Даварсан “Цаст”-д даруулга хэрэгтэй байна

-Хүн амьдрах боломжгүй “Цаст”-ын каркас зөвшөөрөлгүй барилгын жагсаалтад багтаагүйн шалтгаан юу вэ?-

Зөвшөөрөлгүй бариг­даж байгаа барилга бяцхан охины аминд хүрсний дараа л нийслэлчүүд энэ асуудлыг анхааралдаа авч эхлэв. Нийслэл хотод зөв­шөөрөлгүй баригдаж бай­гаа барилгуудыг Нийслэ­лийн удирдлагууд зарлаж, хотын дарга Э.Бат-Үүл захирамж гаргаж арга хэмжээ авахыг мэдэгдсэн. Харин зөвшөөрөлгүй гэг­дэж байгаа эдгээр 79 ба­рилгын тоонд багтаагүй ч яах аргагүй хүн амьдрах боломжгүй бас нэгэн ба­рилга сүндэрлэж байгааг хотын дарга танд дуулгая.

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо буюу “Монгол эм импекс”, “Мон­гол глобал” ком­панийн ард таван давхар каркас боссоор нэлээд хэдэн жилийн нүүрийг үзэж буй. Энэхүү барил­гыг “Цаст” констракш­нынхан 10 давхар тансаг сууц барихаар эхлээд одоо үйл ажиллагаа нь зогсчи­хоод байгаа юм.

“Тансаг сууц” гэсэн сүржин нэрээр “Цаст”-ынхан өргөмжилж байгаа­гаас үнэн хэрэгтээ энэ газарт тансаг сууц битгий хэл хүн амьдрах жирийн байр баригдах ч нөхцөл үгүй юм. Ам бардам хэлж байгаа энэ үгийг минь гараашуу­даар тойруулсан дээрх барилгын дэргэд очсон хэн ч төвөггүй олж мэднэ.

Одоогоор таван давхар хүртлээ босчихоод байгаа эл барилга хэрэв баригд­лаа гэхэд оршин суугчид нь хүүхэд тоглож, хөгшид нарлах талбай гэдгийг мартахаас өөр аргагүй. Машин тавих зогсоол байтугай хүн явах зам ч энэ газарт хомс. Дэргэдэх барилгаасаа таван метр хүрэхгүй зайтай энэ газарт дээрх барилга босчихлоо гэхэд орцныхоо үүдээр гармагц бетонон ханатай нүүр тулах эмгэнэлтэй байдал энэ барилгыг сонгосон оршин суугчдад тулгарна гэсэн үг. Хэлж ирдэггүй, хийсч ирдэг гай, гэнэтийн осол болж, гал гарлаа гэхэд галын машин орох зай энд үгүй. Нийс­лэлийг битүү чигжиж байгаа орц, гарцгүй тодор­хой бус олон барилгын нэг нь мөн л “Цаст”-ын дээрх байшин. Настай хүний даралт ихэсч түргэн дуудлаа гэхэд түргэний машин ирэх ч боломжгүй.

Фургон машиныг европууд “Уг нь сайхан машин. Даанч хүн зорчиж явна гэдгийг мартчихаж” гэж хошигнодогтой адил уг нь сайхан нэртэй ч хүн амьдрахад зориулсан гэдгийг мартсан мөнгөний төлөөх барилга гэж үүнийг л хэлэх биз. Харин одоо эл барил­гын гадаа өндрөөс өндөр кран зоолттой хэвээр л байна. Одоогоор үйл ажил­лагаа нь түр зогссон бо­ловч тус компанийнхан хэзээ мөдгүй барилгын ажлаа эхлүүлэхэд бэлэн байгаа нь эндээс хараг­дана.

Дөнгөж хичээлийн шинэ жилийн эхний өдөр зөвшөөрөлгүй барилгын кран унаж жаахан охины аминд хүрээд байгаа. Түүнээс хоёрхон хоногийн дараа бас нэг кран унаж 20 гаруйхан настай залуугын амийг авч одсон харамсалтай явдал болсон.

Хотыг дээгүүр хэрсэн энэ олон кран хэзээ, хэний дээрээс унах бол гэсэн айдас түгшүүр нийс­лэ­лийнхэнд байсаар байгаа. “Цаст” контракш­ны энэ барилгын кран ч нэг өдөр унаад ирэхийг үгүйсгэхгүй. Олон сараар гадаа сойлгоотой байгаа кран гацаж, эвдрэхгүй гэх баталгаа алга. Тийм эрс­дэл гарлаа гэхэд ойр орч­мынх нь олон барилга, хүн машин хүнд техникт да­руулж амь нас, эд хөрөн­гөөр хохирох аюул энд байна.

“Цаст”-ын сүндэр­лүүлж буй эл барилга яа­гаад зогссоныг судаллаа. Тус констракшныхан дээрх барилгын газраасаа болж шүүхээр заргалдаж байгаа гэнэ. Барилга барих нь байтугай машин багтахад хэцүү сөөм газраа ямх ямхаар ч болов нэмэ­хийн тулд тус компанийн­хан башир арга хэрэглэж ойр орчмынхоо байгуул­лагын газар руу “хуруу дүрэх” болжээ. “Цаст” констракшныхан “Мон­гол Глобал”, “Монгол Эм Импекс” гэсэн хоёр хөрш компанийнхаа газраас сэм хулгайлж, хаяагаа хадарсан нь илэрч, компа­ниудын хооронд маргаан үүсээд хоёр ч жилийн нүүр үзэж байгаа аж. Энэ мар­гаа­наас үүдэж өмнөх хо­тын дарга газрын зөв­шөөр­­лийг цуцалж, үйл ажиллагааг нь зогсоосон боловч “Цаст” компа­нийн­хан үүнийг эсэргүү­цэж шүүхэд хандсан сураг дуулдав.

Хүн амьдрах ямар ч нөхцөлгүй барилга эх­лүүлж, түүнийхээ газрыг тэлэхийн тулд дэргэдэх компаниудынхаа газраас хумсалж бас болоогүй хо­тын захирагчийн захи­рам­жийг эсэргүүцэж зар­гал­даж яваа Цаст-ын төрийн хууль, ёс суртахуу­наа гээсэн мөнгөний тө­лөөх үйлдэл үүгээр зогсохгүй.

Тус компанийнхан маргаантай барилгынхаа зэрэгцээ Баянзүрх дүүрэгт бас нэгэн барилга барьж байгаа аж. Тэр нь зөвшөө­рөлгүй барилгын тоонд багт­саныг хэдхэн хоно­гийн өмнө хотын захиргаа­наас зарласан жагсаалтаас харж болно. Иргэнд биш мөнгөнд зориулж каркас босгосон атлаа дахин зөв­шөөрөлгүй барилга барьж буй “Цаст” гэдэг компа­нийнхан Монголын хуулийг хэдий болтол уландаа гишгэх юм бэ.

Дээр өгүүлсэн хүн амьд­рах боломжгүй барилгыг чухам ямар учраас зөвшөө­рөлгүй барилгын тоонд оруулсангүй нь гайхал төрүүлээд байгаа юм.

Аливаа барилгын зөв­шөөрлийг олгоход оршин суугчдын хэвийн амьд­рах нөхцөл боломжийг хангасан эсэх нь хам­гийн гол шалгуур бай­маар. Гэтэл оршин суугчид нь нарлаж суух талбайгүй, машин тавих зогсоолгүй, байр руугаа орох гэж гарааш сүлжин оготны нүх шиг хаалгаар орж гарахаас өөр арга­гүйд хүрсэн эл барилгыг арай стандартад нийцсэн гэж үзээгүй байлтай.

Тэгэхээр нэгэнт зөвшөөрөлгүй барилга барьж байгаа нь илэрсэн, хүний ая тухтай амьдрах орчин нөхцөл хангаагүй барилгыг 10 давхар бол­тол нь босгож олон сая төгрөгийн хор хохирол учруулж байснаас эртхэн шалгаж, шаардлагатай бол барилгын зөвшөөр­лийг нь ч цуцлавал яасан юм бэ, Хотын даргаа. Даварсан “Цаст”-д да­руул­га хэрэгтэй байна.



URL:

Сэтгэгдэл бичих