“Алтан элс” эмнэлгийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэжээ

Сүүлийн үед бусдын болгоомжгүй үйлдлээс болж хүний амь нас эрсэдсэн хэд, хэдэн хүн амины хэрэг гарсан билээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт хууль бус барилгын үйл ажиллагаанаас болж 12 настай охин харамсалтайгаар амь насаа алдсан бол үүнтэй зэрэгцээд нэгэн хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан 10 гаруй хүн эм тариандаа хордсон тухай бид мэдээлсэн билээ.

Иймээс өнгөрсөн долоо хоногт шил, шилээ даран гарсан аймшигт хэрэг явдлуудыг хуулийн байгууллага хэрхэн шийдэх бол хэмээн олон нийт анхаарлаа хандуулаад байгаа. Дээрх хэргүүдийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан Б.Гуахалиунаас дараах зүйлийг тодрууллаа.

-Баянгол дүүргийн тав­дугаар хороонд 12 настай охин амь насаа алдсан. Уг хэрэгт холбогдуулан Солонгосын иргэнд эрүү­гийн хэрэг үүсгэсэн гэсэн. Энэ хэрэг юу болсон бэ?

-Эл хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. Осол гаргасан жолооч нь солонгос хүн биш. Энэ тухай буруу мэдээлэл гарсан байна билээ.

-Өнгөрсөн лхагва га­рагт “Алтан элс” хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 12 хүн эм, тариандаа хордсон нь нэлээд шуугиан тариад байгаа. Энэ хэрэг дээр цагдаагийнхан ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Баянгол дүүргийн зур­гаадугаар хорооны нутаг дэвсгэр буюу 10 дугаар хороололд байрлалтай “Алтан элс” хувийн эмнэлэгт эмчлүүлж байсан 12 хүн эм, тариандаа хордлоо гэсэн дуудлага энэ сарын 5-ны орой ирсэн. Энэ мэдээллийн дагуу Онцгой байдлын хэлтсийн аврагчид, цагдаагийн алба хаагчид яаралтай арга хэмжээ авч, дээрх хүмүүсийг дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлүүдэд хуваарилан хэвтүүлсэн. Улмаар эл хэрэгт холбогдуулан тус эмнэлгийн удирдлагуудыг шалгаж байна.

-Тэгэхээр хордсон гэх өвчтөнүүдэд ямар тариа хэрэглэсэн юм бол?

-Энэ асуудал шалгагдаж байгаа болохоор тодорхой зүйл хэлэх боломж алга даа.

-Мөн цагдаагийн ажилтны биед халдсан гэсэн хэрэг гарсан гэсэн. Энэ тухай тодруулаач?

-Сүүлийн үед зам тээврийн ослоор болон санамсаргүй байдлаар олон хүн амиа алдаж байна. Зодооны хэргүүд ч нэлээд гарч байгаа. Өнгөрсөн пүрэв гарагт Сонгинохайрхан дүүргийн ХIХ хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хишигт од” нэртэй шөнийн клубийн гадаа 31 настай Б гэгч шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжилж, дүрэмт хувцсыг нь урж зодсон хэрэг гарсан.

Иймээс иргэдийг архи, согтууруулах ундааг зөв зохистой хэрэг­лэж байхыг цагдаагийн байгууллагаас удаа дараа анхааруулж байгаа.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих