барахгүй эдгээрээс хоёр нь эрдэс баялгийн асуудал хариуцсан төрийн сайд болсон нь Баабарын зэвүү, дургүйг зэрэг хүргэсэн бололтой юм. УИХ-д “Мо дарга”, “мөлхдөг”, “улаан хацарт”, “Кёкүшюүзан”, Баабар гэж олноо нэрийдсэн олон Батбаярууд байсан, тэд чухам юу хийж гийгүүлснийг би сайн мэдэхгүй юм.
Харин олноо “фортуна” гэж алдаршсан эрхэм нийтийн баялгаас, төрийн өмчийг ард олондоо аль болох хүртээх гэж зүтгэж байсан Н.Батбаярыг би гайгүй гадарлах юм. Ертөнцийн нөгөө талд байгаа Венесуэлийн төрийн тэргүүнийг газрын тосны баялгаа харийнхнаас хамгаалж, ард иргэддээ илүү өглөө гэж “Чааваас”-аар нь, Н.Батбаярыг 68 хувийн татварыг санаачилж, алтны салбарыг “унагасан”, энэ оны тавдугаар сард гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хуулийг санаачилсан гэж удаа дараа “нулимж” байгаа Баабарыг хэний эрх ашигт үйлчлээд байгааг би ерөөсөө ойлгохгүй юм. Гэтэл үнэн хэрэгтээ, 68 хувийн гэдэх татвар бол олон жилийн турш, Монголын эдийн засагт маш их үр өгөөжтэй байсан.
Яг үнэнээр нь хэлбэл, 68 хувийн татвар биш, дэлхий дахинаа үнийн өсөлтийн татвар гэж нэрлэсэн олон улсын практикт нэвтэрсэн татварын нэг төрөл юм. 2004-2005 оны үед Бороогийн уурхайд нэг грамм алт олборлох үйлдвэрийн өөрийн өртөг 4-5 доллараас хэтэрдэггүй байсан юм. Гэтэл үнэ нь 15-20 доллароос давж байсан. 3-4 дахин нугалсан ашиг гарч байна гэсэн үг, Гэтэл ашигт малтмал бол нийт ард түмний, төрийн өмч юм. Ард түмэм энэ өмчөөсөөхүртэх эрхтэй. Энэ нөхцөлд үнийн өсөлтийн татварыг тогтоох нь ард иргэдэд ч өгөөжтэй, уурхайн үйлдвэрийн эздэд ч хохиролгүй. Мөн зэсийн хувьд ч ийм нөхцөл байдал үүссэн. Эрдэнэгтэй төстэй үйлдвэрүүдийн 1 тонн зэс гаргах өөрийн өртөг нь 2000 доллароос хэтэрдэггүй байсан санагдаж байна. Гэтэл үнэ 5000-6000 доллар, түүнээс ч давж байв. Гэтэл Эрдэнэтээс гарах ашгийн нэжгээд хэсэг нь гадагшаа гарах нөхцөл бүрдээд байв.
Зөвхөн Эрдэнэтээс 2007 оны үед улсын төсөвт жилд 800-гаад тэрбум төгрөг буюу Баабар гуайн “тооцоолсон” Оюуголгой- гоос ирээдүйд нэг өдөрт 1 сая доллар орохоос 2 дахин их ашиг орлогыг Монголын төсөвт оруулжээ. Мөн саяхан нүүрсний нэг том ордоо гадаадынханд “алдах” бодит нөхцөл бүрдээд байсан. Энэ ордыг Монголдоо авч үлдэхийн тулд “Шинэ хууль” санаачилж, төрийн эзэмшлийн 34 хувийг нэмэгдүүлэх шаардлага гарч, Н.Батбаяр, Д. Ганхуяг нарын төрийн түшээд сонгогчдоос өгсөн үүрэг даалгавраа биелүүлсэн хэрэг. Зарим нь УИХ-ын 76 тэнэг, ямаа гэх эсхүл Баа- бар мэт нь “Хэнтийн гурван тэнэг” гэх зэргээр нутаг усаар нь “цоллох” үзэгдэл газар авч байгаа нь сайшаалтай зүйл биш байх. Харин энэ далимд тэмдэглэхэд, мөнөөх “Хэнтийн гурван тэнэг”- ийн лав л хоёр нь монголчууд баялагтаа эзэн суух хууль гаргах, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, ой мод гол усаа хамгаалж тэмцэж, энэ яваандаа бүх нийтийн талархалыг хүлээж, өнөөгийн УИХ-ын гишүүдийн нэлээд нь энэ бодлогыг дэмжиж байгаа нь Баабартануудыг бухимдуулж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын тухайд асуудлыг тусад нь авч үзэх хэрэгтэй юм. Бидний үед ах дүүгийн найрамдалт Зөвлөлт холбоот улс туслана, ах дүү социалист орнууд туслана гэж гадаадын.хөрөнгө оруулалтыг сурталчилдаг байсан, үүний уршгаар 70 жилийн хугацаанд бид 11 тэрбум долларын өртэй болсон, харин өнөөдөр, гадаадын хөрөнгө оруулалт л Монгол Улсыг хөгжүүлнэ гэж сүүлийн 15 жилийн турш ухуулсанаар, зөвхөн сүүлийн 4 жилийн дотор 8 тэрбум долларын өртэй болсон гэх албан бус мэдээлэл байна.
Сүүлийн арваад жилийн хугацаанд Бороогийн 60 тонн алтаа алдсан, Төмөртийн овоогийн 1 сая тони цайр, Дархан Сэлэнгийн 400 сая тонн төмрийн хүдрээ алдаж байна. Одоо Оюутолгойн асар их зэс, алтны баялгаа луйвардуулах нөхцөл бүрдээд байна. Үүнийг гадаадын хөрөнгө оруулалтаар Монгол Ул- сыг хөгжүүлнэ гэсэн Баабартнуудын ухуулга сурталчилгааны хор уршиг гэж үзэхээс өөрөөр тайлбарлаж болохгүй байх. Оюутолгойн баялаг Баабартаны хүчин зүтгэлээр аль хэдийн бидний мэдэл, эзэмшлээс гарсныг олон баримт нотолж байна. Хамгийн сүүлчийн баримтаас үзвэл Дэлхийн банкны зөвлөлийн гишүүн гэх “Мига” хэмээх нэгэн банк, Оюутолгойн баялгийг бидний өмнөөс барьцаалж, нэг тэрбум долларын зээлийг олгох зөвшөөрөл олгож байгаа нь монголчуудын өрийг тийм хэмжээгээр нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм биш биз.
“Фортуна” болон түүний нөхдүүд, Монголын шудрага, эх орончид, үндэсний үзэлтнүүд гадаадын дотоодын хязгааргүй шуналтнуудын дур хүслийг хязгаарлаж, тэдэнд гай барцад, гамшиг болж байгааг үгүйсгэх аргагүй, харин та монголчуудын эрх ашгийн эсрэгийн “үйлчилж”, жинхэнээсээ гамшиг дагуулагч, гамшиг таригч битгий болоосой, “Раман дотроо яйжигнаач ээ” гэж хүсэх байна.
Хууль дүрэм нь бидний эрх ашигт нийцээгүй өнөөгийн нөхцөлд, харь элгийн хүмүүс Монголын баялгийг ашиглаж, монголчуудад туслаж, Монгол Улсыг хөгжүүлнэ гэхээсээ, өөрсдийнхөө ашиг орлогыг дээд зэргээр нэмэгдүүлэхийн төлөө ажиллана гэдэг нь бичигдээгүй хууль, яахын аргагүй үнэн билээ. БааБар 2006 оноос хойш, Монголын эрдэс баялгийн талаар, тухайлбал Оюутолгой, Тавантолгойг гадаадынханд найр тавих, Монголын эх орончдыг дайрч давшилсан чиглэлээр хориод “бичвэр” нийтлүүлсэн байдаг. Тэр бүхэнд нь бид товч дүгнэлтээ анхны хувилбараар өгсөн, одоохондоо энэ нь зөвхөн хувийн архивт, бидний ойр дотны итгэлтэй хүмүүст хадгалагдаж байгаа, нэмэлт судалгаа, дүн шинжилгээ хийсний дараа, энэ хүний атгаг санаа, хорон үйлдлийг тайлбарлаж, олон нийтэд дэлгэн тавьж болох юм.
МУИС-ийн багш, уурхайн инженер, эдийн засагч, доктор-профессор С.Авирмэд
URL: