Архи, тамхины үнэ нэмэгджээ
УИХ-ын чуулганаар өчигдөр архи, тамхины онцгой албан татварын үнийг хоёр дахин нэмэх хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. Харин дээрх хууль батлагдахаас өмнө зарим дэлгүүр “ТҮЦ”-үүд тамхи, архиныхаа үнийг нэмжээ. Тухайлбал, найман нэрийн хүнсний дэлгүүрүүд тамхиныхаа үнийг хайрцаг тутамд 200-300 төгрөгөөр нэмсэн байна. Харин “ТҮЦ”-үүд 400-600 төгрөгөөр нэмжээ. Энэ талаар сурвалжлахаар хэд хэдэн дэлгүүр, “ТҮЦ”-ээр орлоо. Бидний эхиий орсон газар бол “100 айл”-ын автобусны буудал дээр байрлах “ТҮЦ”-үүд байсан юм. Тэд тамхиныхаа үнийг хоёр өдрийн өмнөөс нэмсэн гэнэ. Тамхи бөөний үнээр борлуулдаг газрууд хайрцаг тутамд тамхиныхаа үнийг нэмсэн гэнэ. Тэгээд л тамхиныхаа үнийг нэмсэн юм байх. Гар дээрээс наймаа хийдэг иргэд ч тамхиныхаа үнийг нэмсэн байна. Гудамжаар явж буй иргэд ширхгийн тамхи худалдаж авахдаа хоёр дахин нэмэгдсэн үнээр зарж буйд нэлээд гайхах аж. Гэвч бүгд тамхинаас татгалзахгүйгээр худалдаж авч байна лээ. Хамгийн үнэтэй тамхи гэгдэх “Парламент” гэхэд 2200 төгрөгөөр борлуулдаг байсан бол одоо 3000 төгрөгөөр, “Mild Seven”-ийг 2800 төгрөгөөр худалдаалж байна. Харин “Улаан шонхор” тамхины хайрцаг тутмын үнэ 400 төгрөгөөр нэмэгдсэн байна лээ. Худалдагч Н.Чимэдсүрэн “Архи, тамхины үнэ нэмэгдэж байгаа юм гэсэн. Бидний гол ашиг олдог гүйлгээтэй бараа бол тамхи. Хүмүүс үнийг нь нэмчихсэн ч гэсэн авдаг хэвээрээ л байна. Цаанаасаа үнийг нь нэмээд байх юм бол бид ашиг олохын тулд дагаад л нэмчихнэ. Тийм болохоор үүнд санаа зовохгүй байгаа.
Ер нь оюутнууд ширхгийн тамхи их худалдаж авдаг. Тэд л бидэнд орлого оруулж байна. Ингэж үнийг нь нэмлээ ч гэсэн тамхи татах хүний тоо буурахгүй байх. Харин тамхинаас гаргадаг эмчилгээ хийдэг газар олон нээгдвэл хүмүүс тамхинаас гарах байх” гэв.
Бидний дараагийн орсон газар бол III сургуулийн арын “Дэлгэрэх” найман нэрийн хүнсний дэлгүүр. Тус газарт тамхины үнэ мөн л нэмэгдсэн байна лээ. Мөн архины үнэ хэд дахин өссөн байлаа. 8000 төгрөгөөр борлуулдаг байсан “Хар чингис” архи гэхэд 14 мянган төгрөг болсон байна. Дээрх хүнсний дэлгүүрийн худалдагч “АПУ” компани л үнэ нэмэгдэх санал явуулсан. Бусад газрууд архины үнээ нэмэх саналаа явуулаагүй л байна. Гэхдээ “АПУ” компанийн гаргасан үнийн саналыг харж байгаад бусад компаниудын үйлдвэрлэсэн архиныхаа үнийг бүгдийг нь нэмчихсэн. Тэртэй тэргүй энэ хавийн бүх дэлгүүр архи, тамхиныхаа үнийг нэмчихсэн байна лээ. Харин пивоны гүйлгээ хэд дахин нэмэгдээд байна. Хүмүүс пиво их хэмжээгээр нь худалдаж аваад байгаа” хэмээн ярьж байна. Харин 5500 төгрөөр худалдаалагдаж байсан “Ерөөл” архи 10000 төгрөг болж нэмэгдсэн байна.
ПИВОНЫ БОРЛУУЛАЛТ НЭМЭГДЖЭЭ
Архины үнэ нэмэгдээд хоёр хонож байгаа гэнэ. Үнэ нь нэмэгдсэн өдрөөс борлуулалт буураад байгааг дэлгүүрийн худалдагч болгон хэлж байсан. Харин үнэ нь нэмэгдээгүй хямд архи хоёр өдрийн дотор авдар авдраараа борлогдож байгаа гэнэ. Архины үнэ нэмэгдсэн өдрөөс эхлэн хувиараа архи хийдэг үйлдвэрүүд дэлгүүрүүдэд хямд архи нийлүүлэх санал тавиад байгаа юм билээ.
Биднийг сурвалжлага хийгээд явж байх үед олон жил архи ууж байгаа гэх хүмүүс таарсан юм. Тэд мөнгө нийлүүлж хямдхан архи худалдан авч уух гээд мөнгөө нийлүүлж байхад нь таарсан юм. Тэд ингэж ярьж байна. “Архины үнэ нэмэгдээд баларч байна. Уг нь овоо гайгүй архи уудаг байсан юм. Эрүүл мэндээ бодоод “Ерөөл, “Хараа”, “Тэргүүн” гэх арай хямд үнэтэй ч шүүлтүүр сайтай архи уудаг байлаа. Гэтэл одоо үнэ нь тэнгэрт хадчихаж. Бид томчуудын уудаг “Хар Чингис”-ийн үнээр энийг авч уух болоод байна. Одоо “Гомбоогоо” л уухаас өөр яахав дээ. Архины үнэ нэмэгдэж байгаа сургаар “32-ын тэр хавийн шагийн архи зардаг айлууд архиа зараад эхэлчихсэн байна лээ. Тэр хавиар ч бөөн юм болж байгаа байх даа. Бид хэд энд нэг шил архиа уучихаад тийшээ явлаа” гээд явж одлоо. Томоохон Супер маркет болон дэлгүүрүүд архи, тамхиныхаа үнийг нэмээгүй байна лээ. Худалдагч нар “Дээрээс үнийг нь нэм гэж хэлээгүй болохоор нэмээгүй байгаа. Гэхдээ удахгүй нэмэх байх. Лангуун дээр өлгөдөг үнийн саналыг нь шинээр гаргаж байгаа” гэх хариултыг өгч байсан юм. Ийнхүү архи, тамхины онцгой албан татварын үнэ нэмэх хуулийн төсөл батлагдахаас өмнө үнийг нь нэмээд эхэлчихжээ. Хөдөө орон нутгийн дэлгүүрүүд ч гэсэн дээрх үнээс илүү үнээр тамхи, архиа борлуулж эхлээд байгаа юм билээ. “Нарантуул” худалдааны төв дээр сүүлийн үед борлуулалт нь буураад байгаа дүнсэн тамхины гүйлгээ нэмэгдсэн гэсэн.
НЭГ ХҮНД 42 ЛИТР АРХИ НОГДОХ ХЭМЖЭЭГЭЭР АРХИ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА
Манай улсын архи үйлдвэрлэдэг дотоодын аж ахуйн нэгжүүд жилд дунджаар 105 мянган тонн согтууруулах ундаа үйлдвэрлэдэг гэх судалгаа бий. Энэ нь нэг хүнд жилд 42 литр архи ногдож байна гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна. Дээрх тоон дээр гадаадаас ирж буй архи, дарсны хэмжээ огт ороогүй гэсэн. “Тусгай зөвшөөрөл” бүхий спиртийн 15, архины 92, дарсны 15, шар айрагны 23 нийт 145 үйлдвэр өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Э.ХҮРЭЛБААТАР
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: