“Намрын ногоон өдрүүд” юмсан ургацын үнэ буурдаггүй ээ

Монголчууд амны хишигтэй улс юм аа. Малаа 50 саяд хүргэчихлээ. Хөдөө аж ахуй, газар тариалангийнхаа салбарт ч нэлээд амжилт гаргаж төмс, хүнсний ногоо тариалалтынхаа га талбайг жил тутам нэмсээр байгаа.

Энэ жилийн хувьд гэхэд л төмс 14.6 мянган га талбайд тариалсан бол бусад хүнсний ногоог 7.2 мянган га-д тариалсан. Салбарынхны хэлж буйгаар бол таримлынхаа төрөл болон тариалсан талбайн хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа. Үүнийг дагаад салбарын техник, хэрэгслийн асуудал ч нэлээд орчин үежиж “аминдаа арчаатай” тариаланч бүрийн хашаанд автомажсан гэмээр техникүүд нэг үеийг бодвол сойгдох болжээ.

Хөдөө аж ахуйн салбар ч нэлээд сэхэл авч тэрүүхэндээ л төсөв, мөнгө, хандив, тусламж, гадаад дотоод харилцаа нь эрс сайжирч байна. Хэдийгээр бид энэ жил хүнсний ногоо тариалалтаа өнгөрсөн жилийнхээс мянган га талбайгаар нэмэгдүүлсэн таатай мэдээгээр намрыг угтаж байгаа ч хөндөх ганц асуудал байна. Дотоодынхоо хөрсөнд ургуулсан хүнсний ногоогоор иргэдийнхээ хэрэгцээг бүрэн хангах нь мэдээж сайхан хэрэг. Тэгэвч үнийн асуудлыг ярих хэрэгтэй байгааг дуулгая. Учир нь зах болон худалдааны төвүүдээр хүнсний эрт ургацын ногоонууд хэдийнэ худалдаалагдаад эхэлчихсэн ч үнийн хувьд “чанга” байгааг иргэд хэлж байна.

Арга ч үгүй биз. Төмс л гэхэд жинхэнэ Монгол үрийн гэдгээсээ хамаараад 800-1000 төгрөгөөр жинлэгдэж байна. Манжин, лууван, байцаа, нарийн ногооны үнэ дээрхээс ч үнэтэй байгаа юм.

Монголчууд шинэ ногооны улирал эхлэхтэй зэрэгцэн махнаас бараг гардаг. Учир нь хямд, шинэ ногоо элбэг байгаа энэ өдрүүдэд “ургацын далай”-д умбадаг. Гэтэл энэ намрын хувьд Сэлэнгийн шинэ ногооны үзэсгэлэн дээр ч үнэ нэг их хямдарч гавьсангүй ээ.

Намар бүрт л нээлтээ хийж хэдэн өдөр нийслэлийнхнийг уядаг “Намрын ногоон өдрүүд” шинэ ногооны үзэсгэлэн худалдаа энэ сарын 25-нд эхэлнэ. Энэ үеэр ногооны үнэ доошоо хэр савлахыг нийслэлийнхэн горьдож суугааг салбарынхан анхаараасай. Хэдийгээр тариаланчдын хувьд хавар, намрын их ажлаа үнэлдэг, үр шимийг нь хүртдэг ганц халуун өдрүүд байдаг ч жилийн жилд махны үнэд дарлуулсан иргэд эх орныхоо хөрсөнд ургасан хүнсний ногоог намартаа хямд үнээр авдаг байвал сайхан аа.

Монгол хүн ядаж Монгол төмсөө хямд үнээр авдаг байя. Айл бүр хашаандаа хүнсний хэрэглээндээ тохирсон багахан ч болов хэмжээний ногоо тарьчихдаг амьдралын арга ухаантай хөдөөгийн иргэдийг бодвол нийслэлийнхэнд ийм боломж хомс. Тиймээс жилдээ ганц л тохиодог намрын их ургацын үеэр нийслэлийнхний хүслийг биелүүлж хямд ногоогоор хэрэглээг нь хангавал яасан юм бэ. Бүтэн жил үнэтэй махны лангууг сахисан иргэд ядаж эх орныхоо хөрсөнд ургасан хүнсний ногоогоо хямд авдаг байя.

М.Мөнхтунгалаг

niigmiintoli.mn


URL:

Сэтгэгдэл бичих