Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ачаар Солонгосчууд Халхын голд 280 мянган га газар эзэмших боломжтой боллоо
Халхын гол. Энэ нэр монгол хүн бүрийн сэтгэлд халуун дулаанаар оршиж, монгол хүн бүрийн бахархал болон зүрхэнд дүрэлзэж байдаг. Чиний миний, таны өвөө, эмээ энд бүлээн цусаа урсгаж, халуун амиа зольж, сөөм газрыг ч харийн дайсанд алдахгүй гэхдээ цээжээрээ хамгаалж үлдээсэн юм. Гэтэл эх орны торгон хил, цусны толботой, амины үнэтэй энэ ариун дагшин газар харийнхны мэдэлд очиход бэлэн болоод байна. Одоогоос 10 гаруй жилийн өмнө япончууд Халхын голын районд цагаан буудай тариалах гэж туршиж үзээд чимээгүй болсон гэдэг. Гэтэл сүүлийн үед Солонгосчууд Халхын голын ай сав газрыг сонирхож, удаа дараа янз бүрийн төсөл хөтөлбөр барин гүйлдэх болжээ. Харин өнөөдөр Халх голын районы 270 мянган га газар солонгосчуудын мэдэлд очих үүдийг Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж өглөө. Халхын голын ай сав газарт өөрийн гэсэн эзэмшилтэй болох хүсэлтэй Солонгосчуудад найр тавьсан нэг бус шийдвэр гарч байсан аж. Өнгөрсөн хавар Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав 2010 оны Y сарын долооны өдөр аймгийнхаа Иргэдийн хурлын тэргүүлэгч гэх цөөн хэдхэн хүнийг цуглуулж байгаад Дорнод аймгийн Иргэдийн хурлын 26 тоот тогтоол гэгчийг гаргаж байжээ. Уг тогтоолд:
1. Атаршсан 40 мянган га газрыг зориулалтын дагуу газар тариалангийн эргэлтэнд оруулж, эрчимтэй ашиглахыг эзэмшигч, аж ахуй. нэгж, иргэдэд даалгасугай.
2. Атаршсан газрыг газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид дахин эзэмшүүлэх ажлыг холбогдох газрын тооцоо судалгаа, санал дүгнэлтийг үндэслэн зохион байгуулж, ажиллахыг Халх гол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Ц.Насанхүү Засаг дарга Ц.Сүхбаатар нарт даалгасугай.
3. “Халх гол төсөл”-ийн хүрээнд 170 мянган га атар газрыг эзэмшихтэй холбогдуулан газар эзэмших, хөрөнгө оруулах сонирхол бүхий гадаад дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудын хөрөнгө оруулалтын 5-10 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг гүйцэтгэлийн баталгаа болгож Аймгийн хөгжлийн санд төвлөрүүлсэний үндсэн дээр газар эзэмших эрх олгохыг аймаг, сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай” гэжээ. Гэвч Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан энэ тогтоол хууль зөрчсөн нь илэрч, эсэргүүцэлтэй тулгарч, эцэст нь хүчингүй болж байсан удаатай. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 170 мянган га газар гадныханд нууцаар өгөх гэж байгаад баригдсан. Тэгвэл өнөөдөр Солонгосчууд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нөмөр нөөлгөн дор бүр 270 мянган га газар Халхын голд авах гэж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛД БАГТСАН СОЛОНГОСЫН БАЯЧУУД
Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймагт ажиллав. Гэвч түүний энэ томилолт Дорнодчуудыг төдийлөн баярлуулсангүй. Олон жил яригдаж, олон хүний эсэргүүцэлтээй тулгарч байсан Солонгосчуудын төсөл хэрэгжих боломжтой боллоо. БНСУ-ын КОИКА байгууллага Халх голын бүс нутагт 270 мянган га талбайг хамруулан хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх иж бүрэн судалгаа хийж, мал аж ахуй, газар тариалан хосолсон загвар аж ахуй байгуулах зураг, төлөвлөгөөг бэлэн болгосон байна. Энэ хүрээнд хийгдсэн зураг төсөлд тулгуурлан Халх гол суманд загвар аж ахуй байгуулах төслийг КОИКА байгууллага хийсэн гэнэ. Тус байгууллага төслөө Баянгол зочид буудалд танилцуулж байсан удаатай. Гэвч “270 мянган га газар хамарсан загвар аж ахуй байгуулна, дөрвөн сая долларын хөрөнгө оруулалт хийнэ” гэсэн тэдний сайхан үгэнд итгэх хүн өнөөдрийг хүртэл олдоогүй. Тэд өнгөрсөн хавар төслийн нээлтээ хийхээр зэхэж байсан ч энэ асуудлыг Засгийн газар дэмжээгүй. Т.Бадамжунай сайд танилцуулгыг нь үзээд л өнгөрсөн аж. Харин Халх гол суманд загвар аж ахуй байгуулах төслийн гэрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Дорнод аймагт ажиллах үеэр гарын үсэг зурж амжив. КОИКА байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Ли Дунг “Төмөр зам, автозам тавигдахыг хүлээлгүй , цаг алдалгүй ажлаа эхлүүлцгээе” хэмээн уриалж эхэллээ. Үнэндээ энэ төслийн талаархи мэдээлэл тун бүрхэг. Солонгосын хэн гэдэг баян бизнесмен энд ямар хөрөнгө оруулалт хийх, төсөл дууссаны дараа Халхын голд ямар хөрөнгө оруулалт үлдэх, тэд 270 мянган га газрыг ямар хугацаатай, яаж ашиглах, хичнээн солонгос иргэн монголд хэдий хугацаагаар ажиллах нь ч тодорхой бус байна. Ямартай ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гэрээнд гарын үсэг зурсан Солонгосчууд Халх голын ай сав газарт хашаа хороогоо босгохоор яарч сандарч байгаа сурагтай.
СОЛОНГОСЧУУД ХАЛХ ГОЛЫН АЙ САВЫГ ЯАГААД СОНИРХОХ БОЛОВ
Нэг хэсэг алт ухаж, газар хөндөж, ашигт малтмалын төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцдаггүй байсан харийнхан өнөөдөр Монголд уул уурхай биш газар тариалан эрхлэх сонирхолтой болцгоож байгаа гэнэ. Солонгосчуудын хорхойсоод байгаа Халх голын сав газар үржил шимт хөрстэй. Аль 1970-аад онд энд Халх голын САА гэж том айл байлаа. Энэ САА 1989 онд 35.000 тонн үр тариа хураан авч улсын аварга болж байсан түүхтэй. Тэр үед үтрэм дээр ургац нь багтахгүй хальж, Чойбалсан хотын гурилын үйлдвэр рүү ачуулаад ч дийлдэхгүй, их үр тариа асгарч байж. Ямар сайндаа Дорнод аймгийн хэмжээнд тэр их буудайг агуулах сав олдохгүй сандарч, хөрш зэргэлдээ Хэнтий аймаг руу ачуулж, ургацаа хадгалах савгүй болсон учраас Чита муж руу хүртэл зөөж байсан гэдэг. Хэдхэн жилийн өмнө ургац найгаж байсан энэ газар өнөөдөр атаршчихаад байгаа нь үнэн. Гэхдээ Атрын гурав дахь аяныг эхлүүлж, өөрсдийн хүч хөрөнгөөр өөрсдийнхөө идэх хүнсийг бэлтгэж, нэг ч гэсэн хүнийг ажлын байртай болгох хүсэлтэй олон мянган хүн эх орны торгон хил Халхын голыг харийнханд өгөхийг эсэргүүцэж байгаа. Үнэнийг хэлэхэд солонгосчууд энэ газар нутаг дээр тариа тарьж, ногоо суулгаж, түүнийг нь монголчууд иднэ гэхэд итгэх хүн алга. Солонгосчуудын бүхэл бүтэн том хот Халхын голын хөвөөн дээр л бий болно гэдэгт тэд эргэлзэхгүй байна. Ингэж хардах үндэслэл ч байгаа юм. Халхын голын раойн бол газар тариалангийн бүс нутгаас хамгийн их үржил шимтэй нь. Энэ нутгийн хөрс Сэлэнгийн хөрснөөс хэд дахин илүү үржил шимтэй, газар тариалан эрхлэхэд хамгийн тохиромжтой. Гэхдээ газрын үржил шим ч гэсэн хязгаартай. Халх голын ойролцоох газар нутаг хэзээ нэгэн цагт монголчуудыг тэжээж, амин зуулгыг нь залгуулах ёстой. Дээр нь түүхийн онц дурсгалтай газар. Тиймээс энэ нутгийг харийнханд өгч хэрхэвч болохгүй гэж учир мэдэх улс ярьж байна. Тэр ч бүү хэл энэ төслийг дэмжигч хэдэн нөхөр Монгол улсын ерөнхий сайдад төслөө танилцуулах, түүнээс дэмжлэг авах гэж нэг бус удаа оролдсон ч Сү.Батболд тэднийг хүлээж аваагүй гэж албаны эх сурвалж мэдэгдэж байна. Их хэмжээний газар нутагтай холбоотой асуудал учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж, Засгийн газар дээр хэлэлцэгдэж төрийн түвшинд хүртэл яригдах нь тодорхой байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яагаад гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцсон нь тодорхойгүй үлдлээ. Үүнээс гадна “Түндэмүн” сауны солонгос ноёд Халхын голд 40 мянган га газар эзэмших эрхийг Ц.Жанлаваас авсан” гэсэн чихэнд чимэггүй мэдээлэл чих дэлсэж байна. Улаанбаатар хотод байх “Түндэмүн” сауны эзэд “Хан Соламон” компанитай аж. Тэд Дорнод аймагт 40 мянган га газар авчихсан байгаа аж. Энэ газар хэрхэн ашиглагдаж байгаа нь тодорхойгүй байхад 270 мянган га газарт загвар ферм байгуулна гэдэгт итгэх хүн алга. Үнэхээр л тэд загвар ферм байгуулах гэж байгаа юм бол 27 га газар ч хангалттай гэдэг нь тэнэг хүнд ч ойлгомжтой асуудал.
Монголын торгон хил, түүхийн гашуун үнэнийг хөрс шороондоо хадгалсан Дорнын буурал тал, Халхын гол харийнхны мэдэлд шилжээд дуусах нь ээ. Хятадын хилтээй залгаа орших асар их хэмжээний газрыг гаднахан төсөл хэрэгжүүлэх нэрээр хашиж авах нь бидэнд ашигтай гэж үү? Энэ асуудал Монгол Улсын эрх ашиг, Үндэсний аюулгүй байдлыг ч хөндөж байгаа гэдгийг санахад илүүдэхгүй л болов уу?
www.shudarga.mn
URL: