Нүүрсээ хүрздээд цагаан хэрэм давуулж шидэх нь монголын хөгжил биш ээ!
Асар хурдтай “давхиж” байсан Хятадын эдийн засгийн удаашрал Азийн орнуудад доргилт өгөх, ялангуяа Монголын эдийн засагт хямрал авчирч болзошгүй байгаа талаарх мэдээлэл цацагдаад буй юм. Сөрөг хүчин Засгийн эрхийг авсанд хөрөнгө оруулагчдыг хүлээлтийн байдалтай, татвар бүрдүүлэгчдийн зүгээс эрх баригчид ямар тоглоомын дүрмээр тоглохыг нь харзнаж байна. Инфляци бараг л 15 хувьтай гарсан нь цаашдаа Монголын эдийн засаг яах бол гэсэн айдсыг ч иргэдэд төрүүлээд буй. Тиймээс Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал Д.Батжаргалтай уулзаж, Монголын эдийн засагт өрнөж буй асуудлууд, наашилж буй хямралын бараан сүүдрээс хэрхэн хохирол багатай давж болох талаар ярилцсан юм.
-Хятадын эдийн засгийн удааширал Монголд хэрхэн нөлөөлөх бол. Евро бүсийн өрөөс улбаатай дэлхийн эдийн засгийн хямрал, үер усны гамшгаас болсон хүнсний хомсдол, Монголын гадаад зах зээлийн гол түнш болох өмнөд хөршийн эдийн засгийн асуудлаас холуурхан тойроод гарах боломж бидэнд байгаа болов уу?
-Монголын эдийн засаг гадаадаас хамааралтай болчихсон гэдэг нь илэрхий байна шүү дээ. Ноднин өдийд л яаж бялхаж, цалгиж байлаа даа. Гэтэл өнөөдөр ямархуу байдалд эдийн засаг маань орчихоод байна вэ. Хятадын эдийн засгийн өсөлт саармагжихад л энэ нь Монголд яаж нөлөөлж байгааг бид бүгд харж байна. Ярьж байна. Нүүрсээ хүрзээд цагаан хэрэм давуулж шидэх нь эдийн засгийн өсөлт биш ээ. Монголын ирээдүй биш ээ гэж өчнөөн л хэлсэн. Харамсалтай нь өмнөх эрх баригчид үүнийг авч хэлэлцээгүй л дээ. Хятадын эдийн засгийн хямрал зүүн Азийн орнуудын эдийн засгийн хямралыг давтаж байна. Тайланд, Тайвань, Сингапур, Вьетнам гээд Азийн бар, луунууд чинь 1990-ээд оны үед өнөөгийн Хятад шиг эдийн засгийн өсөлтөөрөө гайхуулж байсан юм. Харамсалтай нь 1997 онд Азийн эдийн засгийн хямрал болж, бар, луунуудын эдийн засаг хэцүүдсэн. Эндээс юу гэсэн дүгнэлтэд хүрсэн бэ гэвэл, бар, луу байлаа ч асар өндөр хурдацтайгаар өсч буй эдийн засгийн өсөлт урт удаан хугацааг хамарч чаддаггүй юм байна гэсэн ойлголтод л хүрсэн хэрэг. Хятад маш том зах зээлтэй. Хэрвээ энэ улсын эдийн засаг хямарсан тохиолдолд том зах зээлээ дагаад том уналтад орох нь гарцаагүй. Том зах зээл өөрөө том эрсдэл дагуулдаг, эргэж сэхээ автлаа урт удаан хугацаа шаарддаг юм. Өөрөөр хэлбэл, Хятадын эдийн засгийн асуудал гинжин урвалд орох аюултай байдалд орчихоод байгаа. Европ тив тэр чигээрээ донсолж байна. Европын донсолгоо Хятадыг доргиож, Хятадыг дагаад Ази тив уналтад орох хэцүүхэн үе ирчихээд байна. Өнөөдөр дэлхийн орнуудаас эдийн засаг нь арай жаахан тогтвортой байгаа нь хойд Америк л байна. Гэтэл хойд Америк нь Монголоос дэндүү хол байна шүү дээ. Монголын эдийн засаг тэр чигтээ Хятадын хамааралд орсон. Монголын эдийн засгийн гол хөшүүрэг бол уул уурхай. Уул уурхай нь Хятадаас бараг 100 хувь шахуу хамааралтай болчихоод байна шүү дээ.
Өөрөөр хэлбэл, зэс нүүрсээ монголчууд Хятадын том зах зээлд шахаж байна. Дэлхийн зах зээлд зэс нүүрсний үнэ уналаа, Хятадын худалдан авалт буурлаа л гэвэл Монголын эдийн засаг хэцүүднэ. Харин бид яалаа.
-Яасан гэж. Дэлхийн зах зээлд дэх ашигт малтмалын үнийн өсөлт, бууралт монголчуудаас хамааралгүй шүү дээ?
-Монголын өмнөх Засгийн газар уул уурхайгаас орж ирсэн баялгаа зүгээр л цацсан. Иргэн бүрт сар болгон 21 мянган төгрөг өгөөд, оюутнуудыг цалинжуулаад л. Ингэж болохгүй гэдгийг анхааруулсаар байсныг ердөө ч тоогоогүй. Эцэс сүүлдээ Монголын хэтэвч хоосорсон. Одоо мөнгө алгаа цалин өгөхөө больё гэвэл оюутнууд нь бослого гаргах байлгүй. Иргэддээ бэлэн мөнгө тарааснаас болоод нөгөөдүүл нь бэлэнчлэх сэтгэлгээтэй, ажил хийж мөнгө олох дургүй хүмүүсээр л энэ улс дүүрчихсэн шүү дээ. Хавтгайруулсан халамж өгөхийн оронд эрчим хүч, дэд бүтцээ сайжруулахад хөрөнгө оруулсан бол өдийд мөнгөгүйн зовлонг эдлэхгүй л байсан даа. Монгол баялгийн ханиад хэдийнэ тусчихсан. Одоо бүр ханиад нь улам лавшрах биз.
-Тэгээд яаж Монгол мөнгө олж, хямралыг ядаж л хохирол багатай давах вэ. Энэ удаагийн хямралд Монголын эдийн засаг нэрвэгдэх юм бол дахин бостлоо нэлээд хугацаанд дээлээ чанга бүслэх хэрэг гарна гээд байх юм. Н.Алтанхуягийн Засгийн газар ямар бодлого хэрэгжүүлээсэй гэж та бодож байна вэ?
-Шинэ Засгийн газар өмнөх Засгийн газрын алдааг засахын тулд нэлээд махийхаас өөр зам үлдээгүй. Архи тамхины Онцгой албан татварыг нэмсэн нь зөв гэдэгтээ би санал нэг байгаа. Харин шатахууны татварыг зөв зохицуулалтаар нэмэхгүй бол хэцүүднэ. Мэдээж, нэг хэсэг хугацааны дараа дэлхийн эдийн засаг сэргэж л таарна. Монголын ашигт малтмал дахиад үнд орж л таараа. Гэхдээ тэр болтол дээлээ чанга бүслээд хүлээж суух хэрэггүй. Дотооддоо байгаа бололцоо боломжоо шавхах ёстой. Толгой тархи, гар хөлөө зэрэг ажиллуулах хэрэгтэй байна. Тодорхой хэлэх юм бол дотооддоо юм хийдэг баймаар байна. Шатахуун дотооддоо үйлдвэрлээд эхэлбэл гадагшаа урсч буй валютын урсгалыг дотооддоо тогтоож болно шүү дээ. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогоор дэмжих ёстой. Монополиудын монополь үнэ тогтоодог байдлыг халах ёстой. Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд урт хугацааны зээл олгоод энэ нь хөгжөөд эхэлбэл нэг улсын эдийн засаг хямарлаа гээд салхи дагаад намирдаг туг шиг байхаа болино. Нөгөөтэйгүүр эдийн засгаа хөгжүүлэхийг хүсвэл эхийн хэвлийд хүүхэд бүрэлдэх үеэс л төр анхаарал хандуулах ёстой?
-Эхийн хэвлийд хүүхэд бүрэлдэх цагаас нь төр анхаарлаа гэж бодьё. Энэ тэгээд эдийн засгийн хөгжилд ямар хамааралтай юм?
-Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэх үеэс төр анхаарч, зөв бодолтой, зөв хүмүүжилтэй хүн болгоход санаа тавих ёстой. Зөв хүмүүжил, зөв боловсрол авсан хүүхэд хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй. Эх орноо худалдахгүй, мөнгөний төлөө эцэг эхээ худалдахаас ч буцахаа больсон тийм муухай зан суухгүй. Хүн амынхаа эрүүл мэндийг хангана гэдэг эдийн засгийн хамгийн чухал үзүүлэлт юм. Ажил хөдөлмөр хийе гэсэн хүмүүсийг боломжоор хангах хэрэгтэй. Өнөөдөр ажил хөдөлмөр хийе бүтээе гэсэн хүмүүсийг нас зүсээр нь хязгаарлачихаад байна. Ахмад настай байлаа ч гэсэн тэр хүн хөдөлмөрийн бүтээмж өндөртэй байж болно шүү дээ. Төрийн олон хүнд сурталтай аппаратуудыг цөөлмөөр байна. Шинэчлэлийн Засгийн газар эрүүл, зөв бодолтой, сайхан сэтгэлтэй Монгол хүнийг бий болгох ёстой. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, бусад намын мөрийн хөтөлбөрт тусгасан Монголын эдийн засаг, нийгэмд, иргэдэд хэрэгтэй гэснийг ч мөн адил хэрэгжүүлэх хэрэгтэй. Хятадаас орж ирдэг хортой хоолс хүнс, хувцас хунарыг болиулмаар байна. Монголын иргэдийн аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэх.Цаашлаад зөв бодолтой, зөв сэтгэлгээтэй иргэдтэй байж гэмээнэ улс орон зөв хөгжих юм.
-Зарим хүмүүс шүүмжилж байна л даа. Н.Алтанхуягийн Засгийн газар томилгоо ярьсаар байгаад багагүй хугацааг үдлээ. Гэтэл гадаадын хөрөнгө оруулагчид шинэ Засгийн газрын бодлогыг хүлээгээд хүлээлтийн байдалд орчихоод байна аа гэж?
-Томилгоо ярихгүй яах юм. Томилгоогоо зөв хийж байж улс орны асуудал зөв замаар явна. Хэвлэлийнхэн л хов жив болгоод байгаа болохоос. Томилгооны цаана маш их бодлого явагдаж байгааг та бүхэн ойлгох ёстой. Мэдээж, аль ч улс оронд Засгийн эрх барьж байгаа нам солигдохоор хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд ордог. Ардчилсан нам засгийн эрх авсан болохоор хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд орчихсон юм биш. Н.Алтанхуяг гэдэг ганцхан хүний асуудал биш. Энэ чинь улс орон зөв замаар цаашдаа хөгжих үү үгүй юу гэдэг том сорилтын өмнө л Монгол Улс ирчихээд байгаа. Би Ардчилсан нам томоохон сорилттой тулгарч байгаад өмнөөс нь сэтгэл түгшиж л байна. Гэхдээ тэдэнд итгэж байгаа. Уул уурхайн бодлого зөв тогтвортой байвал том хөрөнгө оруулалт хийгддэг. Харин уул уурхайн бодлого нь тогтвор муутай, томоохон хөрөнгө оруулагчид руугаа сав л хийвэл ноцоод байвал тэд Монголыг шантаажчин юм байна л гэж ойлгоно. Бурхан гуйсан ч газар шорооноосоо өгөхгүй гээд гадаадын хөрөнгө оруулагчидаа хөөчихвөл Монгол Улс хөгжихгүй ээ. Том хөрөнгө оруулагчид чинь том бодлоготой, соёлтой байдаг. Харин гадаадынхантай нийлсэн жижиг гарын луйварчидтайгаа л тэмцэх хэрэгтэй байгаа юм.
-УИХ-ын нэр бүхий гишүүд Оюутолгойн гэрээг эргэж харахыг Ерөнхий сайдаас шаардсан. Оюутолгойн гэрээг буцаах нь Монгол Улсад ашигтай юу?
-Би бүр гайхаад байгаа юм. Иргэний хөдөлгөөний нөхдүүд ийм шаардлага тавьсан бол хэдэн төгрөгийн төлөө шантааж хийж байна даа л гэж бодох байлаа. Харамсалтай нь Монголын парламентийн нөхдүүд ийм шаардлага тавиад байгаа юу гэж ч ойлгохоо мэдэхгүй л байна. Оюутолгой их том хөрөнгө оруулалттай болохоор тэгээд байгаа юм болов уу. Монгол Улс Оюутолгойтой ноцолдоод, тэдэнтэй хийсэн гэрээгээ буцаавал дэлхийд ёстой шараа болох байлгүй. Монгол Улс тогтворгүй, найдваргүй, шантаажчин юм байна гээд томоохон хөрөнгө оруулагчид үргэчих биз.
Харин жижиг гарын Монголын газар нутгийг сүйдэлж байгаа нөхдүүдийг чангалах ёстой. Гадаадын тэнэмэл нөхдүүдтэй нийлсэн монголчууд Монголыг аймаар сүйдэлж байна шүү дээ.Хээрийн нохойтой нөхөцсөн гэрийн нохой ямар аюултай хортой байдаг билээ. Яг монголчууд маань ийм л болчихоод байна. Дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг, акул компанийнхаа хувьд “Рио Тинто”-той хамтарч ажиллах нь зөв гэж бодож байна. Тэдний хөрөнгө оруулалт нь дуусаагүй, боловсруулах үйлдвэрээ ч барьж амжаагүй, байхад бид ажлыг нь хийлгэхгүй байж болохгүй. Тэд том хөрөнгө оруулагчийнхаа хувьд нэр төрөө баастсан муухай юм хийхгүй байх. Харин Монголын хуулийг гууль болгоод байгаа, байгаль экологийг нь хорлон сүйтгээд байгаа, нөхөн сэргээлт хийдэггүй “жулик”-уудтай тэмцэх юм бол том хөрөнгө оруулагчид “овоо доо, монголчууд чинь бас дажгүй юм байна” гэсэн ойлголттой болох байх. Монголд том хөрөнгө оруулагчид хэрэгтэй болохоос жижгүүд хэрэггүй. Тэр тусмаа нинжа нар бүр ч хэрэггүй. Би яагаад Монголын төр нинжа нарыг өөгшүүлээд байдгийг нь ойлгодоггүй юм. Гэнэт алт олсон хүн мөнгөндөө “солиорчихдог”. Гэнэт их мөнгөтэй болсон хүн солиотой байдаг. Монголд ийм солиотнууд олон байна шүү дээ. Мөнгө бодсон, мөнгөнд шунасан нөхдүүдээр Монгол дүүрсэн. Ийм байхад юун аюулгүй байдал, юун зөв хөгжил вэ.
-Та түрүүнд хэллээ төрийн аппаратыг цөөлөх хэрэгтэй гэж. Тэгвэл олон хүн ажилгүй болж, ажилгүйчүүдийн эгнээд шилжих байх даа?
-Төрийн аппарат олдлоо гээд Монгол Улс хөгжсөн үү. Өнгөрсөн хугацаанд төр улам нь томорч, данхайгаад л, цалин нь нэмэгдээд, зарлага нь өсөөд л байсан. Гэтэл Монгол Улсад авлига нэмэгдээд л, хүнд суртэл ихсээд л байсан шүү дээ. Би төрийн албан хаагчдыг мэдлэг чадвараар нь өрсөлдүүлээд шалгалтад тэнцээгүй нэгэнд шулуухан баяртай гэж хэлэх ёстой л гэж бодож байгаа. Олон хүн тэжээлээ гээд Монгол Улс сайжрах байсан бол аль хэзээний сайжрах байсан. Харин ч төсвийн мөнгийг идэж уугаад, мөрөөрөө бизнес хийх гэсэн нэгнийг дарамталж мөнгө саах л хэрэгсэл болоод хувирчихсан шүү дээ. Төрийн албан хаагчид үнэндээ өлөн нүдтэй л нөхдүүд байдаг. Гар харсан, мөнгө горьдсон. Ийм хүмүүсийг халаад жинхэнэ юм хийдэг, юм хийх хүсэлтэй хүмүүсийг орондньтавих ёстой. Ялангуяа дунд шатныхан бол бүр аймаар өлөн нүдтэй. Энэ тогтолцоог үндэсээр нь өөрчилсөн тохиолдолд Монгол Улс хөгжинө.
Төрийн төлөө чөмгөө дундартал зүтгэлээ гээд зарим нөхөр ярьдаг. Өөрийнхөө төлөө чөмгөө дундартал зүтгэсэн үү гэхээс төрийн төлөө чөмгөө дундартал зүтгэсэн бол улс орон маань арай л өөр байх байсан. УИХ-д арваад жил дархлагдсан мэт сууж байгаа нөхдүүд үнэндээ юу хийснийг мэдэхгүй л байна. Би Э.Бат-Үүл баатарыг олон хүн дэмжээсэй л гэж хүсдэг. Хийж байгаа ажилд нь битгий саад болоосой гэж. Бас Х.Тэмүүжин сайдыг, Л.Гантөмөрийг ч сайн ажиллах байх гэдэг өндөр итгэлтэй байгаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрөөс их юм хүлээж байгаа. Тэр хүн бол шоу хийдэг, шоуны, нэр тэрийн хойноос хөөцөлддөг хүн биш.
-Хүүхэд бүхэн сар бүр 20 мянган төгрөг өгөх тухай ярьж байна. Зарим хүмүүс бас нэг хавтгайрсан халамж гээд дүгнээд байх шиг?
-Хүүхдэд мөнгө өгнө гэдэг хавтгайрсан халамж биш. Харин иргэн бүрт сар бүхэн мөнгө өгнө гэдэг бол утгагүй. Жинхэнэ хавтгайрсан халамж. Хүүхдийн мөнгөний цаана эмзэг бүлгийн хүүхэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих том бодлого явагдаж байгаа хэрэг. Хүүхдийг баян хоосноор нь ялгаварлах нь бүр утгаггүй. Өрх толгойлсон таван хүүхэдтэй эмэгтэй байлаа гэж бодьё. Нөхөр нь аваар ослоор амиа алдсан байж болно. Тэр хүмүүст хүүхдээ тэжээх мөнгө хэрэгтэй биз дээ. Тиймээс Архи, тамхины онцгой албан татварыг нэмж байгаа нь зөв. Архи уумаар байвал өндөр үнэтэйг авна уу, өвгөнтөө авна уу томчуудын асуудал. Харин баар, саванд шөнийг өнгөрөөж байгаа залуусыг замбараагүй архидалт багасах нэг сайн талтай.
-Махны үнэ өсөөд л байна. Махны үнийг яаж тогтоож барих вэ. Засгийн газар юу хийх ёстой юм бол. Иргэдийн хувьд махны үнэ хямдхан байгаасай л гэж хүсдэг. Даанч харамсалтай нь өдөр өдрөөр махны үнэ өссөөр л байна?
-Энд тэндгүй махны үйлдвэр барих хэрэгтэй. Малчдаас шууд хэрэглэгчдэд хүргэдэг л тийм бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Түүнээс зургаан шатны ченжийн дамжлага дамжих юм бол махны үнэ хямдрахгүй ээ. Махны үнийг хямдруулах ганц гарц нь ченжүүдийн дамжлагыг халах.
URL: