Орон сууцны зээлийн хүүг бууруулахаар болов
Орон сууцны зээлийн хүүг зургаан хувьд хүргэх үүрэг даалгаврыг хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд 100 мянган айл орон сууцны хөтөлбөрийн ажлын хэсгийнхэнд өгөөд байсан. Тэгвэл өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар үүнийг баталлаа. Гэхдээ бүх орон сууцны зээлийн хүүг зургаан хувьд хүргэх юм бол улсын эдийн засагт асуудал үүснэ. Тухайлбал, зах зээлээ эвдэнэ гэсэн үг.
Нөгөө талаас орон сууцаа дэмжиж байгаа боловч халамжийн тал руугаа орох эрсдэлтэй гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Д.Пүрэвдорж хэлж байна. Тиймээс нийгмийн аль хүрээнд тодорхой квот тогтоож орон сууцны зээлийн хүүг зургаан хувьд хүргэх вэ гэдгийг дараа дараагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх аж. Гэхдээ “Дундаж амьдралтай, сарынх нь орлого тодорхой ч, өөрийн гэсэн орон сууцгүй байгаа өрх гэрт зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгох ёстой. Түүнээс биш орон сууцанд амьдардаг хэрнээ түүнийгээ шинэ болгоод авчихъя гэсэн ч, юм уу амьдралын түвшин дээгүүр хүмүүст энэхүү зээлийг ар өврийн хаалгаар өгөх асуудал байхгүй шүү” гэдгийг хатуу анхааруулсан байна.
Энэ ажлыг бодит болгох, түүнчлэн иргэдээ орон сууцжуулах илүү их боломжийн талаар Засгийн газар шаргуу ажиллахын тулд Монгол Улсын шадар сайд М.Энхболдоор ахлуулсан Үндэсний хороог шинээр байгуулаад буй. Уг хороо нь ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарын хоёр дэд даргатай, бүх салбарыг хамарсан 20-иод гишүүнтэйгээр байгуулагдсан байна. 100 мянган айл орон сууц хөтөлбөрийн хүрээнд Буянт-ухаад170 га орчим талбайд 12500, Яармагт 32000, Баянголын аманд 480 га газарт 18000, долдугаар хороололд 210 га газарт 10956, Телевизд 35 га газарт 4200, 14 дүгээр хороололд 235 га газарт 12000 айлын орон сууцыг барихаар тус тус төлөвлөж байгаа аж.
Газар зохион байгуулалтыг иргэд болоод төрийн өмчлөлийн хүрээнд нөхөн олголтын байдалтайгаар шийдэх төлөвлөгөөтэй байгааг танилцуулсан. Гэхдээ телевиз болон 7, 14 дүгээр хорооллын газар чөлөөлөх асуудалд иргэдээс үүдэлтэй хүндрэл учирч болзошгүй аж. Тиймээс захиргаадалт болон эдийн засгийн механизмын тогтолцоог мөрдөх тухай ч яриа гарсан. Шинэ хорооллуудын дулаан хангамжийн эх үүсвэрийг сайжруулахтай холбогдуулсан тодорхой үүрэг даалгаврыг мэргэжлийн яамдынхан авлаа.
Харин цахилгаан хангамжийн хувьд эдгээр хорооллыг хангах, түгээх, дамжуулах зэрэг нийлээд 199 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм байна. Хөрөнгө л байвал цахилгаанаар хангах бүрэн боломжтой аж. Усан хангамжийн хувьд 7, 14, Телевиз, Баянголын амын хорооллыг хангах бололцоотой, Яармаг Буянт-Ухаа хорооллыг шинэ эх үүсвэрээр шийдэх аж. Энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийх үүргийг Нийслэлийн Засаг дарга авлаа. Орон сууцжуулах хөтөлбөрийн хамгийн чухал зүйл нь санхүүжилтийн асуудал. Монгол банкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргалын хэлснээр энэ хөтөлбөрт зориулан 800-аад тэрбум төгрөгийн бонд гаргахаар болжээ.
Үүний 300 орчим тэрбум нь газраа чөлөөлж буй иргэдэд өгөх зэрэг барилгын ажилд зориулагдах ажээ. Мөн эхний ээлжинд Буянт-Ухаа хорооллын ажлыг эхлүүлэх шийдвэрийг гаргалаа. Тус хороололд энэ удаа 1798 айлын орон сууцыг барина. Ирэх тавдугаар сард ажлыг эхлүүлж, ирэх оны зургадугаар сард дуусгахаар төлөвлөжээ.
Т.Дөлгөөн
“Нийслэл таймс”
URL: