Хулгайч нартай дөрөө харшуулсан байгаль хамгаалагчид
Зуны налгар цагаар хэн хүнгүй л агаар салхинд явж амрахыг чухалчилдаг. Олны жишгээр өнгөрсөн зун ойрхноор нь гээд Горхи, Тэрэлж хавийг зорилоо. Улаанбаатар хотоос зүүн тийш 50 гаруй км яваад Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт очно. Сүрлэг, өндөр уулс, гайхам сонин тогтоц бүхий хад чулуу, ой мод, ногоон тал хосолсон үнэхээр үзэсгэлэн төгс сайхан газар. Байгалийн сайханд нутгийн иргэдтэй ярьж хөөрсөн шигээ явж байхдаа “Манай энд модны хулгай гэдэг юм хүчрэгдэхээ байлаа. Байгаль хамгаалагчид модны хулгайч нартай нийлээд хамаг мод зөөгөөд дуусгаж байна” гэж халаглахыг сонсов. Сонсоод байхнээ Горхи, Тэрэлж хавийг хариуцсан байгаль хамгаалагч залуу мод гаргасан нэгнийгээ матлаа гэж нутгийн нэг настныг гэрт нь очоод зад загнасан гэх. Амьхандаа л байгалиа хамгаалах гэж хичээсэн эмээ загнуулчихаад “Тэгж яривал чи өөрөө мод гаргадаг биз дээ. Чамайг ч гэсэн хэлдэг газар нь хэлнэ” хэмээж ширүүлсэн тухай ч чих дэлсэв. Энэ ярианаас улбаалан тэр цагаас хойш бага сага мэдээлэл цуглуулж эхэлсэн. Модны хулгайчийг өмөөрсөн байгаль хамгаалагч хэн гэдгийг ч мэдэж авлаа. Анзаараад байхад мотоцикль унаж, айраг, архи эргүүлсэн залуу тэр хавийн амралтын газруудаар хэсч билляард тоглож өдрийг өнгөрүүлээд байх шиг. Заримдаа тэр хавийн залуустай нийлчихсэн “муушиг” тоглож суух. Гэтэл хажууханд нь Туул голын эргээр үдэлсэн амрагчид буцахдаа уул овоо шиг хог хаягдлаа тэр чигт нь ногоон зүлгэн дээгүүр дэлгэж хаячихаад арилж өгөх. Бүгдийн нүдэн дээр ил энэ муухай үзэгдэл байгалийн цогцолборт газрын манаач болох залууд харагдаггүй юм уу, эсвэл тэр хогтой зууралдан доошоо ордог “жижиг гар” биш юм болов уу…
Өнгөрсөн баасан гаригт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг дахин зорив. Энэ удаад “Хов жив” цуглуулах бус модны хулгайчдын халуун мөрөөр орох зорилго тавьсан.
Модны хулгайчид зохион байгуулалтад оржээ. Ойг харж, хамгаалж байх үүрэгтэй байгаль хамгаалагчид ч хулгайчидтай дөрөө харшуулчихаж. Энэ тухай энд өгүүлнэ.
Горхийн Хар бургастай гэж зунд нь агь таанын үнэр анхилж, сэвшээ зөөлөн салхи үлээсэн, өвөл цасанд хучигдаж, хүчилтөрөгчийн үүр уурхай болсон сайхан газар бий. Ойн жим модны хулгайн жим болж хувирсныг Хар бургастайгаас харж болно. Хар бургастай одоогоос гуч гаруй жилийн өмнө битүү модтой, гүзээлгэнэ, бөөрөлзгөнө, нохойн хошуу багсайтал ургадаг үлгэрийн гэмээр газар байж. Харин өнөөдөр нүцгэн бэлд сарайж сэрийсэн хэдхэн мод үлдсэн нь өр өвтгөнө. Энэ үгийг дээр өгүүлсэн байгаль хамгаалагчид зад загнуулсан эмээ хэлсэн. Түүнтэй ийнхүү хөөрөлдлөө.
-Танаас эндхийн модны хулгайн талаар ярилцлага авъя гэж зорьж ирлээ. Та нэр алдраа хэлэхгүй байж болно. Харин бидэнд модны хулгайн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Нэр усаа нуугаад яах вэ. Намайг Ж.Даваажав гэдэг. Энэ Горхийн Хар бургастай гэдэг газар манай аав, ээжийн нутаг. Аав, ээж минь 30 гаруй жил нутагласан. Би багадаа энд өссөн. Сургууль соёлын мөр хөөж, хот хүрээгээр амьдарч яваад тэтгэвэртээ гарч, 1996 онд энд нүүж ирээд арав гаруй жил боллоо. Энэ газар бидний багад битүү модтой, мод огтолдог хүн байдаггүй байлаа. Улаалзгана, гүзээлгэнэ, нохойн хошуу их ургадаг байсан. Одоо жимс жимсгэнэ ургах нь ч муудаж. Аргагүй л дээ, хамаг модыг нь хулгайчид тайрч, огтлоод дуусгаж байгаа юм.
-Хэзээнээс ингэв?
-Сүүлийн таван жил арай дэндүү боллоо. Энэ хавийн айлууд сайн мэднэ. Өмнө нь арай гайгүй байдаг байсан. Одоо шөнө болгон шахуу машинтай хүмүүс уул руу гарч мод огтолж байгаа. Эндхийн зарим айл ч малын хашаа саравч барих модоо авдаг.
-Ямар хүмүүс мод огтолж, хулгайлаад байна вэ?
-Энэ хавийн Халим, Эрбуян гэх зэрэг зарим айл хашааны мод авдаг. Хашаа барих гэж зулзаган мод огтолж байгаа нь дэндүү өр өвдмөөр. Хулгайгаар унагаасан модоо мориор чирээд авчихдаг. Намайг хэлэхээр “Та зүгээр мөрөөрөө л байж бай” гээд хэрэгсдэггүй юм.
-Байгаль хамгаалагч юу хийж байна?
-Тэр чинь модны хулгайчдын найз болоод удаж байгаа шүү дээ. Ямар хүмүүс мод огтолж, хулгайгаар Налайх руу, хот руу оруулдгийг тэр сайн мэднэ. Тэгсэн хэрнээ арга хэмжээ авах нь бүү хэл өнгөрсөн зун манайд ирээд намайг “Айл аймаг байж нэгнийгээ матлаа” гэж загнаад бөөн юм болсон. Нойтон мод огтолж, хулгайгаар ачиж яваад байгаа нэг хүний талаар би холбогдох газарт нь хэлсэн юм. Тэгсэн чинь ирээд намайг загнаад сүйд болсон. Гэхдээ удахгүй дахиж ирээд “Нөгөө хүнд арга хэмжээ авч, модыг нь хураасан” гэж байна билээ. Үнэн, худлыг бүү мэд.
-Эндхийн байгаль хамгаалагч гэж ямар хүн байдаг юм?
-Дагс гэж залуу бий. Хуучин Шоош гэж хүн байсан. Дараа нь Пагма гэж сайн хөөцөлддөг хүн ирсэн. Даан ч түүнийг хүний муу үзлээ гээд хөөгөөд явуулсан. Дараа нь Энхжаргал гэж залуу ирээд өөрөө мод хийж, хийж явсан. Манай эндхийн нэг хүн “Энхжаргал намайг мод хийж өг гээд байна. Яадаг юм билээ” гээд аргаа барчихсан сууж байсан. Энхжаргал мод бэлтгэж өгчихөөд оронд нь хонь, мөнгө авдаг. Энэ Дагсыг ч ажил хийдэг хүүхэд гэж хэлэхгүй. Мотоцикль унасан залуу л явдаг. Эрбуяныхаас лав нэг хонь идсэн. Хэдэн шил архи ч уусан гэдгийг би баттай мэднэ. “Түүнд нэг шил архи өгчихсөн байхад энэ гүүрээр мод чөлөөтэй гардаг болсон” гэж хүн хэлж байна лээ. Тэр үнэн. Би баттай мэднэ. Горхийн Хар бургастайн мод иймэрхүү хүмүүсийн гараар орж устаж алга боллоо. Манай өвөлжөөний урдаас сайхан булаг гардаг байсан. Булгийн эхээр зөндөө олон мод байсныг огтлоод хаячихсанаас булаг ширгэсэн. Хар бургастай сайхан зураануудтай. Том, жижиг нийлсэн найман зурааны модыг яг адилхан огтлоод дуусгалаа даа. Энэ хавийнхан түлшнийхээ модыг эндээс авдаг. Би ч гэсэн авдаг. Унасан гишүү, хожуул зэргийг тэртэй тэргүй авах ёстой гэж би боддог юм. Харин нойтон модыг огтолж зөөгөөд байгаа нь тун хайран. Горхийн Баруун салаа энэ Хар бургастайтай яг адилхан болсон байна билээ. Горхийн жуулчны баазынхан тэндхийн модыг устгаж байгаа.
Эмээ ийнхүү ярилаа. Тэрбээр биднийг Горхийн Хар бургастай гэдэг газарруу газарчилж очсон. Үнэхээр нүд хальтирмаар дүр зураг. Эмээгийн хэлсэн найман зурааны эхний хоёроор очсон. Тэр чигтээ хожуул үлдэж. Уулын бэлийн хормойноос орой хүртэл өндөр, нам тайрагдсан хожуул дүүрэн. Шөнө хулгайч нар босоогоороо хөрөөддөг учраас өндөр хожуул үлддэг гэнэ. Дөнгөж хэдхэн цагийн өмнө (шөнө нь) энд хулгайчид морилоод алга болсныг гэрчлэх мэт бүдүүн, бүдүүн ногоон мөчир газар нэвсийж хэвтэнэ. Хөрөөнд тайрагдсан хожуул ч цав цагаанаараа. Дээрх гэрэл зургууд Харбургастайн мод хаачсаныг ямар ч мэдээллээс илүү хэлээд өгөх бизээ.
Бид уулнаас буугаад, нойтон мод хулгайлдаг гэх Эрбуян хэмээх айлын өвөлжөөгөөр очлоо. Өвөлжөөний хашааны ард урт урт мод өрж тавьсныг харахад дээрх ярианд үнэмшихгүй байхын арга алга. Бас Увс аймгаас нүүж ирээд хулгайн модоор малын хашаа барьсан Хулгадай гэх айлын өвөлжөөний зургийг ч авлаа. Зулзаган модоор зай завсар гаргахгүй барьсан хашаа бараг л хаус шиг.
Горхид амьдардаг бас нэгэн иргэн бидэнд мэдээлэл өгсөн юм. Түүний хүсэлтээр нэр, алдрыг нь бичсэнгүй.
-Эндхийн модыг ямар хүмүүс хулгайлаад байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Халим их хулгай хийдэг. Миний мэдэхийн энэ хүн байнга хулгай хийж байгаа. Өөр айлууд ч бий. Одоо байгаа Дагс, өмнө нь байсан Энхжаргал гэдэг байцаагчтай нийлээд хуйвалдаж хулгайлдаг. Энхжаргал нь одоо Босгын гүүрэн дээр байгаа.
-Нойтон мод ольё гэвэл эндээс асуудалгүй олдох нээ?
-Байгаль хамгаалагч нарт сайн захих юм бол найдвартай. Эндхийн хүн болгон мэднэ. Хэдэн цаас өгье гэвэл үгүй гэхгүй. Бас Шар хоолойн фермийн ойн байцаагч байнга хулгайн мод оруулдаг. Ой хамгаалагч нар чинь янзын хулгайч байдаг юм шүүдээ.
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг хариуцсан байгаль хамгаалагчтай утсаар ярилаа. Ямар сурвалжлага хийж байна гэлтэй биш. Танил хүмүүсийн журмаар хэдэн үг солилоо. Энэ нь мөнөөх эмээг загнадаг “Босс” хамгаалагч гэдгийг тодотгох хэрэгтэй байх.
-Мод хэрэг болоод оо. Чамайг л мэддэг гэж сонслоо?
-Ямар мод юм. Түлээний мод юм уу.
-Үгүй. Нойтон мод?
-Би ярья. Бодож байя. Болохгүй юм байхгүй.
-Ямар үнэ ханштай байх бол?
-Мод үнэтэй болчихсон шүү дээ. Түлээний мод нэг Портер нь гэхэд 150 мянган төгрөг байдаг. Нойтон мод гэхээр үнэ нь яваад өгнө л дөө.
-Багцаагаар. Багцаа мэдэх хэрэгтэй байна?
-Нэг машин хуурай мод буюу түлээний мод бэлтгэхэд гоожин 35 мянган төгрөг байдаг. Гоожингийн мөнгө төлөөд, зөвшөөрөл авч түлээний мод гэдэг нэрийдлээр авахгүй бол болохгүй.
-Гоожингийн мөнгийг хаана өгдөг юм?
-Орон нутгийн байгаль хамгаалагч.
-Та мөнгө хурааж авна гэсэн үг үү?
-Тэгнэ. Би аваад, зөвшөөрөл өгдөг.
-Асуудал гарах нь гайгүй болов уу. Оруулж ирэхэд замд хяналт шалгалт таардаг ч юм уу?
-Асуудал гарна. Чи цагдаа таних уу.
-Танихгүй…?
-За, тэрийг аргалчихаж болох байх аа.
-Хэзээ болох бол. Ирэх хагас, бүтэн сайнд амжих уу?
-Энэ хагас, бүтэн сайнд амжихгүй. Би одоо шалгалтаар явна. 10 дугаар сарын 15-ны дотор амжчих байх. Би зохицуулж өгье.
Модны хулгайчидтай дөрөө харшуулсан байгаль хамгаалагч нарын дүр зураг ингэж л тодорч байна. Хамгаалж байх үүрэгтэй хүмүүс нь хонь, архи мэтхэнээс хамаг модоо өгөөд дуусч байхад дээд удирдлагууд нь юу хийж байдаг юм бэ. Ингэхэд ард иргэд бид татварын мөнгөөрөө хэнийг цалинжуулаад, хэнд ой мод, ногоон байгаль, эх орноо даатгаад байгаа юм бэ. Арай дэндүү ухамсаргүй, байгалиа хайрлах өчүүхэн төдий ч сэтгэлгүй ийм хүмүүсийг “хамгаалагч” нэртэйгээр байлгаад, цаашид тэжээсээр байх юм гэж үү. Энэ олон асуултад ард иргэд хариулт хүлээж байна, эрхэм сайд, дарга нар аа.
Анзаараад байхад мод хулгайлах зөвшөөрөл өгдөг, хулгайлсан модыг нь хяналт шалгалтаар нэвтрүүлдэг, нойтон мод бэлтгэж өгдөг бүхэл бүтэн мафийн сүлжээ маягийн зохион байгуулалтад модны хулгайчид нэгджээ. Энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд бишгүй дээ л дуугардаг ч цочроо авч, гэм буруутнуудад хариуцлага тооцож байгаа юм алга. Арай хэтэрч байна.
Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин
URL: