Инфляцийн өсөлт эдийн засгийн хямралыг дохиолов

Евро бүсийн өр, үер ус, байгалийн гамшгаас шалтгаалсан хүнсний хомсдол, дэлхийн эдийн засгийн хямрал, Азийг доргиож буй луугийн шилгээлт эдийн засгийн өсөлтөөрөө ноднинхон л бүгдийг гайхуулж байсан Монголд хямрал дагуулж болзошгүй байна. Тэр тусмаа инфляци нь хэтэрхий өндөр байгаа энэ үед эдийн засгийн хямралаас Монгол Улс тойроод гарчихна гэсэн итгэлүнэндээ алга. Үсрэнгүй хурдтай байгаа эдийн засгийн өсөлтийг дагасан үнийн өсөлт улам бүр эрчимжиж, төв банкны нэг оронтой тоон дээр барихаар амлаад байсан инфляци гүйцэгдэхээргүй хурдлах болсныгҮндэсний стастистикийн газраас гаргасан мэдээллээс харж болно. Албаны ёсны хэллэгээр нь дурдвал хэрэглээний үнийн улсын индекс 2012 оны наймдугаар сард өмнөх сарынхаас 0.7 хувь, оны эхнээс 11.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 14.9 хувиар өсчээ. Сараас сард инерци нь эрчимжиж байгаа инфляцийн өсөлтийг харахад жилийн эцсээр бүр 20 хувийг давахгүй юм аа гэхэд бараг л дөхөж очих нь тодорхой байна. Хэдийгээр Монголбанк бодлогын хүүгээ нэмээд ч инфляцийг зорилтот төвшиндөө барьж чадсангүй алдчихаж.

Олон улсын валютын сангаас оны эхээр Монгол Улс төсвийн тэлэлтээ хумихгүй юм бол инфляци 20 хувьд хүрнэ гэсэн сануулгыг өгч байсан нь үнэний ортой л болох нь. Чухамхүү тэр үед засгийн эрхэнд байсан намууд нохой хуцахын дайтай уг сануулгыг анхаарч үзээгүй билээ. Дэлхийн банкнаас ч Засгийн газар цалин хөлсийг нэмэгдүүлж, нийт иргэдэд их хэмжээний бэлэн мөнгө тарааж, хөрөнгийн зардлуудыг өсгөж байгаа нь эрэлтийн дарамтад нөлөөлж буйг хахир хавраас эхлээд л анхааруулсан. Дэлхийн эдийн засгийн байдал муудаж, ялангуяа Монголын худалдааны томоохон түнш Хятад улсын эдийн засгийн өсөлт хүлээж байснаас илүү хурдацтайгаар буурах хандлагатай байгаа нь экспортын өсөлтөд сөргөөр нөлөөлж, гадаад худалдааны тэнцэлийг муутгаж байна. Энэ нөхцөлд, “мориныхоо амыг татаж”, макро эдийн засгийн хувьд илүү болгоомжтой, мөнгөний болон төсвийн чанга бодлого баримталж эдийн засгийн цаашдын хэт халалтаас сэрэмжлэхийг Монголын бодлого боловсруулагчдад Дэлхийн банкнаас удаа дараа сануулсан ч Монголын Засгийн газар энэ талаар юу ч хийгээгүй юм.

Юм л бол махны үнээс болж баяртайгаар дээшээ өсдөг инфляци энэ удаад харин сургалтын төлбөрөөс болж бараг 15 хувь болтлоо өссөн байна. Их дээд сургуулиудын сургалтын төлбөр жилийн жилд 20 орчим хувиар нэмэгддэг нь байдаг л үзэгдэл. Гэтэл инфляцийн инерцид нөлөөлөх хэмжээнд нэмэгдсэн нь хачирхалтай. Үнэндээ махны үнэ өнгөрсөн жилээс нэг дахин, орон сууцны үнэ гэхэд л метр квадрат тутамдаа өнгөрсөн хавраас 100-300 мянган төгрөгөөр нэмэгдсэн зэрэг олон шалтгаанууд инфляцид мэдээж нөлөөлсөн байж таараа.  Өнгөрсөн жилд байнгын ашигтай гарч байсан улсын нэгдсэн төсөв 483 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, энэхүү шархыг хаанаас яаж нөхөхөө мэдэхгүй шинэ Засгийн газар мөнгөний эрэлд хэдийнэ гараад буй юм.

Эдийн засаг өндөр өсөлттэй гарсан атал өнгөрсөн оноос ажилгүй иргэдийн тоо 2,8 мянган хүнээр өсчээ.  Тодруулбал, бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн наймдугаар сарын эцэст 43,2 мянга болж өссөн байна. Энд тэндгүй л ажилд авна гэсэн зар дүүрэн байхад 43,2 мянган иргэн  ажилд орж чадахгүй байна гэдэг Монголд энэ талын зохицуулалт хэрэгтэй байгаагийн нэг илрэл юм.  Ерөнхий боловсролын сургууль төгссөн бүхэн дээд мэргэжлийн дипломын төлөө мөнгө үрж, эцэст нь дээд боловсрол эзэмшчихээд“доод” ажил хийхээс ичин гэртээ цалин өндөртэй, цаг багатай ажлын мөрөөсөл болоод хэвтэж буй олон хүн байгаа нь худлаа биш. Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар бол инфляцийн өсөлт нийгмийн ядуу хэсэгт хүндээр тусах болгоомжлол байгаа бөгөөд ялангуяа хүнсний бүтээгдэхүүний хувьд инфляци өсч байгаа нь улам их сэтгэл түгшээх шалтгаан бөгөөд өрхийн орлогын 49 хувь нь хүнсний бүтээгдэхүүнд зарцуулагдаж байгаа  гэсэн тоо баримтыг гаргажээ. Ийнхүү инфляцийн өсөлт бараг 15 хувьд хүрээд байгаа эцэстээ нь эдийн засаг эрүүл биш байна шүү гэдгийг л эрх баригчдад хэлээд буй дохио юм.

Ж.ЭРХЭС


URL:

Сэтгэгдэл бичих