ГЭМТЛИЙН ЭМНЭЛЭГТ ХАЛДВАР ГАРАХАД ОЙРХОН БОЛЖЭЭ

Түлэнхийн төв Гэмтэл, согог судлалын үндэсний төвд нүүж ирснээс хойш гурван сар гаруйн хугацаа өнгөрлөө. Түлэнхийн төвийн байранд үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарснаас хойш жилийн дараа эмнэлэг нүүсэн нь энэ. Эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байсан өвчтөнд эмчилгээ хийхээр өөр тасаг руу авч явсны дараахан тус өрөөний тааз тэр чигтээ нурж унасан гэнэ. Ийм эрсдэл дунд Түлэнхийн төв ажиллаж байжээ. Одоо төв эмнэлэг рүүгээ нүүсэн ч байдал сайнгүй байна. Түлэнхийн төвийг эмнэлэгтээ шингээхийн тулд Тархи, нуруу, нугасны 80 ортой тасгаа бусад тасагт тараан байршуулж, Түлэнхийн төвийг оруулжээ.

150 ортой байсан Түлэнхийн төв өдгөө 80 ортой ч, орныхоо тооноос олон хүн хэвтүүлэн эмчилгээ хийж байна. Тус тасагт хэвтэгчдийн 70 гаруй хувь нь 0-5 насныхан. Эцэг, эхийн анхаарал муугаас халуун хоол, цайнд түлэгдсэн, химийн хортой бодис уусан хүүхдүүд шархандаа шаналж байна. Өчигдрийн байдлаар эмнэлгийн хонгилд гурван хүүхэд сахиуртайгаа хэвтэж байв. Ачаалал дунд зэрэг байгаа нь энэ гэж ээлжийн сувилагч хэлсэн. Сэхээн амьдруулах тасагт эгнүүлэн тавьсан долоон ор бүгд хүүхэдтэй. Хүүхэд бүр сахиуртай гэхээр 10х12 метрийн хэмжээтэй өрөөнд 14 хүн хэвтэж байна.

Жирийн тасагт 12 хүүхэд, сахиуртайгаа 24 хүн байна. Тус тасагт ой дөрвөн сартай хүүхэдтэйгээ хэвтэж байгаа М.Наран-Эрдэнэ, Хүү бид хоёрт ор олдохгүй хонгилд хэвтэж байгаад тасагт орсон. Нэг өрөөнд олуулаа байхад агаар дутагдаад хэцүү байна. Дээр нь хүүхдүүд шархандаа эмзэглэж уйлаад, бие биенээ сэрээнэ. Гэхдээ гэртээ байснаас эмнэлэг бараадсан нь дээр юм. Бид хоёр эмнэлэгт долоо хонолоо гэв.

Түлэнхийн төвийн буйран дээр 220 ортой, орчин үеийн шаардлага хангасан эмнэлэг барихаар зураг төслийг нь гаргажээ

Д.Отгон, Би ой есөн сартай хүүгээ авч хэвтсэн. Сэхээний тасгаас энгийн өрөө рүү шилжсэн. Жижигхэн өрөөнд дөрвүүлээ, сахиуртайгаа наймуулаа байгаа. Өрөө жижиг, агаар дутагдаад амаргүй л байна. Гэхдээ эмнэлэгт хэвтсэнээр хүү минь сайжирч байна гэлээ. Хүлээн авах тасагт өдөртөө дунджаар 7-8 хүн ирдэг. Эмнэлэгт ор хүрэлцээгүй учир хүнд хүмүүсээ л хэвтүүлж, бага түлэгдсэн бол эмчилгээ хийгээд буцаахаас өөр аргагүй байгаа тухайгаа Түлэнхийн төвийн дэд захирал М.Бат-Оргил ярьсан.

Гэмтэл, согог судлалын үндэсний төв 420 ортой. Улсын хэмжээнд гэмтлийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг ганц эмнэлэг учир хэзээнээс л ачаалал ихтэй. Гэмтлийн нэг өвчтөнд дунджаар 5х7 метрийн талбай ногдох ёстой. Гэтэл ачаалал хоёр дахин нэмэгдсэн. Нэг өрөөнд найман хүн хэвтэхийн хажуугаар найман сахиур байна. Ийм хүнд үед орны тоог 100-гаар нэмсэн нь төв эмнэл гийн тусламж үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байгаад эмч мэргэжилтнүүд санаа зовж буйгаа хэлж байв.

“Одоо хөлдөлт, хальтиргаа гулгаа ихэснэ. Манай эмнэлгийн зургаан давхар байшин бүх давхартаа мэс заслын тасагтай учир ариун байх учиртай. Гэтэл өнөөдөр түлэгдэж, шарх нь идээлснээс гарч байгаа нян манай эмнэлгээр тархаж байна. Үүнээс болж манайд халдвар хамгааллын дэглэм алдагдах аюулын түвшинд ирлээ. Эмнэлгийн дотоод халдвар гарах эрсдэл өндөртэй болоод байна” гэж ГССҮТ-ийн ерөнхий захирал С.Отгонгэрэл ярилаа.

Түлэнхийн төвийн хуучин барилгыг нураагаад, суурин дээр нь 220 ортой, долоон давхар эмнэлэг барихаар зураг төслийг нь гаргажээ. Техник эдийн засгийн үндэслэл нь ирэх долоо хоногт бэлэн болох гэнэ. Барилга барихад шаардлагатай тусгай зөвшөөрлүүдийг эмнэлгийн захиргаа бүрдүүлжээ.

ГССҮТ-ийн удирдлагууд Түлэнхийн төвийн барилгыг Концессийн гэрээгээр гүйцэтгүүлбэл илүү хурдан босно гэж тооцоолон салбарын яамандаа хандсан ч өнөө хэр нь шийдтэй хариу өгөөгүй. Түлэнхийн төвийн хуучин байрыг нураах, шинэ барилгыг хэнээр бариулах зэрэг асуудлыг эмнэл гийн удирдлагуудтай хамтран Эрүүл мэндийн яам шийдвэрлэх ёс той. Санхүүжилтийг нь төрөөс гаргах учиртай. Хуучин байшинг нураахад 260 сая төгрөг шаардлагатай гэнэ. 1957 онд барьсан Түлэнхийн төвийн байранд анх Хятад, Монголын “Найрамдал” эмнэлэг байгуулагджээ.

1974 онд Нэгдүгээр эмнэлгээс Гэмтлийн эмнэлэг салж, тэр байранд орсон байна. Харин 1989 онд шинэ байр ашиглалтад ороход Гэмтлийн эмнэлэг нүүж ирсэн юм билээ. Тэгэхэд хуучин байраа түлэгдэл болон сэдрэлтэй эмгэгийг эмчлэх эмнэлэг болгон үлдээжээ. Түлэгдлийг гэмтлээс тусгаарладаг нь олон улсын жишиг аж. Аль ч улс оронд түлэгдлийг эмчлэх төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг байдаг. Түлэгдэл гэдэг үе шаттай удаан хугацааны эмчилгээ шаарддаг. Манайд ихэвчлэн ахуйн түлэгдэл гарч байна.

Сүүлийн үед химийн түлэгдэл ихсэх хандлагатай. Их хэмжээний түлэгдлийн дараа хоёр гурван үе шаттай эмчилгээ хийх шаардлагатай. Тиймээс шаардлага хангасан эмнэ лэг хэрэгтэй байгаа гэнэ. “Түлэгдэл гэдэг ил шарх гэсэн үг. Арьс бүрэн бүтэн байдлаа алдаж түүгээр нь биед хэрэгтэй бичил элементүүд гадагшилдаг. Тийм болохоор хурдан хордлогод ордог, аминд халтай эмгэг. Дэлхий дахинд 60-70 хувийн түлэгдэлтэй хүн нас барахаа больжээ. Гэтэл манайд 40- өөс доош хувийн түлэгдэлтэй хүн нас бараад байгаа.

Энэ нь барилга байгууламж, тоног төхөөрөмж, эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадвартай холбоотой. 60 хувийн түлэгдэлтэй хүнийг аврахын тулд тоноглогдсон эрчимт эмчилгээний тасаг байх ёстой. Нэгдүгээрт амийг аврах, хоёрдугаарт түлэгдлийн дараах сорвийг эмчлэх мэс заслын эмчилгээний арга бий. Түлэгдсэн хүнд цаг алдалгүй донорын арьс шилжүүлэн суулгадаг болсон. Мөн арьс өсгөвөрлөөд суулгах болсон. Тэр аргуудыг бид нэвтрүүлэх хэрэгтэй. Тэгэхийн тулд шаардлага хангасан байр, лаборатори хэрэгтэй.

Бид Америк, Франц, Солонгосын Түлэнхийн төвүүдтэй холбоотой ажилладаг. Барилгаа эхэлбэл эмч, мэргэжилтнүүдээ өндөр хөгжилтэй орнуудад сургах боломжтой” гэж С.Отгонгэрэл захирал ярьж байна. Түлэгдсэн хүний арьс үхэжнэ. Тэгэхэд дор нь хагалгаа хийгээд арьс нөхдөг. Түлэгдсэн хүнд зориулсан хоол тэжээл хүртэл өөр. Тиймээс гэмтэл, согогын эмчилгээнд хэрэглэх олон нэмэлт үйлчилгээг шинэ цогцолбортоо багтаахаар зураг төслөө хийлгэжээ. Ясны хорт хавдрын үед яс шилжүүлэн суулга даг. Тийм мэс засалд бэлтгээд амьтай ба амьгүй донорын арьс авдаг болъё.

Тэрийг хадгалдаг яс, зөөлөн эдийн банк байгуулъя гэх мэтээр үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Түлэнхийн төвийн зураг төслийг хийл гэсэн. Үүнийг дагаад орон тоо ч нэмэг дэх ёстой. Түлэгдсэн нэг хүнд 1-2 сувилагч, нэг эмч байх ёстой. Тэгж хүний амь авардаг гэж мэргэжлийн эмч ярилаа. Манайд түлэгдэл голдуу хоёрдогч хүндрэл буюу шарх нь халдварлан хүндэрс – нээс нас барж байгаа. Нас баралтын 80 хувь нь бага насны хүүхдүүд. Түлэнхий гэдэг маш том эмгэг. Жижигхэн ч гэсэн түлэгдэхэд 10-20 жилийн дараа эд эсийн өөрчлөлтөд оруулдаг.

Гадаадад эмчлүүлэхэд 100, 200 гаруй сая төгрөгийн өртөгтэй байдаг гэнэ. Манай улс Түлэнхийн төвөө байгуулчихвал шаардлага хангасан бүх эмчилгээг хийхээр төлөвлөж байна. Түлэнхийн төвөөр түлэгдсэн, хөлдсөн, нохойд хазуулсан жилд 2300 орчим хүн үйлчлүүлдгийн 80 орчим хувь нь түлэгдсэн хүмүүс. Түлэгдсэн хүмүүсийн 70 орчим хувь нь 0-5 насныхан. Жилд 50-иад хүүхэд түлэгдлээс болж нас бардаг гэсэн сэтгэл сэрдхийлгэм тоог эмчээс сонсов.

Одоо эмнэлгийн шинэ барилгыг яаралтай эхлэх, өвлөөс өмнө хуучин байрыг нурааж, газрыг нь чөлөөлөх зэргээр амжуулах ажил олон байна. Ачаалал нэмэгдэх нь эмнэлгийн халдвар хам гааллын дэглэм алдагдах гол шалт гаан болдог. Дээр нь түлэгдлийн шарх агаар бохирдуулдаг, нян үржих таатай орчин болдгийг гэмтлийн мэргэжлийн эмч нар олонтаа хэллээ. Ийм үед хүн ардынхаа амь нас, эрүүл мэндийн төлөө шинэ Засгийн газар анхаарал тавьж, энэ асуудлыг шуурхай шийдвэрлэх хэрэгтэй байна.

Э.ЭНХ

mongolnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих