Г.Алтаншагай: Хүмүүс намайг PSY-тэй адилхан гэдэг
“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид шинэ тоглолтын бэлтгэлдээ орчихсон байгаа. Агаа нь Ганган стильтэй хэмээн тоглолтын рекламаа хийж байгаа монгол PSY буюу жүжигчин Г.Алтаншагайтай уулзлаа.
- Сайхан намаржиж байна уу? Шинэ тоглолтоо хүргэх гээд завгүй байгаа байх.
- Наадмын дараа арав хоног амарсан. Тэгээд шинэ тоглолтынхоо бэлтгэлийг тасралтгүй хийж байна даа. “Амьдрал өөрөө бэлэг” нэртэй шоу драм энэ сарын 20-оос эхлэн тоглогдоно.Тус тоглолтод Мөрөөдлийн театрын залуу уран бүтээлчид болон жүжигчин Аяа буюу Алтанцэцэг оролцож байгаа.
- Монгол Gangnam style-ийг бий болгосон.
- PSY Gangnam style дууг дэлхийн олон оронд дуулж, пароди хийж байгаа. Бид хуулбарласан биш энэ нь тусдаа нэг урлагийн төрөл юм. Мөн манай хамтлагт энэ дууны клипэд тоглосон хүмүүстэй гадаад төрхөөрөө ижилхэн хүмүүс байгаа онцлогтой. Хүмүүс намайг PSY-тэй адилхан гэдэг. Дууны үг бол дэлхийд байхгүй хэлээр дуулсан. Би өөрөө ч дахиж дуулж чадахгүй байгаа шүү. Тус клиптэй яг адилхан обеькт, хувцас, клипэд оролцсон хүмүүс гээд маш өргөн баг энэ дуун дээр ажилласан. Зураг авалтыг арав гаруй хоног хийсэн.
- Шинэ тоглолтын нэр нь содон байна л даа.
- “Мөрөөдлийн театр” монголд анх удаа шоу драм гэдэг шинэ төрлийн тоглолтыг хийх гэж байна. Энэ нь драм, шоу үзүүлбэртэй сонирхолтой байх юм. Тоглолтын нэрхий хувьд хүний амьдралд ямар ч зүйл тохиолдож болно. Хүн энэ хорвоогийн тоосыг хөдөлгөж амьдарч байгаа нь хүн өөрөө амьдралын бэлэг юм гэсэн утгатай.
- Жүжгийн ерөнхий найруулагчаар ямар уран бүтээлч ажиллаж байгаа вэ?
- Манай тоглолт хоёр зохиолч, хоёр найруулагч, зураачтай гэдгээрээ онцлог болж байна. Үзэгчид хоёр өөр мэдрэмжийг авч үзэх болно. Найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Б.Наранбаатар ажиллаж байгаа.
- БНСУ-д Олон Улсын театрын фестивальд оролцоод ирсэн.
- ОХУ-д болох Олон улсын фестивальд он гаргаад оролцох төлөвлөгөөтэй байна. Мөрөөдлийн тетарын жилийн төлөвлөгөөний дагуу тоглолтууд явагдана.
- Хамтлагаасаа Батаа та хоёрт рекламад тоглох санал их ирдэг байх. Сүүлийн үед санал их ирж байна уу?
- Одоо хамтлагийн тоглолтын ажил хамгийн чухал байна. Хоёр, гурван байгууллагатай рекламын хувьд гэрээтэй ажиллаж байгаа. Киноны саналууд ирж байгаа.
– Инээдмийн киноны санал их ирж байна уу?
- Сүүлийн үед инээдмийн киноны санал ирж байна. Жүжигчин хүн түүхэн, драм, инээдэм гээд бүр дүрд тоглодг байх хэрэгтэй гэж боддог. Тийм болохоор инээдэм, драм, түүхэн дүрийн аль алинд тоглосон.
URL: