Нарны гүүрийг барьж дуусчээ
-ГҮҮРИЙН ХОЙД, УРД ТАЛЫНХ НЬ ЗАМУУД ХААЛТТАЙ БАЙНА-
Нарны гүүрийг барьж дуусгажээ. Энэ талаар сурвалжлахаар өнгөрсөн бямба гаригийн 17.00 цагийн үед газар дээр нь очлоо. Гүүрэн дээр ажил хийж байгаа хүн байсангүй. Харин япон, монгол хоёр хүн өөдөөс бууж ирэв. Тэд ажлын цаг дууссан учир гүүрний байдлыг эргээд явж байгаа нь энэ аж. Хэзээ ашиглалтад өгөх талаар тодруулахад “Гүүрийг бариад дууссан. Одоо туслах замын ажил явагдаж байна. Гүүрийг бусад замтай холбох зам тавина гэсэн үг. Нарны гүүр төлөвлөгөөгөөр аравдугаар сарын 25-нд ашиглалтад орох байсан юм. Хугацааг наашлуулах санал ирсэн учраас аравдугаар сарын 2-нд нээх тухай ярьж байгаа. Яг тодорхой шийд гарсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Гүүрний ажил дуусч хөдөлгөөнийг нээхэд бэлэн байгаа ч гүүрийг залгаад урд, хойд талд нь зам засварын ажил үргэлжилж байгаа шүү дээ. Үүнээс болоод хөдөлгөөнийг нээхэд бэрхшээл учирч байна. Замын компаниудтай уулзаж тохиролцсоны үндсэн дээр хэзээ хөдөлгөөнийг нээх эсэхийг шийднэ” хэмээв. Үнэхээр гүүрний ажил дууссан харагдав. Гүүрний хойд талаас урд тал хүртэл явж үзэхэд, замын тэмдэглэгээ, явган хүний зам, гэрэлтүүлэг гээд бүх ажил дуусчээ. Асфальтан хучилт нь маш нягт, толигор харагдаж байв. Энхтайвны гүүрнээс ялгаатай нь эсрэг урсгалыг тусгаарласан өндөр боржууртай. Гүүрийн төгсгөл хэсгийн тойрог дээр нь улаан, саарал өнгийн хальтиргааны хамгаалалт хийж өгчээ. Мөн хоёр талын хашлага дээгүүр тор татаж өгсөн байв. Замын ачаалал их байгаа энэ үед Нарны гүүрийг аль болох хурдан ашиглалтад оруулж өгөх хүсэлтийг Хотын захиргаанаас тавьсан аж. Энэ дагуу Нарны гүүрийг сарын өмнө ашиглалтад өгөхөөр ажлаа яаравчлуулсан байна. Гүүрнээс салаалах урд, хойд талын туслах замын ажлыг энэ сарын 30 гэхэд бүрэн дуусч хөдөлгөөнийг нээх боломжтой гэнэ. Гэтэл хоёр талын зам хаалттай байгаа нь бэрхшээл учруулжээ. Баруун дөрвөн замаас Тээврийн товчоо хүртэлх замыг хааж “Тусгал” компани засч байна. Энэ ажил бараг эхлэлийн шатандаа явж байгаа харагдлаа. Замын суурийг тэгшилж, шороо асгаж байсан юм. Тав, зургаан залуу ажил хийж байсан бөгөөд тэд замын ажил арваннэгдүгээр сард дуусч ашиглалтад орно хэмээв. Харин гүүрний урд талд Цагаан хаалга хүртэлх замыг Хятад, Монголын хамтарсан “НKB” компани гүйцэтгэж байв. Энд нэлээд олон хятад хүн ажиллаж байгаа харагдсан. Нарны гүүрийг хэзээ ашиглалтад орох талаар Б.Мандат гэх хүнийг сайн мэдэж байгаа хэмээн замын инженер залуу хэлсэн юм. Тиймээс өчигдөр “Төмөр зам дээгүүр Нарны гүүр барих” төслийн удирдагч Б.Мандаттай уулзлаа.
-Гүүрний ажил дууссан гэнэ. Одоо ямар ажил үлдээд байгаа юм бол оо?
-Төслийн ажил 92 хувьтай явж байна. Гүүрний угсралтын ажил бүрэн дууссан. Нэмэлт заслын бага сага ажил дутуу байгаа. Гүүртэй нийлэх, туслах замын ажил хойд тал нь дуусч байна. Урд талын туслах зам болоогүй байна. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хугацаанаас нь өмнө ашиглалтад өгөх талаар бодож үзээч гэсэн санал тавьсан. Тиймээс аль болох хурдан ашиглалтад өгөхөөр уртасгасан цагаар, зарим нөхцөлд шөнийн цагаар ажилласан.
-Гүүрний хойд, урд талын замууд хаалттай байна. Эдгээр замын ажлаас болж хөдөлгөөнийг нээххугацаа хойшлоод байгаа гэсэн. Яг хэзээ хөдөлгөөнийг нээх боломжтой вэ?
-Гүүрний хойд, урд талын замын ажлууд нэлээд сааталтай байна. Тиймээс төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зүгээс хоёр замыг барьж байгаа компаниудтай уулзаж, ажлаа яаравчлуулж нэгтгэхээр ярилцсан. Энэ зун бороо ихтэй байлаа. Шугам сүлжээ зайлуулах, шинэчлэх олон ажил хийгдсэн. Үүнээс гадна хөгжлийн банкны санхүүжилт саатсанаас болж хүндрэл бэрхшээл гарсан тухай ярьж байна лээ. Шинэ Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг санхүүжилтийг хурдан шийдэж өгсөн. Замын компаниудтай уулзаж ярилцаад аравдугаар сарын 15-нд гэхэд бүгдээрээ зэрэг ашиглалтад өгөхөөр тохиролцсон.
-Гүүрний чанар дээр юу хэлэх вэ. Асфальтан хучилт маш нарийн нягтралтай харагдаж байна лээ. Ер ньманай монгол инженерүүд суралцах зүйл их байв уу?
-Япон улсын стандарт, чанар манайхаас өөр. Замын хувьд суурь, ул хөрсийг сайн хийж өгөх хэрэгтэй юм байна. Хөрсний нарийн шинжилгээ хийдэг. Хэрвээ тухайн зам тавих гэж байгаа газар техникийн шаардлага хангахгүй шороо байвал 1.5 метр ухаж, оронд нь техникийн шаардлага хангасан шороо хийдэг юм байна. 30 см тутамд үелж индүүдсэн. Индүүдсэнийхээ дараа нягтрал авсан эсэхийг мөн тусгай багажаар шалгадаг. Манайхан ийм технологийн горимыг зөв мөрдөж ажиллаж чаддаггүй юм шиг санагддаг. Аль болох том тендер авч хурдхан ашиглалтад өгөх гэж яаруу давчуу хугацаанд технологийн горим зөрчиж ажилладгаас болж өнөөгийн чанаргүй зам баригдаж байна. Дээр нь технологийн шаардлага хангахгүй материал ашигласнаас болж зам хурдан хагарч, эвдэрч байна. Тухайлбал, асфальтын орц нарийн технологитой, шинжилгээгээр баталгаажсан байдаг. Асфальт чийг авбал тэр зам удаан насалдаггүй. Маш хурдан эвдэрдэг. Тиймээс байнгын хамгаалалтын тусгай хучлагаар хучиж байсан. Монгол хэд хэдэн компани туслан гүйцэтгэгчээр ажилласан. Нийтдээ Монгол талаас ачааллын үед 200 хүн ажиллаж байлаа. Энэхүү гүүрийг барих ажил монгол инженерүүдэд туршлага болсон. Монгол инженерүүдэд гүүр барьж сургахаар төслийн зүгээс шат дараатай сургалт явуулж байсан.
Х.ЦЭНД-АЮУШ
URL: