Гурвалсан үйлчилгээ хэмээх “гурван үгтэй онигоо”
-Нэг үгтэй онигоо?
-Арго.
-Хоёр үгтэй онигоо?
-Арго багш.
-Гурван үгтэй онигоо?
-Олимпийг шууд дамжуулна
-Олон үгтэй онигоо?
-Арго багшийн гадаад хэлний сурах бичиг.
Энэ бол монголчуудын дунд хэдийн тархсан болон Лондон-2012 олимпийн наадмын үеэр шинээр гарсан орчин цагийн шилдэг онигоонууд. Арго багшийн монголчуудад гадаад хэл заасан болон Монголын телевизүүд олимпийг шууд дамжуулсан хоёр дүндээ дүн. Харин эдгээр онигоонууд дунд өөрийн хувилбарыг дэвшүүлэхээр шийдлээ.
-Гурван үгтэй онигоо?
-Гурвалсан үйлчилгээ… гэвэл яаж байна. Орой бүр телевизээр зад рекламддаг телевиз, интернет, суурин утасны гурвалсан үйлчилгээний олон үйлчилгээнээс та алийг нь туршиж үзсэн бэ? Би хувьдаа нэгийг нь туршсан биш ёстой нэг “онигоо” болж байна аа.
Үүрэн телефоны гуравдагч оператор “Unitel” компанийн оруулж ирсэн телевиз, интернет, суурин утасны гурвалсан үйлчилгээг “Univision” гэдэг. Сарын суурь хураамж нь хэрэглээнийхээ хязгаарлалтаас хамаараад 29.000 төгрөг, 39.000 төгрөг болон түүнээс дээш гэсэн гурван янз. Төхөөрөмжийг нь 79.000 төгрөгөөр худалдан авч, холболтын хураамжид бас төдий хэмжээний мөнгө төлсөн билүү дээ. Жилийн өмнөх явдал, “Univision”-ий гурвалсан үйлчилгээ дөнгөж эхэлж байсан үе.
Эдний гурвалсан үйлчилгээнээс хамгийн их анхаарал татсан зүйл нь телевизийн нэвтрүүлгүүдийг 72 цагийн дотор ухраагаад үзэж болдог явдал байсан юм. Байсан л юм шүү дээ. Сайхан кино гарвал давтаж үзэх, хоцорсон мэдээллээ нөхөөд авчих энэ тэр гээд хэрэгтэй санагдаад. Харин интернет болоод суурин утасны хувьд бол яах вэ дээ, гэртээ оройтож ордог, өглөө эрт гардаг хүмүүст бол илүү зардал л болж байгаа юм.
Гэтэл өнгөрсөн зунаас эхлээд нөгөө “гурвалсан үйчилгээ” маань ”гурван үгтэй онигоо” болоод хувирчихлаа. Энэ хооронд “Univision”-ы гурвалсан үйлчилгээг сонгосон хэрэглэгчид 20 мянгад хүрсэн тул нөхдүүд ачааллаа даахаа больсон бололтой. Харин тэр хэрээр үйлчилгээний чанар улам унав. Гэтэл нөхдүүд дахиад олон айлыг уг үйлчилгээнд холбуулахаар орйо болсон телевизээр рекламаа цацсаар л. Бодвол тэд үйлчилгээний чанар, хэрэглэгчдийн эрх ашиг чухал биш, харин аль болох олон айлд нөгөө “гайтай хөөтэй” төхөөрөмжөө шахах нь чухал бололтой.
Эхлээд 72 цагийн дотор нэвтрүүлгийг буцаах үйлчилгээ жагсаалаас гарав. Угаасаа ч бүх нэвтрүүлгүүдээ алгасалгүй бичиж, ухрааж чаддаггүй байсан юм л даа. Харин “Лондон-2012-ын шууд дамжуулна” хэмээх манай телевизийнхний шедевр онигоо гарсантай зэрэгцээд тухайн цагт гарч байгаа нэвтрүүлгүүдээ ч үзэж чадахаа болив. Телевизийн хувьд яг оргил цаг буюу оройн 20.00 цагаас эхлээд шөнийн 00 цаг хүртэл бүх сувгууд зүгээр л плакат болж хувирч байгаа юм. Зүгээр нэг ч суваг гарахгүй, тэр чигээрээ гацна гээч. Аргаа бараад үйлчилгээний лавлах руу утасдахаар “Ажлын цаг дууссан тул та дараа залгана уу…”
Аз болж тэр ажлынх нь цаг дуусахаас өмнө амжиж дуудлага өглөө ч гэсэн дуудлагыг уриалгахан хүлээж авсан оператор бүсгүй маргааш өглөө нь, эсвэл үдээс хойш утасдаад “Уучлаарай, одоо танай зурагт гарч байна уу” гэж асууна. Гэтэл хүүхэд маань үйлчилгээний лавлахын эргэж залгахыг хүлээгээд утасныхаа хажууд оройжин үүрэглэж суусан байвал яах уу. Өдөөд байгаа юм уу, сөдөөд байгаа ч юм уу? Тэгээд ч ид ачааллын цаг өнгөрчихсөн юм чинь гай болж нөгөө зурагт нь юу гэж нөгөөдөх нь гацаж өгөх вэ дээ. Тэгээд л телевизийн сувгууд гарахгүй, гацаад байгаагийн учир шалтгаан бүрхэг хэвээр үлдэж байгаа юм. Зүгээр амралтаараа гэртээ долоо хоносон биш, “Univision”-ээс болж стрест орж үхэж дууслаа. За таминь, гурвалсан үйлчилгээ гэдэг чинь гурван үгтэй онигоо болсон байна лээ шүү. Битгий л онигоонд орчихоорой.
URL: