Ерөнхий сайд Н.Алтанхуягт Хөдөлмөрийн тухай хууль хамаарахгүй

Ерөнхий сайд Н.Алтан­хуяг сая­хан аймгийн Засаг дарга нартай уулзсан уулзалтдаа тэднийг өдөрт 12 цагаас доошгүй, мөн хагас бүтэн сайнгүй ажиллахыг үүрэг болгожээ. Ерөнхий сайд нэмж хэлсэн үгэндээ “Манай Засгийн газрын сайдууд жилд хоёроос дээш удаа гадаадад томилолтоор явахгүй байхаар болж байна. Тиймээс зарчмыг та бүхэн мөрдөж ажиллах нь зүйтэй” гэжээ.

Ерөнхий сайдын эрч хүчтэй гэмээр ажиллахыг зорьж байгаа энэ үйлдлийг АН-ынхан олон жилийн дараа засгийн эрхэнд гарсан учраас өдөр, шөнөгүй ажиллаад ч болов өөрсдийгөө “баяжуулж” авахыг зорьж байна гэж хэлэх хүмүүс бай­хад “Шинэ баян цээж өвч­тэй” гэдэгчлэн, шинэ ажил авсан хүний ихэнхдээ гаргадаг “идэвхтэй, эрч хүчтэй царайлдаг зан” гэж хандах хүмүүс ч бас байна. Ямартай ч Ерөнхий сайдын энэ шийдвэр Монгол Улсын Хөдөл­мөрийн хуультай илт зөр­чил­дөх болоод байгаа юм.

Хөдөлмөрийн хуулийн 70.1-д “Ажилтны долоо хоногийн ажлын цаг 40 хүртэл байна” гэсэн бол, 70.3-д: “Ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралт 12 цаг ба түүнээс дээш хугацаатай байна” гэжээ. Мөн хуулийн 53.1-д “Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно” гэсэн заалтууд тус тус бий.

Гэтэл Ерөнхий сайд Н.Ал­танхуяг Засгийн газ­рынхаа сайдуудаар дам­жуулаад яамдын ажилтнуудыг, цааш­лаад төрийн бүхий л албан хаагчдыг өдөрт 12 цагаас доош­гүй цагаар ажиллахыг шаар­даж байгаа нь өөрөө хууль зөр­чиж байгаа үйлдэл болж байна. Учир нь өдөрт 12 цагаас дээш ажиллах юм бол ажлын таван өдөрт 60 цаг, дээр нь хагас сайн өдрийг багтаавал ажлын зургаан өдөрт нийт 72 цаг ажиллах болж байна.

Тэгвэл Хөдөлмөрийн хуульд зааснаар ажилтны долоо хоногийн нийт ажлын цаг 40 байх ёстой, харин Н.Алтанхуяг сайдын багийнх­ны долоо хоногийн ажлын цаг 72 ба түүнээс дээш. Хэрэв сайдууд Хөдөлмөрийн хуулийн 53.1 дэх заалтыг баримт­лан хөдөлмөрийн хөл­сөө бодуулна гэвэл тэдэнд илүү цагийн болон амралтын өдрөөр ажилласан цалинг хуулийн дагуу 1.5 дахин нэмэгдүүлэн бодож олгох ёстой болно. Ингэхээр Ерөнхий сайд болон сайдууд өдөрт 12 цаг, амралтын өдрүүдэд ажил­лас­наар үндсэн цалин дээрээ нэмэгдэл цалин авах бололцоотой болж байгаа юм. Зарим хүн Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй шинэ Засгийн газрын гишүүдийг Хөдөлмөрийн хуулийн дээрх заалтад үндэслэн цалин хөл­сөө нэмэгдүүлэн авахын төлөө илүү цагаар ажиллаж байна хэмээн “хардах” юм билээ.

Ер нь бол өдөрт 12-оос дээш цагаар болон хагас бүтэн сайнгүй ажиллалаа гээд ажлын чанар, агуулга сайжирчихдаг юм биш. Магадгүй ажлын таван өдөр, 40 цагтаа багтаан санаа­чилгатай, үр дүнтэй, хийдэл багатай, бүтээлчээр ажиллах юм бол тухайн ажлыг амжуулж болно. Амьдрал дээр ч гэсэн ажил амралтын цагаа зохицуулж чадаагүйн улмаас ажиллаад байдаг, зүтгээд байдаг хэрнээ ажил нь барагддаггүй, амьдрал нь өөдөлдөггүй, амжилт нь харагддаггүй хүмүүс зөндөө байдаг. Гэтэл ийм жишээг бүхэл бүтэн засаг төр хууль зөрчин байж туршиж үзэх хэрэг байгаа ч юм уу даа.

Түүнчлэн Ерөнхий сайдын Засгийн газрын гишүүдийг жилд хоёроос дээш гадаад улс орнуудад то­милол­тоор явуулахгүй бай­хаар шийдвэрлэж байгаа нь анхаарал татлаа. Монгол Улс дэлхийн ихэнх улс ор­нууд­тай харилцан ашиг­тай хамтын ажиллагааг эрхэм­лэж, найрсгаар харил­цах дип­­ломат зарчмыг барим­тал­даг.

Гэтэл манай салбарын сайдууд гадны улс орнуудад жил бүр болдог олон улсын томоохон хурал, симпиозиумд оролцох, улс орны тухайн сал­барын хувьд харилцан ашиг­тай гэрээ хэлэлцээр хийхээр айлчлах бол очиж чадахгүй болж болзошгүй нь. Гэнэтийн ийм нөхцөл байдал тулгарвал манай салбарын сайдууд гадны улс орнуудын Засгийн газарт хандаж, “Монгол Улсын Засгийн газрын гишүүд жилд хоёр удаа гадаадад томилолтоор явах эрхтэй байдаг. Харамсалтай нь манай салбарын сайдын энэ эрх хэрэгжиж дууссан тул би танай улсад очиж гэрээ хэлэлцээр хийж чадахгүй боллоо, уучлаарай” гэж хэлэх болж байх шиг.

Аливаа зүйлийг агуулга, хэлбэр гэсэн хоёр ойлголт тодорхойлдог. Хэлбэр бол гадаад үзэгдэл, өнгө дүрс. Харин агуулга бол дотоод зүй тогтол, мөн чанар. Хэдий чинээ хэлбэрт ач холбогдол өгнө, төдий чинээ агуулга орхигддог. Гэтэл тухайн зүйлийн мөн чанар нь агуулгад нь илэрдэг. Хөгжил гэдэг ойлголт ч энэ зарчимд хамаарна. Хэтэрхий хэлбэр хөөсөн хөгжил агуулгад нөлөөлөхгүй зөвхөн хий хоосон, хөөсийг бий болгоно. Ийм хандлага аажмаар аливаад сөргөөр нөлөөлдөг.

Тэгэхээр бид Ерөнхий сайдын хэлбэрдсэн агуулгыг хэрэгжүүлэхийн төлөө яваад байгаа юм биш үү.

”Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих