МОНГОЛЫН ТООС МОНГОЛ ЭРДЭМТДИЙН “ХӨЛД” ДАРАГДАНА
Өнгөрсөн зуныг нийслэлчүүд тоосон дунд манарч өнгөрүүлэв. Зунжин шахам үргэл жилсэн борооны усаар хотын төв рүү урсах шавар шавхай, үнс тортог нар гармагц хүний хөл, машины дугуйгаар агаарт хөөрч, эгээтэй л түймэр гарсан мэт өдрүүд олон байсан. Үүний хажуугаар хавар эхэл сэн зам засварын ажлууд борооноос болон хойшлогд со ноос болж, ухсан нүх, овоолсон шороо нь салхины ая саар босно. Ийнхүү XXI зуунд нийслэл хотод амьдарч буй бид шороо тоосноосоо өндийж чадахгүй зуныг бухимдал дүүрэн үдэж байна. Одоо залгуулаад утааны улирал эхлэх нь. Түүхий нүүрсний тортог, үнс агаарт хийсэж, амьсгалын замаар дамжин, уушги, улаан хоолойг өвчлүүлнэ. Ингээд бодохоор цэвэр агаараар амьсгалах эрх нийслэлийнхэнд алга. Цэвэрхэн хувцаслах тухай дурсаад ч хэрэггүй. Ажлаасаа гэр хүрэх замд л өдөржин барилга дээр ажилласан мэт тоосонд дарагдаж байхад яаж ч цэвэрхэн хувцаслах билээ.
Хотыг хэлэлтгүй хөдөө орон нутаг ч тоосны асуудал толгойн өвчин болсон. Хүүхдийн зулайтай зүйрлэдэг эмзэг нимгэн давхаргатай говийн хөрс хурд мэдэн давхих ланд, жийпнүүдийн “хөлд” талхлагдаж, тэр нутаг улаан тоос манарсан тал л болсон. Баруун зүг рүү бас адил. Хаа сайгүй харх шиг сүлжилдэх хүнд даацын том машинууд Монголыг тэр чигт нь тоосонд “умбуулж” байна. Тоосны асуудлыг гүнзгийрүүлэн яривал Монголоос хэдийнэ хальсан. Монголын шар шороон шуурга хэмээх нэр томъёо дэлхий нийтэд түгээмэл болоод удаж байна. Түүнчлэн манай орноос шар шороо бус, саарал тоос бусад орныг бүрхэх болоод удлаа. БНСУ, Япон, цаашлаад АНУ-ын баруун эрэг хүртэл хийсэж, гаднынхныг хүртэл бухимдуулдаг. Тэгвэл монгол эрдэмтэд тэрхүү тоосыг нам дарах арга олжээ.
“Монхимо” компанийн Эрдэм шинжилгээний туршилтын төвийн захирал, доктор Д.Дэмбэрэлнямба байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй аргаар тоос дарах полимер материал гарган авчээ. Ингэхдээ шавар, нүүрс, тарианы сүрэл, цаас зэрэг хаягдлыг боловсруулан органик бодис гарган авсан гэнэ. Тэрбээр: -Тоос зөвхөн нийслэлийн асуудал биш болсон. “Эрдэнэт” үйлдвэрийн цагаан тоос л гэхэд салхитай үед Орхон аймгийг бүрхдэг. Зэс, молибдений баяжмалын 20 хувь нь баяжмалаараа, 98 хувь нь нунтагласан хаягдал байдлаар хураагддаг. Энэ нь хүн амын эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж буй. Янз бүрийн механик хольцтой тоос шороо уушгинд ороход амьсгалын замын эрхтнүүд тоосыг салстаасаа цэвэрлэж чаддаг. Харин өнөө цагийн нарийн ширхэгтэй тоос, энэ их утаа тортог уушгины бүтцийн хамгийн эгэл хэсэг рүү ороод, эргэж гадагшилдаггүй. Тиймээс тоосжилтын асуудлыг шийдэх хэрэгтэй. Манайхан зам, талбайгаа услаад байдаг. Ус нь хэдэн минутын дараа ууршихад л эргээд тоос босно. Тоос нь үелсэн бүтэцтэй байдаг. Үе хоорондын зай нь нано метрээр хэмжигдэнэ. Тэр хооронд бид гарган авсан полимер материалаа суулгаад өгчихөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, уг материалаа зам, талбай услах усандаа уусгаад цацахад тоос дарагдана. Учир нь бидний гарган авсан тэр материал агаар дахь шингэнийг өөртөө татаж байдаг. Эргээд ус нэвчихгүй гэсэн үг. Тиймээс зам тавих газрын хөрсөнд цац санаар асфальтны завсраар ус орж, эвдэрнэ гэсэн асуудал гарахгүй гэв. Доктор Д.Дэмбэрэлнямба Монголын хамгийн олон оюуны өмчийг эзэмшдэг, дэлхийд данстай эрдэмтэн. Тоос дарах арга нь түүний олон бүтээлийн нэг. Тэрбээр энэхүү аргаа удахгүй патентжуулах юм гэсэн.“Цаашдаа хэдий чинээ хөрөнгө мөнгө зарцуулна, төдий чинээ олон газар хэрэгжүүлэх боломжтой” хэмээн тэрбээр хэлсэн.
Үнэхээр тоосны асуудалд хөрөнгө мөнгө зарцуулахгүй бол монголчууд уушгины өвчлөлөөрөө дэлхийд толгой цохих үндэс суурь нь бүрдчихээд байна. Монголын эрдэмтдийн бүтээсэн байгальд ээлтэй энэ мэтийн технологиудыг амьдралд хэрэгжүүлж, байгаль орчноо бага ч гэсэн аврах бодлого зайлшгүй шаардлагатай байгааг хүн бүхэн бие сэтгэлээрээ мэдэрч буй. Улаанбаатарыг өвөл зорин ирэх гадаадынхан онгоцны цонхоор хараад “Энд дайн болчихсон юм байх даа” хэмээн гайхан асуудаг. Гэтэл өнөөдөр нийслэл хот маань өвөл ч, зун ч дайны талбар мэт байх болж. Тэгвэл энэ бүхнийг эцэс болгох эко технологийг Монголын эрдэмтэд гарган авч, Монголын тоос тэдний нээлтэд бууж өгнө.
mongolnews.mn
URL: