Өнгөрөгч сонгуулийн эргэлзээ гараагүй байхад дараагийн луйвар эхэллээ

Эрх баригчдын хэмжээлшгүй их авир, шүүх эрх мэдлээр далайлгасан энэ цагийн лантуун дор айсуй эдийн засгийн хямралтай хавсран улс орны хувь заяа хаашихнаа явж байна вэ гэж эрхэм дээдсүүдээс асуумаар байна. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын танхимд нэгнээ “шорон гянданд хорино” хэмээн салаавч үзүүлэн заналхийлэх боллоо. Гудамжинд ч гаргамгүй авирыг гаргаж, шоронд хорих эрхтэй мэтээр даналзах болов. Энэ танхимд хэн нэгнээр заналхийлгээд сууж байгаа нөхдийн ар талд олон зуун мянган сонгогч иргэд бий гэдгийг хэрхэвч мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл иргэдрүүгээ салаавч гаргаж байгаагаас өөрцгүй зүйл. Өнөөдөр төрийн ордонд боловсролтой боловсролгүй шорон гяндан ярьж, салаавч үзүүлсэн нөхөд дүүрч магадгүй тийм л цаг үед бид амьдарч байна. Аливаа асуудлыг шүүх эрх мэдлээр далайлгаж, олонхын хүчээр дайрч шийддэг жишиг Монгол Улсад үндэс сууриа тавилаа.

Энэ нь зөвхөн Төрийн ордонд болж байгаа хэдий ч бүхэлдээ ард түмэнд нөлөөлөх томоохон хүчин зүйл болж байна. Олонхын эрхийг гартаа хийсэн АН УИХ-ын даргаа хууль бус томилж, УИХ дахь Байнгын хороодыг хууль бусаар байгууллаа. Засгийн газраа ч танил талын хүрээ, фракцуудын шахаасаар хууль бус байгуулав. Энэ удаагийн УИХ-ын бүх шийдвэр буруу эхэлсэн шигээ хууль бусаар явж буй.

Уншигч та санаж байгаа. Одоогоос хоёр жилийн өмнө АН-ынхан сонгуулийн кампанит ажлаа намынхаа Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр эхлэв. Эхлэхдээ авлигатай тэмцэх нэрийн дор, шүүх эрх мэдлийн байгууллагыг гартаа хийсний дараа өрсөлдөгчдөө шоронд суулгаснаар эхлэв. Өнгөрөгч сонгуулийн ил цагаан будилааныг ямар ч хууль тогтоох байгууллага авч хэлэлцсэнгүй. Өвөрхангай аймагт илт давуу ялалт байгуулсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын тангаргийг өргүүлэхгүй байгаа нь ч хууль бус гэдгийг шүүх тогтоож өглөө. Энэ хоёр хүний цаана бүхэл бүтэн аймгийн ард түмэн төрд төлөөлөх элчгүй амьдарч байна. Ард олны эрхийг үүнээс илүү яаж зөрчих билээ. УИХ-д 25 түүнээс илүү суудал авсан Монгол Ардын Намын бүлгийг зөвшөөрөхгүй байна. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт дахин санал хураалт явуулах хугацааг ямар ч шалтгаангүйгээр хойшлуулсаар. Энэ бүгдийн цаана олонхын бүлэг өөрсдийн талд хууль шийдвэрээ батлах гэж улайрч байгаа нь харагдах боллоо. Хэрвээ Өвөрхангай аймгаас сонгогдсон хоёр гишүүн тангаргаа өргөөд, дахин санал хураалтаар хоёр гишүүн УИХ-д ороод ирвэл Монгол Ардын Нам 29 гишүүнтэй болно.

Магадгүй шударга шүүхтэй байсан бол байдал бүр өөрөөр эргэх мэдээжийн хэрэг. Тухайлбал, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг болон Архангай, Хэнтий аймгуудад гараар тооллого явуулах юм бол Монгол Ардын Нам АН-аасаа олон суудал авах магадлал өндөр байгаа. Ялангуяа Архангай аймагт сонгуулийн үеэр гарсан хууль бус зүйлийг хөдлөшгүй баримтаар баталгаажуулсан нь Ардын намд ялалт ирэх нэг томоохон шалтаг мөн. Энэ бүгдийн цаана шүүх эрх мэдлээр далайлгасан олонхын бүл гийн бойкот явж байгаа болохоос биш шударга сонгууль болсонгүй. АН-ын хэсэг гишүүд Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж өргөн бариад байгаа. Иргэд олны эрхийг зөрчсөн энэ хуулийн төслийг Ардын нам болон “Шударга ёс” эвсэл, УИХ- д суудалгүй намууд эсэргүүцэж байгаа ч олонхын хүчээр батлах гэж улайрсаар. Өнгөрөгч сонгуулийн үр дүнд ард олон эргэлзсээр байгаа.

Өөрсдийнхөө өгсөн саналыг автомат машинд залгиулж орхисон гэх иргэд захаас аваад бий. Зарим тойрогт гараар дахин тооллого явуулах хүсэлтэй иргэд ч олон бий аж. Энэ мэтээр сонгогч олны эргэлзээг гаргахгүй бол Орон нутгийн сонгуульд саналаа өгөх иргэн олдохгүй нь ойлгомжтой. Үүнийг мэдсэн АН-ынхан “Сонгуульд саналаа өгөөгүй иргэдийг төрийн албанд томилохгүй” хэмээн сонгох сонгогдох эрхтэй ардчилсан зарчмыг умартаж, ард олноо бойкотлов. Шуудхан хэлэхэд, өнгөрөгч сонгуулийг автомат машины тусламжтайгаар будилуулж олонх болсон шигээ Орон нутгийн сонгуулийг ч энэ зарчмаар явуулах гэж байгаа нь харамсалтай.

С.Баяр

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих