Өвдөг нь “шалбарсан” ч хоосон хоцорсонгүй

Н.Алтанхуягийг олон хоног гороолсон зарим нэгэн санасандаа хүрч чадлаа.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар яамдын Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчдийг томилсон. Түр нэртэй эдгээр эрхмийг удахгүй “жинхлэх” талаар саарал ордонд цуурч байна. Үнэндээ ч УИХ-ын экс гишүүд түр зуурын суудал дээр тухлаад өнгөрөх эрхмүүд мөн үү, биш үү. Сонгуулиас хойш хоёр сар гаруйн хугацаанд Н.Алтанхуягийн үүдийг сахихдаа тур зуурын аадар бороонд барих шүхэр гуйгаагүй нь хэнд ч ойлгомжтой.

Хэдийгээр эх баригч нам бялууны орцыг нэмэгдүүлэхийн тулд яамдын тоог олшруулсан ч нэмэр болсонгүй. Уг нь Төрийн тэргүүний үгэнд орж, танхимын гишүүдээ тойргийн гаднаас бүрдүүлсэн бол олон аавын хүүгийн амыг таглах байлаа. Харамсалтай нь, фракци ихтэй энэ намд олон дарга байдаг юм хойно Н.Алтанхуяг ацан шалаанд орж, ардчилсан Ерөнхийлөгчийн үгийг үнэгүйдүүлэн байж, шинэчлэлийн Засгийн газраа бүрдүүлсэн. Иймээс дэд сайдын сэнтий тэнгэрт хадах нь тэр. Түүнээс биш өнөөдрийн Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч нар уг нь сайд, дэд сайдын сэнтий рүү мөлхөж явсан нөхдүүд. Гэвч намын жагсаалтад эрэмбэлэгдсэн нөхдүүд тэдэнд завсар зай гаргаагүй юм.

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн түр орлон гүйцэтгэгч П.Алтангэрэлийн тухайд Дорнод аймагт нэр дэвшсэн боловч хамраараа шороо үмхсэн нэгэн. Багш мэргэжилтэй тэрбээр Боловсролын сайдын суудалд ихээхэн санаархаж байсан ч Л.Гантөмөрийн урд гарч чадаагүй юм. Өмнөх парламентад гишүүн байхдаа Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд төрөөс орон сууцаар хангуулсан цөөн гишүүдийн нэг. Ам нээх бүртээ Н.Алтанхуягийг өмгөөлч, хамгаалж байдгийг нь хуучин “ангийнхан” нь андахгүй. Иймд хоосон үлдээхгүйн тулд Ойн корпорацийн захирлаар нь томилох яриа гарч байсан удаатай. Засгийн газрын бүрэлдэхүүнд багагүй өөрчлөлт хийж олон агентлагуудыг татан буулгасан. Харин үүний зэрэгцээ зарим төрийн өмчит компани, корпорациудыг байгуулсан юм. Үүний нэг нь Ойн корпораци. Гэвч мань хүн дэд сайд болохыг санаархаж энэ саналыг хүлээн аваагүй гэх. Хэрэв түүнд дэд сайдын суудал амлавал намын жагсаалтад эрэмбэлэгдсэн нөхдүүд Н.Алтанхуягийг “барьж иднэ”. Иймд намын даргынх нь хэлсэнчлэн эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйн тулд Төрийн нарийн болгож байгаа нь энэ.

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч Р.Эрдэнэбүрэнгийн хувьд 2004 оны хамгийн залуухан УИХ-ын гишүүнээр тодорч байсан нэгэн. Өнгөрсөн хугацаанд АНУ-д суралцаж, мэдлэг боловсролоо дээшлүүлсэн төрсөн нутаг Дундговь аймагтаа нэр дэвших санаатай байсан ч “тийз” олдоогүй. Ганц мандаттай энэ тойргийн төлөө АН дотор бараг “дайн” гарсан гэхэд хилсдэхгүй. Иймээс мань хүнийг намын жагсаалтын 18-д оруулсан боловч улаан зураасны хойно үлдсэн юм.

Эх орон намын дарга Б.Эрдэнэбатын туслах байсан шавилхан залуу 2004 оны сонгуулиар од шүүрэн УХХ-ын гишүүнээр сонгогдсон түүхтэй. Гэсэн ч удалгүй даргаасаа нүүр буруулж АН-д элссэн намтартай. Гишүүн байх хугацаандаа “памперстай бацаан”, “мөхөөлдөсний жаал” гэж цоллуулах нь олонтаа. Мань хүнийг намын листэд багтаасан тул хоосон үлдээвэл “урваж” мэдэх аюултай нөхөр тул яамны төрийн нарийн бичгийн суудал өгч, бат араанд нь хийж буй нь энэ бололтой.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч Х.Золжаргал Орхон аймагт нэр дэвшсэн боловч О.Содхүүд далаараа тавиулсан нэгэн.Хүнс хөдөө, аж ахуйн дэд сайд байсан тэрбээр салбарынхаа сайдаар томилогдох гэж олон хүнийг түлхүүрдсэн ч үр дүн гараагүй юм. Мань хүн тойргийнхондоо дуучин Д.Болдыг нутагтаа урьж, сонгогчдынхоо сонорыг мялаасан гэх. Нэг хэсэгтээ л Д.Болдоор “гангарч”, өөрийгөө сурталчилсан ч сонгогчид түүнд итгэл үзүүлээгүй. Ноосоо тушаачихлаа, ажлаа өгөөд л  сонгуульд нэр дэвшсэн түүнийг Н.Алтанхуягийн танхимд багтах хамгийн өндөр магадлалтай хүн хэмээн улс төрийн хүрээнийхэн таамаглаж байсан. Гэвч танхимын нөхдүүд дотроосоо томилогдсон тул түүнд завсар гараагүй гэх. Иймээс Н.Алтанхуяг түүнд Төрийн нарийн бичгийн даргын сэтэр хайрлаж буй нь энэ аж.

Бусад нөхдүүдийн хувьд фракцийн нөлөөлөл бүхий дараагийн ээлжнийхэн. Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч Р.Жигжид нь Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бvрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан. Арлын оронд болсон цунамигийн үеэр Элчин сайд Р.Жигжид нутагтаа байж таарсан гэдэг. Мэдээллийг авсан даруйдаа “түргэн авч” яаралтай Нарита руу хөөрчээ. Харин энэ үйл явдлаас үүдэн түүнийг “Цунами Жигжид” гэсэн хочтой болсон гэлцэх нь бий. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч Ж.Батболд нь биологич, биологийн ухааны доктор нэгэн. АН-ын ҮЗХ-ны гишүүн. Намын листэд эрэмбэлэгдсэн ч аз тутсан гэж хэлж болно.  Учир нь мань хүн листийн 20 дугаарт эрэмбэлэгдсэн юм. Гэхдээ намын жагсаалтад багтсан эрхмүүдийг хоолтой болгоно гэх амлалтаа Н.Алтанхуяг биелүүлж байгаа нь энэ. Ш.Булга-Эрдэнэ нь Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд дарга. Сонгуулийн 23 дугаар тойргийн хорооны нарийн бичгийн дарга бол Б.Батзаяа “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал.

Л.НИНЖСЭМЖИД

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих