НМХГ-ын дарга Шадар сайд, газрын дарга хоёроор бамбай хийж байна

“Төгс гүрэн” ХХК-ийн барилгад гарсан осолтой холбогдуулан НМХГ-ын дарга Л.Бям­ба­сүрэнг огцруулна гэдгээ хотын дарга Э.Бат-Үүл тууштай мэдэгдээд буй. Тэрбээр хариуцлага алдсан харьяа байгууллагын даргыг ажлаас нь чөлөө­лөх тухай хүсэлтийг Шадар сайд Д.Тэр­биш­дагва, МХЕГ-ын дарга Р.Содхүү нарт хүр­гүүлсэн боловч ямар ч хариу өгөхгүй байгаа аж.

Харин НМХГ-ын дарга Л.Бямбасүрэн өөрийгөө буруу­гүй хэмээн хотын даргын шийд­вэрийг эсэргүүц­жээ. Л.Бямбасүрэнг аж­лаа өгөх дургүй бай­­гаа болохоор Д.Тэр­биш­дагва, Р.Содхүү нар хотын даргын албан бичигт хариу өгч чадахгүй байгаа юм болов уу ч гэж бодогд­моор. Өөрөөр хэлбэл, НМХГ-ын дарга Л.Бям­басүрэн Шадар сайд, газрын дарга хоёроор бам­бай хийж, хотын даргын шийд­вэрт нөлөөлөхийг хичээж байгаа бололтой.

Ажлаа хийсэн шиг хийчихээд байхад нь намын үзэл суртлаас болж халагдах гээд байгаа бол өөр хэрэг. Гэтэл үгүй шүү дээ.

Л.Бямбасүрэн дарга НМХГ-аас “Төгс гүрэн” ХХК-ийн осол гарсан барилгын үйл ажил­лагааг зог­соох шаард­лага тавьсан гэдгээ өөрөө мэдэгдсэн. Харин тэрхүү барилгыг нураал­­гаж, үйл ажил­лагааг нь зогсоож чадаагүйн улмаас 12 настай бяцхан охины амь эрсэдсэн нь үнэн. Хэрэв Л.Бямба­сүрэн албан шаард­лагынхаа дагуу тэрхүү барилгын ажлыг зогсоож чадсан бол эхийнхээ өврөөс ч гарч амжаагүй бяцхан охин өнөөдөр ангийнхаа жаалуудтай инээж хөөрөөд гүйж явах байлаа.

Мэдээж, Л.Бямба­сүрэн­гийн барилгад осол гарч, Л.Бямбасүрэнгийн бетон зуурагч машин охиныг дарчихаагүй. Харин Л.Бям­басүрэн ажлын хариуцлага алд­сан учраас л түүнийг хариуц­лагаа үүрэхийг шаар­даад байгаа хэрэг. Гэхдээ хариуцлага үүрүүлнэ гээд шоронд хийх гээгүй. Магад­гүй, хууль цаазын хатуу бодло­готой Хятад, Хойд Солонгос зэрэг оронд ийм нөхцөл байдал үүссэн бол хариуцлага алд­сан албан тушаал­танд ял төлөвлөх байсан биз.

Тэгэхээр НМХГ-ын дарга Л.Бямбасүрэн албан тушаалын ямбыг нь эдэлж байсан юм чинь хариуц­­лагыг нь ч үүрэх ёстой. Харамсалтай нь, Л.Бям­басүрэн дарга эсрэгээрээ “Би буруу­гүй” хэмээн тас гүрийж явна.

Үнэндээ албан тушаалын­хаа араас үхэн хатан тэмцэлдэж байгаа Л.Бямбасүрэн дарга 12-хон настай охиныхоо оронд өвдгөө тэврэн мэгшиж суугаа эцэг, эх хоёроос нь очоод уучлалт гуйсан уу гэвэл үгүй л байх. Лав л НИТХ-ын дарга Д.Баттулгатай хамт сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ ус балгачихсан юм шиг дуугүй суусаар байгаад гарсан. Харин хотын удирдлагууд түүний өмнөөс талийгаач охины ар гэрээс уучлалт гуйж байна билээ.

Эрдэнэт хүний амь нас эрсэдсэн ноцтой нөхцөл байдал үүсчихээд байхад газрын даргын суудалтайгаа зуурал­даад байхаар чимээ­гүйхэн ажлаа өгчихсөн дээр дээ, Л.Бямбасүрэн дарга аа.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих