АН-ынхан МАН-ын гишүүн эзэнтэй компаниудыг ангуучилж эхлэв үү
Хэд хоногийн өмнө барилгын кран унаснаас 12-хон настай гэмгүй хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг болсон. Энэ тохиолдол нь нийслэлд барилгын ажил замбараагүй болсныг харууллаа. Угаасаа л тийм. Зарим нэг нь мэдсэн ч мэдээгүй мэт, түүнд хутгалдсан ч хутгалдаагүй мэт явсаар ийм харамсалтай хэрэг гаргахад хүргэсэн. Монголчуудын зан л болсон хойно золгүй явдал болсны дараа “Нээрээ тийм байж шүү дээ” гэж ухаарна. Энэхүү золгүй явдлаас улбаалан шинээр сонгогдсон хотын удирдлага Улаанбаатар хотод барилга барих эсвэл газар эзэмших зөвшөөрөлгүй эхэлсэн 70 гаруй барилга байгууламжийн ажлыг бүрмөсөн зогсоох шийдвэрийг гаргаад байгаа юм.
Өнгөцхөн дүгнэвэл энэ ажил үнэхээр зөв харагдаж байна. Гэхдээ үүний цаана өнөөх л улс төрийн хар сүүдэр нуугджээ гэсэн сэжиг төрөх. Учир нь үйл ажиллагааг нь бүрмөсөн хааж байгаа барилгын эздийн ихэнх нь МАН-ын гишүүд, байгаа юм. Тухайлбал, МАН-ын гишүүн, томоохон хандивлагчдын нэг “Гацуурт”-ын гэх тодотголтой Л.Чинбатын Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын зүүн талд баригдаж буй 12 давхар орон сууцны үйл ажиллагааг бүр мөсөн зогсоожээ. Л.Чинбат “Гацуурт” компаниа 1993 онд үүсгэн байгуулсан бөгөөд өдгөө “Гацуурт” ХХК геологи, уул уурхай, газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, барилга, гадаад дотоод худалдаа, спорт сургууль, телевиз гэсэн есөн чиглэлд 25 салбар, аж ахуйн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж, 1000 гаруй хүнийг ажлын байраар хангадаг байна.
МАН-ын гишүүн эзэнтэй дараагийн барилгын компани бол МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Б.Амарсанаагийнх юм. Түүний барьж буй барилга нийслэлийн удирдлагын зүгээс чанаргүй хэмээн үнэлэгдэж үйл ажиллагаа нь зогсохоор болсон байна. Б.Амарсанаагийн хувьд МАН-ын дарга асан С.Батболдын зөвлөх бөгөөд өнгөрсөн сонгуулиар Дундговь аймагт өрсөлдөөд ялагдал хүлээсэн. Түүнийг МАН-ын залгамж халаа шилдэг залуучуудын нэг гэлцдэг.
Үйл ажиллагаагаа бүрмөсөн хаалгахаар болсон барилгын компанийн тоонд “Эко констракшн” ХХК-ийн захирал С.Нямдаваагийн Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд баригдаж буй “Голден парк”хотхоны гуравдугаар ээлжийн барилга юм. Тус барилгын заслын ажил хийгдэж байсан байна. “Эко констракшн” ХХК-ийн захирал С.Нямдаваагийн хувьд МАН-ын гишүүн бөгөөд М.Энхболдын фракцад багтдаг.
Барилга нь чанаргүй хэмээн байнга л хэл аманд өртөж ирсэн. Бүр “Голден Парк” хотхоны оршин суугчид нь гэртээ суухдаа үстэй дээл, үнэгэн малгай өмсөж, өвлийг зутруухан давсан гэх мэдээлэл цацагдаж байсан. Тэрбээр нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн. НИТХ гэхээсээ илүүтэйгээр барилгын ажилдаа илүү анхаарч байв. Барилгын ажилдаа цэг тавих болсон бас нэгэн барилгын эзэн бол”Өндөр буянт холдинг” ХХК-ийн захирал Н.Төмөрхүү бөгөөд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Гадаад хэргийн яамны зүүн талд 16 давхар барилга барьж байв. Тэрбээр МАН-ын байр болох “Тусгаар тогтнолын ордон” болон Зайсангийн аман дахь шинэ хороолол, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын шинэ байр, Улаанбаатар зочид буудлын өмнө сүндэрлэх шинэ оффис үйлчилгээний төв зэргийг барьжээ.
Тэрбээр өнгөрсөн сонгуулиар Өвөрхангай аймагт нэр дэвшиж, ялалт байгуулсан ч гишүүний эрхээ өвөртөлж чадалгүй маргаан дагуулсан. Түүнийг сонгуулийн үеэр хууль зөрчсөн хэмээн шүүхэд өгөөд байгаа юм. Одоогоор Нийслэлийн шүүхээс түүнийг хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гараад байгаа.
Дараагийн барилгын эзэн бол “Макс” группын Д.Ганбаатар. Баянгол зочид буудлын баруун хойд талд “Болор мэлмий” нүдний эмнэлгийн суурин дээр барьж байгаа түүний 17 давхар барилгын үйл ажиллагааг зогсоохоор болсон байна. “МАКС” группийн захирал Д.Ганбаатарын хувьд МАН-ын гишүүн байсан бөгөөд намаа сольж, өнгөрсөн сонгуулиар Говь-Алтай аймагт МАХН-аас нэр дэвшээд ялагдал хүлээсэн юм.
У.Сарангэрэл
”Улаанбаатар таймс”
URL: