Н.Золжаргалыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилох асуудлыг дэмжлээ
Зарим байнгын хороод өчигдөр хуралдлаа. Байнгын хороодын хуралдаан тус бүрээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцсэн юм. Тухайлбал, Хууль зүйн байнгын хороо хуралдаж АН-ын “Монгол хүн” ИЗНН-ын “Амьдрал” “Шударга ёс” эвслийн “Таван хувьсгал” мөрийн хөтөлбөрт суурилсан Засгийн газрын 2012-2016 оны бүрэн эрхийн хэрэгжилтийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэв. Асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Батзандан үг хэлэхдээ “Мөрийн хөтөлбөрт нэмж тусгах 25 зүйл заалт байна” хэмээж заалт тус бүрийг нэг бүрчлэн тайлбарлав. Харин УИХ-ын гишүүн Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-4-т нэгэнт заасан учир Засгийн газрын мөрийн хөтөлбөр дэх УИХ-ын бүрэн эрхэд хамаарах зарим асуудал, тухайлбал, “УИХ-д Өргөдлийн байнгын хороо байгуулж, шууд ардчиллын элементийг парламентын хяналтад оруулна. УИХ, Засгийн газрын нээлттэй сонсголын хэлбэрүүдийг хуульчлан баталгаажуулна” гэсэн заалтуудыг мөрийн хөтөлбөрөөс хасахыг санал болгов. Ингээд хуралдааны төгсгөлд уг зарчмын зөрүүтэй асуудлуудаар санал хураахад гишүүд дэмжсэн юм.
Үүний дараа НББСШУ-ын байнгын хорооны хуралдаан боллоо. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх явцад “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг өрхийн тэргүүн бүр Засгийн газартай гэрээ хийж ажиллах ёстой гэсэн горимын саналыг гаргаж “Ингэснээр өрхийн тэргүүн хүний нийгэмд эзлэх байр суурь нэмэгдэх юм” гэж тайлбарлав. Гэсэн ч уг саналыг байнгын хорооны гишүүд эрс эсэргүүцсэнээр санал хураалгахад дэмжигдсэнгүй. Харин Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж хуралдаан тарсан юм.
Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хороод хуралдаж мөн л Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэв. Эдгээр байнгын хороодоос Төрийн байгуулалтын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хороод асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, төсвийн тодотголтой холбоотой асуулт асууж, санал нэмэрлэх хүн байгаагүй учир тарлаа.
Харин Эдийн засгийн байнгын хорооны хурлаар мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж дууссаны дараа “Таван толгой” ХХК-ийн өнөөгийн үйл ажиллагааны талаар сонсгол хийхээр болов. Гэтэл хуралд УИХ-ын дарга З.Энхболд асуудал танилцуулсан учраас уг сонсголыг түр хойшлуулсан юм. УИХ-ын даргын оруулж ирсэн асуудал нь Монголбанкны ерөнхийлөгчийг томилох тухай байлаа. Харин байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар “Хэлэлцэх асуудлыг баталсан учраас уг асуудлыг хэлэлцэх боломж хаагдмал” гэсэн нь гишүүдийн дунд багахан хэмжээний маргааныг өрнүүлж орхив. Тухайлбал шадар сайд Д.Тэрбишдагва “Мөнгөний ханш унаж, ам.доллар өсч байгаа өнөө үед Монголбанкны ерөнхийлөгчийг нэг минутын өмнө ч томилох ёстой байхад санал хураалгүйгээр асуудлыг авч хэлэлцэх ёстой” гэж байв. УИХ-ын гишүүн М.Зоригт, Х.Баттулга нар ч Д.Тэрбишдагва сайдтай санал нийлж байнгын хорооны даргаа “Шанаа тулж бодлогошроод байх шаардлагагүй. Асуудлыг шууд хэлэлц” хэмээн тулгав. Ийн Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн өргөдлийн дагуу түүнийг ажлаас халах, түүний оронд Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг дэвшүүлэн ажиллуулах тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэж эхэллээ.
Асуудлыг хэлэлцэх явцад Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Золжаргалд гишүүд ижил төстэй асуулт тавьж байв. Тодруулбал “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт инфляцийг нэг оронтой тоонд, зээлийн хүүг нэг оронтой тоонд барих заалтууд орсон. Энэ хэр бодит зүйл вэ. Таны зүгээс энэ асуудалд хэрхэн хандаж ажиллах вэ” гэх мэт асуудлыг тавьж байлаа. Н.Золжаргал асуултад хариулахдаа “Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй сайн танилцсан. Ер нь дэвшүүлж буй зорилт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломж нээлттэй байгаа. Тэр дундаа инфляц, зээлийн хүүг нэг оронтой тоонд татан оролцуулах асуудалд Засгийн газар Монголбанк хамтран ажиллах боломж нээлтэй хэмээж” байсан.
Ингээд хуралдааны төгсгөлд Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Золжаргалыг томилох нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүд дэмжсэн юм. Ийн УИХ-д асуудлыг танилцуулан хэлэлцүүлэхээр болов. Харин Монголбанкны дэд ерөнхийлөгчийн суудалд хэнийг томилох тухайгаа эрх баригчид хараахан зарлаагүй байна. Сүүлийн үед О.Магнайг тус албанд очино гэсэн мэдээлэл гарах болсон билээ.
Л.Мөнх
URL: