КАРАОКЕГИЙН ЗАРЧИМ

Монгол Сургуулийнхантай хамт нэг караокедэв ээ. Түрүүхэнд нь хэсэг нөхөдтэйгөө караокедэхэд их сайхан байсан юм. Хүн бүр дуртай, дуртай дуугаа захиалаад л, тэгээд нөгөө дуу нь гараад ирэхээр захиалсан хүн нь микрофон барьж байгаад зад гоцлоод л энэ тэр. Тэгсэн Монгол Сургуулийнхантай караокедсэн чинь хөгжмийн боловсролтой бололтой нэг нөхөр ганцаараа бүх дууг нь захиалчих юм. Үгүй яахав, тэгээд тэр дотор нь миний дуртай дуу ганц хоёр явж байх юмаа. Тэгэхээр нь л дуртай дуугаа микрофонтой гоцлоод авах гэхээр л, нөгөө хөгжмийн боловсролтой эрхэмд чинь миний дуулж буй яаж таалагдах вэ дээ, оргил хэсэгт нь орох байтугай дөнгөж оршил нь эхлээд л “авч байтал” таслаад хаячих юм. Надаас арай дөнгүүр дуулдгуудыг нь болохоор бас харж үзэж байгаа бололтой, таслахгүй дуулуулаад байх юмаа. Бүр шал дургүй хүрээд, караокед ч гэсэн тэгш эрх баймаар санагдаад.

 

Яахав дээ, би караокед орилж байгаа болохоос УАДБЧ-ын тайзан дээр гарах гээд зүтгээд байгаа биш дээ, ямар. За тэгээд Л.Батбаяр караокедсэн чинь дуунд сайн нэг нөхөр дууг нь таслаад байж, үгүй энэ одоо тэгээд хэнд, ямар хамаатай юм бэ гэж үү? Яг үнэн, энэ хэнд ч хамаагүй! Эндээс харин надад ямар санаа төрсөн бэ гэвэл караокегийн зарчим караокедээ!

Харин өнөөгийн энэ олон вебсайт өөр зарчимтай байх ёстой. Энэ олон вебсайт-д өнөөдөр караокегийн зарчмаар хэн дуртай нь орлих бус (хэн дуртай нь юу дуртайгаа бичих бус), Монгол Сургуулийн хөгжмийн боловсролтой эрхэм шиг хэн сайн дуулдгийг нь дуулуулах (хэн чанартай, сайн бичиж буйг нь нийтэлж байх) ийм зарчим барих хэрэгтэй байна. Энэ бол миний түрүүхэн бичсэн “Инээх үү, огиулах уу” нийтлэлийн үргэлжлэл гэдэг нь уншигч Танд аяндаа ойлгомжтой байгаа байх аа. Караокегийн зарчим караокедээ, вебсайтын зарчим вебсайтдаа!

Л.БАТБАЯР

9 – 3 – 2012.


URL:

Сэтгэгдэл бичих