Оюутолгойн гэрээг… Өөрчлөх үү эс өөрчлөх үү
ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ӨӨРЧИЛНӨ
Д.Батцогт: Хөрөнгө оруулалтыг үргээлгүй харилцан үр ашигтай ажиллах ёстой
Оюутолгойн гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолд нийцүүлэн засч сайжруулах шаардлагыг УИХ-ын 23 гишүүн Засгийн газарт өнгөрсөн долоо хоногт тавьсан юм. Шаардлагад МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн 10 гишүүн, бие даагч гурван гишүүн, МАН, Ардчилсан намаас тус бүр таван гишүүн гарын үсэг зурсан юм. Тэдний нэг УИХ-ын гишүүн Д.Батцогтын байр суурийг сонирхов.
-Оюутолгойн гэрээг сайжруулах талаар Засгийн газарт тавьсан шаардлагыг гишүүд дэмжиж байгаа болов уу?
-Гарын үсэг зурсан гишүүдийн тоо албан ёсоор нэмэгдээгүй. Гэхдээ бид уулзаж, шаардлагад гарын үсэг зуруулж амжаагүй гишүүд бий. Дэмжиж буй гишүүн олон байгаа гэж бодож байна.
-Та бүхэн ямар үндэслэлээр шаардлага тавьсан тухайгаа тодруулна уу. Гэрээг заавал өөрчлөх шаардлагатай гэж үү?
-Оюутолгойн гэрээг эргэж харна, заавал өөрчилнө гэсэн утгаар биш УИХ-аас 57 дугаар тогтоол баталж Засгийн газарт үүрэг өгсөн. Түүнийг нь Засгийн газар хэрэгжүүлэхгүй байж таарахгүй. Тэгэхээр УИХ-ын 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр цаашид ажиллана гэж бодож байгаа.
-Шаардлага тавихаас гадна ямар арга хэмжээ авах юм бэ?
-Оюутолгойн бүтээн байгуулалт 90 хувьтай байна гэж ярьдаг. Бид удахгүй ажлын хэсэг байгуулж хэрэгжилтийг хянах, шалгах ажил руу орно.
-Та бүхэнтэй санал нийлдэггүй гишүүд, эдийн засагчид байдаг. Гэрээг Монголд ашигтай байдлаар сайжруулан өөрчилбөл гадаадын хөрөнгө оруулалт багасах сөрөг үр дагавартай гэдэг шүү дээ. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Хөрөнгө оруулагчид гараад явна гэсэн ойлголт байхгүй. Хийдэг зүйлээ хийчихсэн хүмүүс. Бид хэн хэндээ харилцан ашигтай ажиллая гэснээс биш гадаадын хөрөнгө оруулалтыг үргээж, хөөгөөгүй шүү дээ. Тиймээс харилцан ашигтай ажиллацгаая. Заавал өнөөдөр Монголын талын эзэмших хувь хэмжээг 51-д хүргэнэ гэсэн юм биш. Үе шаттайгаар хэрэгжүүлье. Ядаж хөрөнгө оруулалтын гэрээнийхээ хугацааг наашлуулах хэрэгтэй байна. 30 жил байж болохгүй. Түүнээс бага болгож нааш нь татах ажлыг хийх ёстой.
М.ГАН
ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ӨӨРЧЛӨХГҮЙ
Б.Найдалаа: “Оюутолгой”-г “Эрдэнэт”-тэй харьцуулах нь маш буруу
Оюутолгойн гэрээг өөрчлөх нь зөв эсэх талаар “Монголын эдийн засгийн форум”-ын Гүйцэтгэх захирал Б.Найдалаас тодрууллаа.
-Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах талаар яригдаад байна. Та үүнийг юу гэж бодож байна вэ?
-Оюутолгойн гэрээг 2009 онд анх байгуулахдаа олон жилийн туршид зөвшилцөж байж байгуулсан. Тухайн үед хэн ч эсэргүүцэж байгаагүй. Гэтэл үе, үе энэ гэрээний талаар янз бүрийн асуудлыг яриад байгааг эдийн засаг, бизнесийн гэхээсээ илүүтэйгээр улс төрийн сонирхол байна гэж ойлгож байгаа. Оюутолгойн гэрээг манай улсын хоёр хөршөөс гадна гуравдагч хөрштэй байгуулснаараа онцлог. Тэр дундаа “Рио Тинто” гэдэг үндэстэн дамнасан корпорацитай хийж байгаа нь том амжилт. Одоо шүүмжлээд, олон жилийн турш ярьж, хэлэлцэж хийснээ үгүйсгээд байгааг нь ойлгохгүй байна. Монгол Улс гэрээний үүргээ зөрчиж хугацаанаас өмнө өөрчлөлт оруулах талаар яриад байгаа нь гадны хөрөнгө оруулагчдад ямар харагдах бол. Маш том алдаа, цаашилбал гэрээг муу болсон гэдэг үндэслэл огт харагдахгүй байна. Энэ гэрээний алдаатай, буруу болсон талаарх судалгаа байхгүй. Зөвхөн 51 хувийг манайх эзэмших ёстой л гээд зүтгээд байх юм. Саяхан Чалкотой холбоотой асуудал үүссэн. Гадаад орчин эрсдэлтэй байгаа үед энэ тухай яригдаж байгаа нь зохисгүй. Эндээс харвал гадны нөлөө байна уу гэх хардлагыг төрүүлж байна. Яагаад гэвэл гуравдахь хөршийг шахан зайлуулах бодлого байгааг үгүйсгэх аргагүй. Бидэнд өөр бусад хяналтаас гадна байгаль орчныг сүйтгэдэг, маш их хохирол учруулдаг, орон нутгийн удирдлагыг аргацааж байгаа тэр уурхайнуудыг шалгах хэрэгтэй.
-Эдийн засаг хүнд байгаа энэ үед гадаадын хөрөнгө оруулагчдыг оролдоод байх юм. “Оюутолгой”-гоос өөр хийх ажил зөндөө байна гэх хүмүүс таарч байсан. Тэгэхээр энэ гэрээнд өөрчлөлт оруулах нь зөв үү?
-Мэдээж энэ бол цэвэр улс төрийн зорилготой гэж л харж байна. Ард түмэн хүсээгүй байхад зориуд анхаарлыг нь хандуулж байгаа нь улс төрийн хувьд хариуцлагагүй зүйл. Гадаадад суугаа манай улсын шинэ үеийн сэхээтнүүдийн дунд явуулдаг “Цахим өртөө” гэж хэлэлцүүлэг бий. Үүгээр дамжуулан бид “Оюутолгой”-н гэрээг хэлэлцсэн. Эндээс манай улс гуравдагч оронтой байгуулсан том гэрээг хөндөх хэрэггүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ гэрээг бусниулах нь зохисгүй гэдэгтэй хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс санал нийлж байсан. “Оюутолгой”-г “Эрдэнэт” үйлдвэртэй харьцуулж хараад байна. Харьцуулахад бас л судалгаа хэрэгтэй. Тухайн үед “Эрдэнэт үйлдвэр улс төрийн шалтгаанаар орж ирсэн шүү дээ. Үйлдвэр ашигтай ажиллаж байсан эсэх, одоо үр ашигтай ажиллаж байгааг харах ёстой. Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэртэй харьцуулах боломжгүй. Хэрвээ ингэж харж байгаа бол хөнгөн, гоомой алхам хийж байна. Засгийн газар, төр нь маш муу менежменттэй гэдгийг хүн болгон мэддэг байхад бизнесийн эрсдлийг үүрэх чадвартай гэдгээ юугаар нотлох гээд байгааг ойлгохгүй байна. Валютын ханш бага зэрэг савлахад бизнест эрсдэл гардаг. Бизнесийн асар их эрсдлийг төр нуруундаа үүрээд явах нь зохистой юу гээд олон зүйлийг харах л хэрэгтэй.
-”Оюутолгой” төслийн гэрээнд өөрчлөлт оруулснаар гарах үр дүн ямар байх бол?
-Үүнд ямар нэгэн дүгнэлт хэрэггүй. Хэрэв төр 51 хувийг эзэмшиж эхэлвэл авлига, төрөөр дамжиж удирдлагад нь орсон эрх ашгийн сонирхлоо илэрхийлсэн бүлэглэлүүдийн тэмцлийн талбар болж хувирна. Том хэмжээний уурхайд байтугай жижиг газрууддаа авлигатай тэмцэх хяналтыг бүрэн тавьж чадахгүй байгаа шүү дээ. Гэтэл ийм их хэмжээний мөнгө рүү төрийн гарыг шургуулна гэж байгаа бол хайран л байна. Түүнээс гадна “Рио Тинто” шиг том компаниуд манайд хөрөнгө оруулалт хийх сонирхол буурна. Энэ бол манай улсын хувьд хийж болохгүй алхам.
Д.ОЮУНЧИМЭГ
URL: