12 хүнийг хордуулсан ”Алтан элс” эмнэлэг мэргэжлийн эмчгүй байжээ

Төрийн тусгай хамгаалалттай эмнэлгийн сувилагч хугацаа нь дууссан тариагаар өвчтөнүүдээ тарьснаас долоон хүн хордлогод ороод удаагүй байхад дахин энэ төрлийн хэрэг гарав. Тодруулбал, өнгөрсөн баасан
гаригт Баянгол дүүргийн VI хороонд байрлах “Алтан элс” эмнэлэгт 12 хүн гэнэт халуурч, дотор нь муухайран, хордсон байдалтай байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Энэ дагуу ЦЕГ болон ОБЕГ, Эрүүл мэндийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газруудаас шалгалтын баг очиж, шаардлагатай арга хэмжээг авсан байна. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн дэслэгч Р.Саруултуяагаас тодрууллаа.

-”Алтан элс” эмнэлэг эмчилгээ явуулах албан ёсны зөвшөөрөлтэй байсан эсэх нь тогтоогдсон уу?
-Хууль бусаар эм бэлдмэл оруулж ирэн, худалдан борлуулахыг завдсан зөрчлүүд удаа дараа бүртгэгдэн, шалгагдаж байна. Мөн сувилал нэрийдлээр эмнэлгийн үйл ажиллагаа явуулж буй зөрчил ч тасрахгүй байна. Хамгийн сүүлд “Алтан элс” эмнэлэгт ийм зөрчил гаргасан. Шалгалтын явцад тухайн эмнэлэг сувиллын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байсан. Гэвч зөвшөөрөл авсан эзэн нь барилгын инженер мэргэжилтэй хүн байсан нь тогтоогдсон. Түүнчлэн сувиллын зөвшөөрөлтэй атлаа эмнэлгийн үйл ажиллагаа явуулж байсан. Үүгээр ч зогсохгүй хордсон хүмүүсийг эмчилж байсан эмч нь эдийн засагч мэргэжилтэй хүн байсан нь ч тодорхой болоод байна. Энэ хүн өөрийгөө бага эмч, сувилагч мэргэжилтэй гэж худлаа ярьж байсан нь ч мөн илэрсэн. Харин сувилагч нь лаборант мэргэжилтэй атлаа хүмүүст тариа хийж байсан нь илрээд байна.

-Энэ хэрэгт хэчнээн хүнийг шалгаж байна вэ?
-Тухайн эмнэлэг нэг иргэнээс өдөрт 35-40 мянган төгрөг авч үйлчилдэг байсан юм билээ. Одоогоор үйл ажиллагааг нь зогсоосон, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Олон газраас хамтарсан шалгалт хийсэн учраас дүгнэлт нь хараахан гараагүй байна.
Эмчилгээ, сувилгаа хийлгэж байгаа иргэдэд анхааруулахад тухайн эмнэлэг, сувилалд хэвтэхдээ ямар эмнэлэг, үйлчилгээ хэр сайтай, зөвшөөрөлтэй эсэхийг ч сайн шалгаж байх шаардлагатай юм.

М.ӨНӨРӨӨ

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих